Сурвалжилга, Нийтлэл

ДАРАМТ: "Даргатайгаа хэзээ уулзах юм, би чамаас хайр халамж хүсч байна” зэрэг мессэж бичжээ

-АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТТАЙ ХОЛБООТОЙ НАЙМАН ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧЭЭ-

ХЭҮК-ийн 18 дугаар илтгэлээс Ажлын байран дахь бэлгийн дарамтын нөхцөл байдал сэдвээс мэдээлэл бэлтгэлээ. ХЭҮК чиг үүргийнхээ хүрээнд сүүлийн гурван жилийн хугацаанд ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой найман гомдол хүлээн авч, шалгаж шийдвэрлэжээ.

Тохиолдол: .....дугаарын утаснаас “...даргатайгаа хэзээ уулзах юм, санаа зоволтгүй, бид нас биед хүрсэн эр, эм хүмүүс. Би чамаас хайр халамж хүсч байна. Чи сэтгэл гаргавал би чадах бүхнээ хийнэ. Би чамайг маш их хүсдэг, ойлгооч муу даргыгаа. Хүүе! Чи даргатайгаа хэзээ уулзах юм? Чамайг 3 жил хүлээж байна. Би чамд татагдаж байна. Ганц удаа тэгэх үү, ахиж чамайг зовоохгүй...Чи халагдсан, коммунист зулбасга, ямар ч сэтгэл байхгүй чи муу баас ХУ намын хулгайч нарын хүүхэд, би чамайг ажилд авдаг буруудсан байна. Ямар ч байсан ажлаа ол, чамайг ажиллуулахгүй...” гэх зэргээр 46 мессежийг  дарга С надад удаа дараа илгээж улмаар орон тоог цомхотгох үндэслэлээр ажлаас халсан. Комисст ирүүлсэн иргэн А-гийн гомдлоос

Дарга С нь ажилтан А-д Ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлж, улмаар түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэл бүхий баримтаар тогтоогдсон тул С-д хариуцлага тооцуулахаар дээд шатных нь удирдлагад Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу шаардлага хүргүүлж, шаардлагын дагуу С-д сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Тохиолдол: Иргэн Ү Комисст хандан гаргасан гомдолдоо “...Миний бие 2017 онд ... байгууллагад диспетчерээр ажилд орсон бөгөөд ажилд орсон өдөр инженер Ш “чамайг дарга нартай танилцуулж өгье, чи ахиж дэвшиж ажиллая гэвэл надтай уулзах хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгээд маргааш өдрөөс эхлэн миний гар утас руу байнга залгаж эхэлсэн. Намайг шөнийн ээлжтэй үед ажил дээр ирж “хайр аа, ядарч байна уу” гээд гараас барьж, гуя, нуруу илэх зэргээр миний биеийн эмзэг хэсэгт хүрэхэд нь намайг уурлаж дургүйцэхээр “чам дээр ирээд гацна гэж байхгүй шүү, хөгийн муу хүүхэн” гэж харааж загнаад юм өшиглөж, хана цохиж, над руу нулимж доромжилдог. Инженер Ш нь надад байнга ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлж, хэвийн ажиллах нөхцөл боломжгүй болгосон тул энэ асуудлаар байгууллагын удирдлага болон ёс зүйн хороонд өргөдөл гаргасан боловч шийдвэрлэхгүй байна” гэжээ.

Баримтуудаар инженер Ш нь диспетчер Ү-д ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлж, түүний эрхийг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон тул Ш-д хариуцлага тооцуулахаартус байгууллагындаргадКомиссын гишүүний бүрэн эрхийн дагуу шаардлага хүргүүлж, шаардлагын дагуу түүнийг ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Тохиолдол: ...байгууллагын дарга  Н байнга эмэгтэй албан хаагчдад ажлын байрны бэлгийн дарамт учруулдаг талаар албан болон албан бусаар яригддаг боловч ямар нэг хуулийн арга хэмжээ авдаггүй, тэр байтугай албан тушаал байнга дэвшиж байдаг. Дарга Н нь эмэгтэй хүнийг ...зөвхөн дур хүслийг нь хангагч мэтээр авирлаж харьцдаг...

Тухайн байгууллагын ажилтан Э Комисст хандаж гаргасан гомдолд “албан үүргээ гүйцэтгэж байх үед шөнийн 22 цагийн үед намайг дуудаж өрөөндөө оруулсан юм. Тухай үед Н дарга архи уучихсан байсан. Тэгээд миний толгой өвдөөд байна. Толгой бариад өг гэхээр нь толгойг нь бариад гарах гэтэл миний гараас бариад намайг үнсэх гэсэн. Би гарыг нь тавиулах гэтэл тавихгүй байхаар нь даргаа би гарчихаад ороод ирье гэж хэлээд гарсан. Тэгтэл өглөө 6 цагийн үед дахин намайг дуудаж өрөөндөө оруулаад дахин үнсэх гэж дайрсан” гэжээ.

      “Мөн ... байгууллагын ажилтан Б, түүний эхнэр Т нар  хамт ажилладаг бөгөөд дарга Н шөнийн 3 цагийн үед эхнэр Т руу нь “хаана байна, би одоо л орж ирж байна” гэж мессеж бичсэн бөгөөд үүнээс болж Б эхнэр Т-тай маргалдаж улмаар Б цагдан хоригдож, цагдаагийн байгууллагад шалгагдсан” гэжээ.   Комисст  ... байгууллагын эмэгтэй албан хаагчдаас ирсэн гомдол, мэдээллээс

Тохиолдол: Хууль, дүрэм, журам тус сургууль дээр хэрэгждэггүй. Ажлын байран дээр архидах, завхайрах явдал хэрээс хэтэрч байгаа. Ажлын байран дээр байнга сэтгэл зүйн дарамт үзүүлдэг. Жишээ нь: Ажлаасаа гар, зайл. Оронд нь ажиллах хүн байна гэх мэтээр хувийн үзэл бодол таарахгүй хүмүүсийг удирдлагууд дарамталдаг. Захиргааны ажилтнууд эмэгтэй багш нар болон оюутнуудад уулзах санал хүчээр тавьж, шахалт үзүүлдэг. Уулзахгүй бол элдэв хов живэнд оруулна гэж дарамталдаг. Сургууль нийтээрээ энэ асуудлыг мэддэг ч зоригтой дуугарч хэлж чаддаггүй. Захиргааны залуу эмэгтэй ажилтнууд энэ асуудлаас болоод ажлаасаа гардаг ч юм бил үү гэсэн бодолтой болсон.    Их сургуулийн багш ажилтнуудтай хийсэн ганцаарчилсан ярилцлагын тэмдэглэлээс

Тохиолдол: Энэ талаарх мэдлэг муу. Энэ хуулийн хэрэгжилт ч гэсэн маш муу. Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудал гарч байсан талаар сонсож байсан. Тухайлбал манай сургуулийн багш эмэгтэй оюутнуудад бэлгийн дарамт хэд хэдэн удаа учруулж байсан гэж дуулсан. Мөн өргөдөл өгсөн оюутнуудаа дарамталж өргөдлийг нь буцаан татуулсан учраас уг асуудлыг ёс зүйн хороогоор хэлэлцээгүй орхисон. Манай захирлын талаар ийм асуудал гарсан гэж сонссон.   

Их сургуулийн оюутнуудын фокус бүлгийн ярилцлагын тэмдэглэлээс

Тохиолдол: Жендэрийн талаар ерөнхий ойлголттой байдаг боловч энэ хуулийн талаар мэдээлэл байхгүй. Энэ чиглэлийн сургалт, хэлэлцүүлэгт оролцож байгаагүй. Манай байгууллага дээр зохион байгуулагдаагүй. 2018 онд хүчингийн хэрэг гарч байсан. Хэрэгт холбогдсон этгээд одоо ажлаа үргэлжлүүлж хийгээд явж байгаа нь сэтгэл зүйн хувьд хэцүү байдаг. Ийм явдал дахин гарахыг үгүйсгэхгүй. Ажлын байран дээр бэлгийн харьцаанд орж байсан, түүнийг нь мэдсэн хүмүүс байдаг ч арга хэмжээ авч байгаагүй. Дээрх шалтгаанаар ажлын бус цагаар ялангуяа оройн цагаар сууж ажиллахад түгшүүртэй байдаг.  Их сургуулийн багш, ажилтнуудтай хийсэн ганцаарчилсан ярилцлагын тэмдэглэлээс.

Тохиолдол: Санамсаргүй бөгөөд санаатайгаар хөх, өгзөг гэх мэт эрхтэнд хүрч, баздаг...

Төрийн байгууллагын ажилтантай хийсэн ярилцлагаас

-АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТАД ӨРТСӨН ХОХИРОГЧООС НОТЛОХ БАРИМТ ШААРДДАГ-

Ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн хохирогч гомдлоо шийдвэрлүүлж чадахгүй байгаа гол шалтгаан нь хохирогчоос нотлох баримт шаарддаг, хохирогч хамгаалал, аюулгүй байдал баталгаагүй, хувийн нууцлал, мэдээлэл алдагддаг, тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой тусгадаггүй, ёс зүйн зөрчил болон байх ёстой зүйл мэтээр үзэх хандлага зэрэг хүчин зүйлс юм. 2016 онд хийсэн цахим судалгаагаар ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн хохирогчдын 97.5 хувийг эмэгтэйчүүд, 2.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байсан бөгөөд ажлын байран дахь бэлгийн дарамт үйлдэгчдийн 97.5 хувь нь эрэгтэйчүүд, 87.4 хувь нь дээд боловсролтой, 69.2 хувь нь удирдах албан тушаалтнууд байна гэжээ. Боловсролын салбарт ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх түүнийг илэрсэн даруйд таслан зогсоох талаар тодорхой бодит ажил хийх шаардлагатай байна. Их, дээд сургуулиудад бэлгийн дарамт ноцтой асуудал болоод байгаа ч байгууллагын зүгээс ямар нэг үр дүнтэй арга хэмжээ авахгүй байна.

Театр, урлаг, спорт, соёлын газруудад тайзны ард буюу бэлтгэлийн үеэр охид, эмэгтэйчүүд бэлгийн дарамтад өртөж, авъяас чадвараа олон нийтэд хүргэж чадахгүй орхиход хүрч байна. Мөн Ажлын байран дахь бэлгийн дарамттай тэмцэх төрийн бус байгууллагуудын сүлжээнээс хийсэн цахим судалгааны дүнгээс үзэхэд нийт бэлгийн дарамтад өртсөн 18-24 насны эмэгтэйчүүдийн 25 хувь нь, эрэгтэйчүүдийн 13 хувь нь урлаг, спортын болон цахим орчинд бэлгийн дарамтад өртсөн байна.

“Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх төрийн бус байгууллагуудын эвсэл” -ээс 2017 онд ажлын байран дахь бэлгийн дарамтын талаар 17-70 насны 654 эмэгтэй, 99 эрэгтэй нийт 753 хүнээс судалгаа авахад 79.6 хувь нь “ажлын байрны бэлгийн дарамт их байдаг” гэжээ.

Ажлын байран дахь бэлгийн дарамт үйлдэгдэж байгаа газар, байршлыг судалгаанаас  харахад удирдах албан тушаалтнууд бэлгийн дарамт үзүүлдэг байдал 18.9 хувиар, хамтран ажиллагсад бэлгийн дарамт үзүүлэх байдал 15.6 хувиар нэмэгджээ. Ажлын байран дахь бэлгийн дарамт үйлдэгддэг газрын тоо, төрөл нэмэгдсэн бөгөөд 2004 онд таван нөхцөлийг нэрлэж байсан бол 2017 онд хийсэн судалгаагаар тэмдэглэлт баярын өдөр, сургууль дээр, үдийн цайны цагаар гэсэн гурван нөхцөл нэмэгджээ.

-АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТЫГ БҮХИЙ Л ХЭЛБЭРЭЭР ҮЗҮҮЛЖ БАЙНА -

Ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлж буй хэлбэрээс хамгийн өндөр тоо  хэмжээ эзэлж байгаа нь “эротик, порнографи зураг, бичлэг үзүүлэх, илгээх, шалтгаангүйгээр уулзах, болзох санал тавих, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэлгийн хүчирхийлэл үйлдэх, үйлдэхээр завдах, хувцсыг нь тайлахыг оролдох, зохисгүйгээр байнга ширтэх” зэрэг үйлдэл байна. Эндээс харахад ажлын байран дахь бэлгийн дарамтыг үг хэлээр, харуулах байдлаар мөн үйлдлээр зэрэг бүхий л хэлбэрээр үзүүлж байна. Харьцуулсан судалгааны үр дүнд үндэслэн ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хохирогчид үйлчилгээ үзүүлэх механизм, эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь чухал ач холбогдолтой юм.

 Хөдөлмөрийн дотоод журамд ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг 220 байгууллага тусгаагүй, 25 байгууллага тусгасан, 1 байгууллага нь тусгахаар хэлэлцэж байгаа гэжээ. Уг дүн шинжилгээгээр  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт “ажил олгогч ажлын байранд бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх талаар авах арга хэмжээ” авах заалтын хэрэгжилт хангалтгүй байна.

“Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хохирогч ямар арга хэмжээ авсан бэ?” гэсэн асуултад 45.1  хувь буюу 128 хүн ямар нэг алхам хийгээгүй, 27.5 хувь буюу 78 хүн мэдэхгүй, 18.3 хувь буюу 52 хүн найз нөхөдтэйгөө зөвлөсөн гэж хариулснаас харахад хохирогч юу хийхээ, хаана хандахаа мэдэхгүй, чимээгүй өнгөрүүлдэг байна. Энэ нь хохирогчид ажилгүй болох, нэр төрөө сэвтүүлэхээс эмээдэг, ажлын байранд сэтгэл санааны дарамт шахалтад өртөхөөс айдагтай холбоотой байна.

-БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛСЭН ЭТГЭЭДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ БАЙДАГГҮЙ-

Ажлын байран дахь бэлгийн дарамт нь далд үйлдэгдэж, давтагдах тусам даамжирч байдаг хүний эрхийн ноцтой зөрчил бөгөөд үүнээс улбаалан хувь хүн, байгууллага, нийгэм бүхэлдээ хохирдог. Ажлын байран дахь бэлгийн дарамт нь хүн бүрт биеийн болон сэтгэл санааны хүнд дарамт учруулах, хөдөлмөрийн бүтээмж, амьдралын чанарт нь сөргөөр нөлөөлөх, ажил, албан тушаалаа орхихоос өөр аргагүй байдалд хүргэх, хохирогчийн нэр төрийг сэвтээх, улмаар амь нас нь хохироход хүргэх зэрэг хор уршигтай байна.

Бэлгийн дарамтад өртөж түүнийг даван туулж байгаа хүмүүст зайлшгүй тусламж, дэмжлэг, зөвлөгөө, хамгаалалт хэрэгтэй бөгөөд бэлгийн дарамтад өртсөн хүн зохих байгууллагаас туслалцаа авах, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх нь өөрийн алдагдсан эрхээ сэргээлгэх, гэм буруутай этгээдэд ял завшуулахгүй байх, цаашид энэ төрлийн хэрэг зөрчил гарч хэн нэгэн хохирохоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, төрийн болон хувийн салбарын ажил олгогчид хуулийг хэрэгжүүлэх хүсэл сонирхолгүй, ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх бодлого, хөтөлбөрүүдийг тууштай авч хэрэгжүүлэхгүй байгаагаас хүний эрхийн ноцтой зөрчил гарсаар энэ төрлийн хүчирхийлэл буурахгүй, хүчирхийлэл үйлдэгч нь хуулийн хариуцлага хүлээхгүй үлдэж байна.

Төрийн улс төрийн болон үйлчилгээний алба, төрийн бус байгууллага, бизнесийн буюу хувийн хэвшлийн байгууллагад ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлсэн этгээдэд хэн, ямар хариуцлагыг хэрхэн тооцох нь тодорхойгүй, хуулийн ямар нэгэн зохицуулалтгүй байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-10 18:48

Гудамжинд хүртэл эрэгтэй хүмүүс зүгээр өнгөрөхгүй өгзөг базах тохиолдлууд их байдаг. Мөн автобусанд хэт ойртож явдаг үйлдэл нь их таагүй мэдрэмж төрүүлдэг. Энэ мэт асуудлыг хуулиар яаж шийдэх вэ

Холбоотой мэдээ

Back to top button