Дайныг эсэргүүцэгч, сэтгүүлч асан эмэгтэй ОХУ-ын сөрөг хүчний эцсийн найдвар уу
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх жилийн гуравдугаар сард болно. Тус сонгуульд Владимир Путин өрсөлдөнө гэдгээ энэ сарын эхээр мэдэгдсэн билээ. Тэгвэл сэтгүүлч асан, Украины дайныг эсэргүүцэгч Екатрина Дунцова сонгуульд өрсөлдөх зөвшөөрөл авах хүсэлтээ илгээсэн байна.
40 настай Дунцова өнгөрсөн сар “Reuters” агентлагт ярилцлага өгөхдөө Украины дайныг зогсоож, Алексей Навальный тэргүүтэй улс төрийн хоригдлуудыг суллахыг уриалсан юм.
Хувиараа нэр дэвшигч тэрбээр Сонгуулийн төв комисст шаардлагатай бичиг баримтаа илгээсэн тул нэгдүгээр сарын 31-нээс өмнө өөрийг нь дэмждэг 300 мянган хүний гарын үсгийг цуглуулах шаардлагатай аж. Ингэснээр сонгуульд өрсөлдөх эрх авна. Намаас нэр дэвшиж буй хүн 100 мянган гарын үсэг цуглуулах хэрэгтэй байдаг байна.
Гарын үсгийг бүрэн цуглуулсан ч албан тушаалтнууд Дунцоваг нэр дэвшихийг зөвшөөрөх болов уу гэж зарим хүмүүс бодож буй. Энэ талаар сэтгүүлч Дунцовагаас асуухад тэр “Хэрвээ нэр дэвших нь хуулиар оноогдсон эрх мөн надад нэр дэвшихэд шаардлагатай чадвар байгаа юм бол бид яагаад зөвшөөрлийн талаар яриад байгаа юм бэ” гэж хариулжээ.
ОХУ-д сөрөг хүчний удирдагч гэж байхгүй. Алексей Навальный шоронд 30 жилийн хорих ял эдэлж байгаа. Бусад олны танил Кремлийг шүүмжлэгчид шоронд орж эсвэл баривчлагдахаас зугтан гадаадад орогнож буй. Ийм учраас Дунцова сөрөг хүчнийг төлөөлөх юм.
Ирэх гуравдугаар сард болох сонгуульд Путин ялалт байгуулна гэж түүнийг дэмжигчид болон эсэргүүцэгчид таамаглаж байгаа. Кремль энэ талаар мэдэгдэл хийхдээ Путинийг ард түмний 80 хувь нь дэмждэг тул сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулна гэсэн.
Харин сөрөг хүчнийхэн Кремль сонгуулийн хороогоор дамжуулан хэн нэр дэвшихийг хянаж, шаардлагатай бол санал хураалтын цахим системээр дамжуулж саналыг удирдаж болно гэж хэлсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.