Top StoriesНийгмийнТойм, анализ

Нэг тойргийн 60 сумыг 14 хоногт тойрох, саналын хуудаст 50 нэр эрээлжлэн бичигдэх сорилттой сонгууль

Нүүрсний сонсголтой зэрэгцсэн хамгийн том агуулга бол сонгуулийн томсгосон  тойргийг УИХ-аар баталсан явдал байлаа. Ингэхдээ 21 аймгийг нийт долоон тойрог болгож, 54 мандат өгөхөөр болов. Харин хотын зургаан тойрогт 24 мандат ногдуулав.

Уг нь Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, сонгуулийн холимог тогтолцоог хуульчлахдаа 76 мандат дээр хоёрыг нэмж, үүнийгээ хотод шингээхээр ярилцсан байдаг. Гэвч эрх баригч намын нэр хүнд хотод хэт муу байгаа учраас хоёр мандатаа аймгууд руу шингээснийг дээрх хуваарилалтаас харж болно.

13 тойрог бүрд хэчнээн мандат ногдсоныг харцгаая.

Тайлбар: УИХ-ын тогтоолд тусгагдсан мандат ногдуулалтын хүснэгт

Бид дараачийн цувралдаа дээрх 13 тойрогт МАН, АН-аас ямар нэр дэвшигчид өрсөлдөх талаарх прогнозыг хүргэх юм. Харин энэ удаагийн бичвэртээ томсгосон тойргийн сонгууль хэрхэн явагдах талаарх зарим нюансыг тайлбарлаж байна.

Нэг. Саналын хуудаст багтах хэт их мэдээлэл дунд иргэд юу сонгох вэ

Дээрх нь холимог тогтолцоот хэлбэрээр явагдсан 2012 оны УИХ-ын сонгуулийн саналын хуудас юм. Манай улс холимог хэлбэрээр нэг л удаа сонгууль зохион байгуулсан. Гэхдээ 2012 онд тойрог нь нэг аймаг-нэг тойрог байв.

Тиймээс ч дээрх хуудаст харагдаж байгаачлан, намууд үүсэн байгуулагдсан дарааллаараа дэслэгдэж, гурван сонгогч сонгоод, хуудасны доод хэсэгт дэмжих улс төрийн намаа дугуйлахаар хэвлэж байжээ.

Харин энэ удаа томсгосон тойргоор сонгууль явагдах учраас нэг сонгогч саналын хуудсанд 5-10 нэр дэвшигч дугуйлах шаардлагатай тулгарч байна.

Жишээ нь, I тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгууд 8 мандаттай.

Баянхонгорын сонгогч иргэн Б саналын хуудаснаас аймгийнхаа гаралтай нэр дэвшигчид дээр сонголт хийхээс гадна Өвөрхангай, Архангай аймгийн мандатуудыг давхар дугуйлна гэсэн үг. Сонгуульд 5-7 нам, эвсэл орно гэвэл Баянхонгорын сонгогч иргэн Б нийт 40-53 нэр дэвшигчид дундаас 8-ыг сонгоно гэсэн үг. Товчоор бол, төөрмөөр олон нэр дэвшигч дундаас сонгоно.

Саналын хуудаст нэр дэвшигчдийг босоо байдлаар намаар нь доош эгнүүлэх үү. Хөндлөх бичих үү гэдэг нь тодорхойгүй. Доор нь бас жагсаалтаар сонгох намын нэрс тусдаа бичигдэнэ. Өөрөөр хэлбэл, нэг А4 хуудаст 40-53 хүний нэрийг ирийтэл бичээд, намын нэр дугуйлах хэсэг гаргаж багтахааргүй.

Тэгэхээр саналын хуудас хоёр нүүр дамнан хэвлэгдэх, хуудас эргүүлэх шаардлагатай болох магадлал өндөр байна. Ийм тохиолдолд,

  • Хойгуур бичигдсэн улс төрийн намуудын нэр дэвшигчид дээр сонгогчийн нүд тусах уу.
  • Олон хүн дундаас ер нь олны мэдэх хүмүүсээ л дугуйлах уу.
  • Хэт их мэдээлэл агуулсан сонгуулийн саналын хуудас гялс дуусгах гэсэн хуумгай байдалд хөтлөх үү.
  • Хуудас эргэх байдлаар хэвлэгдсэн аль нүүрэнд сонгогчийн анхаарал илүү тогтох вэ зэрэг асуудлууд үүсэж байна.

Хоёр. Сонгогчид таньдаг улс төрчдөө түүж дугуйлах эсвэл бүр танихгүй хүмүүс дээр тогтох эрсдэл

Томсгосон тойргийн хамгийн өндөр боломжийг одоогийн эрх баригчид буюу МАН хүртэхээр байгаа. Яагаад гэхээр,

  1. Саналын хуудаст намын дэслэлээр тэд хамгийн эхэнд бичигдэж, сонгогчдын нүд тусах сайн талбайг эзэлнэ.
  2. Танигдсан байдлаараа томсгосон тойрогт одоогийн УИХ, Засгийн газрын гишүүд илүү жин дарна.
  3. Төрийн бүх шатлалд МАН-ын хөл, үүр хороод илүү сайн бэхэжсэн. Санал хайрцаглах боломж өндөр.

Гэхдээ улс төрийн намуудын рейтингийн ерөнхий судалгаагаар нийт сонгогчдын 30 хувь хүрэхгүй хувь нь итгэл төрүүлэхүйц гэж хариулжээ. Тодруулбал, ихэнх санал өгөгчид намын нэр дэвшигчдийг бөөнөөр нь сонгохгүй. Хувь хүний намтар түүх харах нь маш өндөр. Дээрээс нь МАН найман жил засаглаад, нэр хүнд нэлээд муу байна.

Сонгуулийн насныхнаас 18-25 насныхны сэтгэхүйг барихад хамгийн хэцүү байгаа судалгаа бас гарав. Тэд бол бараг танихгүй нэр дэвшигчдээ түүгээд дугуйлчхаж мэдэхээр, үл захирагдах үеийн давлагаа юм. МАН-аас ч, АН-аас нөгөө л улс төрд байдаг л хүмүүсээ илгээсэн тохиолдолд сонгогчдоос төсөөлөөгүй эффект үзүүлэх вий гэдэг болгоомжлол үүсээд байна.

МАН, АН ч томсгосон тойрогт аль болох олон нийтэд танигдсан хүмүүсээ өрсөлдүүлж, жагсаалтын эхний 10 байраа жендерээр дүйцүүлэх, сонгуулийн зардал босгох зэрэг жинхэнэ нарийн ухаанаар зохицуулах шаардлага үүсээд байна.

Тэгэхээр тойргоос дунд ба ахмад үеийнхэн, жагсаалтаас залуус ба мөнгөлөг хэсгүүд парламент руу орох магадлал өндөр байна.

Гурав. Гурван аймгийн 40-60 сум дамнаж, 14 хоногт сурталчилгаа хийх ба хотынхон хуучин аргаараа үзэх зохицуулалт

Тойргуудыг бүсчлэн хуваасан байдал

Жишээ авахад,

Б.Пүрэвдорж гишүүн хуучнаар бол Ховд аймгийн 14 сумтайгаа л ажиллахад болж байв. Тэдгээрээс аав, ээжийнхээ ч юм уу сумыг илүү сайхан халамжлахад саналаа авчихдаг байдлаар бид сонгуульдаж ирсэн. Тэгсэн одоо нөхцөл байдал өөрчлөгдөж, тэр Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн 60 орчим сумдтай ажиллаж таарахаар болов.

Гэтэл сонгуулийн сурталчилгааны хуулийн хугацаа 14 хоног. Энэ 14 хоногт баруун дөрвөн аймгийн 60 сумыг Б.Пүрэвдорж гишүүн тойрох боломжгүй. Тойрлоо ч нэг удаагийн уулзалтаар нөлөөлөл үзүүлэх магадлал маш бага.

Тэгэхээр бэлгэдэл байдлаар, бусад аймгаа долоо хоногт багтаан гороолоод, гол санал авах цэгтээ долоо хоногоо зарцуулах зэрэг тактик хэрэглэхээс өөр аргагүй юм.

Харин хотын нэр дэвшигчид бол яг хуучнаараа л ажиллахаар харагдаж байна. Жишээ нь, Сонгинохайрхан дүүрэгт Х.Нямбаатар ч, Д.Сумъяабазар ч ажиллаж дадсан. Сонгогчдоо мэдрээд, өмнөх хэлбэрээ гүнзгийрүүлээд, яг л нэг тойрог-нэг аймаг шиг сонгуульдана гэсэн үг.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Дээрх агуулгуудыг ерөнхийчлөн базахад,

  • Сонгогчид ч, нэр дэвшигчид ч шинэ тутам сорилттой нүүр тулахаар байна.
  • Саналын хуудас эргэх хэлбэртэй, дамнасан нүүртэй байхаар байна.
  • Нэг сонгогч 3-10 нэр дэвшигч дугуйлах ба нэмж нэг улс төрийн нам дугуйлах-нүд эрээжилсэн сонголтод орох нь ээ.
  • Орон нутагт мөнгө тараах, тойргоо услах боломжууд маш их зардалтай байх бол хотод хуучин хэвээр далд үргэлжлэх боломжтой харагдаж байна.
  • Нэг нам найман жил засагласан энэ үед сонгогчдын үзүүлж болох гэнэтийн эффектээр танигдаагүй улс төрчид санал авах боломжтой.
  • МАН танигдсан байдал ба саналын хуудасны дэслэлээр хамгийн боломжит нөхцөлийг эдлэхээр байна.
  • 18-25 насныхан танигдсан, танигдаагүй дүрийн алийг нь дугуйлах вэ. Үүн дээр нөлөөлөл үүсгэх боломжтой юу гэдэг асуудал анхаарал татаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
2023-12-25 10:19

Сурт�##�чилгаа хийх хугацаагаа сунгахгүй бол баахан танихгүй хүмүүстэй таавар таах, буудах сонголтыг иргэдээ тулгах болно шүү

Зочин
Зочин
2023-12-25 12:50

Нэр нь арай гоё харагдсаныг л дугуйлаад байх юмуу ккк

Нямдорж
Нямдорж
2023-12-25 13:32

Хотыг нийтээрэй нь нэг тойрог болгоод 20 мандаттай болгож �##�слагдсан гурван дүүрэгт 4-6 мандат ойлгох хэрэгтэй! Баянөлгийг баруун тайван аймагтай нэгтгэх хэрэгтэй байсан юмдаа... Яагаад төр нь өөрөө ялгаварлах үзлийг дэмжээд байгааг ойлгохгүй байна!!!

Зочин
Зочин
2023-12-25 13:53

Сум болгонд биеэр очих шаардлага байхгүй.

Зочин
Зочин
2023-12-26 19:13

Сонгууль өрсөлдөх 2 нам Ардчилсан нам Монгол ардын намын өрсөлдөх ба хулгайч Авлигач Луйварч хээл хахуультай их хэмжээний мөнгө угаах нэр томъёо монгол улс дампуурлаа зарлах 2 нам Ардчилсан нам Монгол ардын нам 2024 он сонгууль ажилд гарах 2 сонгууль бөөн мөнгө угаах нэр 2 нам Ардчилсан нам Монгол ардын нам

Холбоотой мэдээ

Back to top button