Нийгэм мэдээ

"Шунхлай" групп 30 жилийнхээ ойгоор бүх ажилтнаа АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигч болголоо

Монгол Улсын хувийн хэвшлийн анхдагчдын нэг Шунхлай Групп 30 жилийн ойгоо тохиолдуулан групп компанийн нийт 7500 ажилтандаа талархал илэрхийлж АПУ ХК-ийн хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гаргалаа.

Шунхлай группийн 30 жилийн ойн хүрээнд, АПУ ХК-ийн 100 жилийн ойг угтан группийн нийт 7500 ажилтандаа ажилласан жилийг нь 100 хувьцаатай үржүүлэн нийт 3,031,660 хувьцаа эзэмшүүлж байна.  Энэ ажилд хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээр 3,4 тэрбум төгрөг зарцуулж байгаа аж.

Шунхлай Группийн Ерөнхийлөгч, АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан: “Группийн нийт ажиллагсад маань хамтран хувьцаа эзэмшигч болсноор группийнхээ ирээдүй, хөгжлийн зорилгоо хамтын болгох, хөрөнгийн зах зээлийн идэвхтэй оролцогч, хөрөнгө оруулагч болох суурь тавигдана гэж үзэж байна. Тиймээс өмнөх 30 жилтэй харьцуулшгүй хурдаар хөгжин өөрчлөгдөх хэтийн ирээдүйг алслан тодорхойлж “Шинэ хил хязгаар руу манлайлах” уриан дор улс орныхоо тогтвортой ирээдүй, хөгжилд нэн шаардлагатай байгаа эрчим хүчний шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх, хөгжлийн хурдасгуур болохыг Шунхлай группийнхээ хэтийн зорилго болгож байна”.

АПУ ХК нь Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд том хувьцаа эзэмшигч нь Шунхлай Холдинг, HEINEKEN компаниуд байдаг. МХБ-д зах зээлийн үнэлгээ, ногдол ашиг, жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо, хөрвөх чадварын үзүүлэлтээр АПУ ХК тэргүүлэх байр суурьт эрэмбэлэгдэж байна. Тодруулбал, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэлгээ ₮10 их наядаар хэмжигдэж байгаа бөгөөд үүний 12 хувийг АПУ ХК эзэлж байна.

Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн эхэн үед гараагаа эхэлсэн Шунхлай Групп нь өдгөө жилдээ 2.5 их наяд төгрөгийн борлуулалт хийж, улсын төсөвт 630 гаруй тэрбум төгрөгийн татвар хураамж төлж, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл, худалдаа, технологийн бизнесүүдээс бүрдсэн 8 чиглэлд 20 гаруй компанийг хамруулсан үйл ажиллагаа явуулж байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button