Пап лам Зул сарын мэндчилгээндээ Газын зурвасыг дурдав

Ромын Пап лам Францис даваа гарагт /2023.12.25/ Зул сарын мэндчилгээ дэвшүүлэхдээ Газын зурваст болж буй мөргөлдөөн гэх мэт дайнд амь үрэгдэж буй хүүхдүүдийг одоо цагийн бяцхан Есүсүүд гэж хэлжээ.
Тэрбээр Гэгээн Петрийн сүмийн тагтнаас талбайд цугласан олон мянган хүмүүсийн өмнө мэндчилгээ дэвшүүлэхдээ Израилын агаарын цохилт гэм зэмгүй иргэдийн амь насанд хүрч байна гэсэн юм. Мөн Францис аравдугаар сарын 7-ны өдөр Хамас бүлгийн хийсэн гэнэтийн дайралтыг зэмлэж, барьцааны хүмүүсийг суллахыг уриалсан байна.

Гэгээн ширээт улсын тэргүүнээр өргөмжлөгдөөд 11 дэх Зул сараа тэмдэглэж буй Францис Украин, Сири, Йемен, Ливан, Армени, Азербайжан гэх мэт орнуудад болж буй улс төр, нийгэм, цэргийн мөргөлдөөнийг зогсоохыг уриалжээ.
Газын зурвасын Эрүүл мэндийн яам мэдээлснээр аравдугаар сарын 7-ноос эхэлсэн дайны улмаас 20,400 гаруй Палестин иргэд амь үрэгдсэн байна. Өнгөрсөн баасан гарагт /2023.12.22/ НҮБ-ын Аюулгүйн зөвлөл удаан хүлээлгэсний эцэст Газын зурвасын хямрал дээр тогтоол гаргасан. Энэ тогтоолдоо их хэмжээний тусламж үзүүлэх боловч гал зогсоохыг дэмжээгүй юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.