НИЙГЭМ

2023 оны тойм, урлаг ба спорт: Үнэн, үнэнч байсан нь үнэлэгдэв

"Eguur" агентлаг 2023 оны урлаг ба спортын тоймдоо найруулагч П.Золжаргал, Улсын гарьд Ц.Бямба-Отгон нарыг онцолж байна.

Учир нь тэд салбартаа бөгөөд хүсэл эрмэлзэлдээ үнэнч байж, цэвэр өөрийн чин хөдөлмөрийн үр шимээр нийгэмд гэрэл гэгээ, эерэг дулаан уур амьсгал авчирч чадлаа.

УРЛАГ

Үлгэр дуурайл, эх оронч Зоро

Гэр хорооллын дундах хүнсний дэлгүүрийн худалдагчийн ажилд ээждээ тусалж зогсохдоо нуруундаа хүнд ачаа үүрч, нүдний нь гал буусан хүүхдүүдийг үзээд тэр анх найруулагч болмоор, кино хиймээр санагджээ.

"Ямар нэг өөрчлөлт авчрах, жаахан ч гэсэн аз жаргал түгээх юм хиймээр санагдсан. Харин миний хийж чадах зүйл кино байсан" гэж П.Золжаргал хожим нь дурссан юм.

Каннын кино наадамд шалгарсан, удахгүй нэгдүгээр сарын 12-ноос монгол үзэгчдэд хүрэх "Баавгай болохсон" кинонд сайн боловсрол эзэмшиж, амьдралаа, ар гэрээ өөрчлөхөөр зүтгэж буй хүүгийн тухай өгүүлдэг. П.Золжаргал ч гэр хороололд амьдарч үзсэн. Сургуулиа сольж, хувийн сургуульд шилжиж үзсэн. Тэр бас Япон улсад кино найруулагчаар сурах тэтгэлэгт ч шалгарч, тэнд очиж суралцаад ирсэн нэгэн юм.

Тийм болохоор үнэнийг киногоор өгүүлжээ.

Ер нь уран бүтээлчдийн урлан бүтээх цар хүрээ өөрсдийн үзсэн туршлага, түүнийгээ хурааж хуримтлуулж, задлан шинжилсэн байдлаас салшгүй холбоотой гэдэг. П.Золжаргалын кино сайн үнэлэгдсэн шалтгаан нь магадгүй, тэр өөрөөс хол, огт мэдэхгүй, мэдээгүй юмаа хийхийг зориогүй. Үнэн юмаа л дагнан барьсан.

Найруулагч П.Золжаргал үүний өмнө "Шат", "Шар автобус" зэрэг уран сайхны кинотой. Их хүчтэй хэлэмжтэй кинонууд. Үзэгчдэд гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг. Япончууд "л" үсэг хэлж чаддаггүй болохоор Золо биш Зоро хэмээн дуудуулж, одоо хоч нь болж дассан П.Золжаргал анхны бүрэн хэмжээний киногоороо 2023 онд маш том амжилт бүтээгээд байна.

Одоо гадаадын фестивальд өрсөлдөх кино хийхийн тулд ер хэрхэх вэ гэдэг арга, ажиллагаа өөрөө тогтсон хэв маягтай, бараг л дагаж мөрдөх стандарттай болчихоод байгаа. Мэдээж Каннын кино наадамд монгол кино анх удаа (түүхэнд анх удаа шүү) сонгогдсон нь гайхалтай том мэдээ. Гэхдээ "Баавгай болохсон" агуулга бөгөөд хийцийн хувьд өөрөө хүчирхэг, дахин давтагдашгүй хэв шинжийг олсон юм. Түүгээрээ, гадаадын фестивалиудад өрсөлдөж, шалгарч байдаг кинонуудаас эрс энгүүн шинжээрээ ялгарч буй.

Зоро их зоригтой найруулагч. Хараалын үг тэргүүтэй бодит нөхцөл байдлыг үзүүлэхээс, илэрхийлэхээс айгаагүй. Гэхдээ хэргээр хурц болгох гэж чармайж ажилласан гэсэн үг бас биш. Тэр зүгээр л киног хуурмаггүй үнэн байлгахыг хичээсэн. Тийм болохоор кинонд драматик сцен бараг л байхгүй. Үзэгчийг манипуляцлах, тэр хэсэгт уйлуулж, энэ хэсэгт инээлгэх так тик анхнаасаа хийгдэхгүй. Сцен бүр л үнэн байх ёстой.

"Улаанбаатар" олон улсын кино наадмаар "Баавгай болохсон" хамгийн анх монгол үзэгчдэдээ хүрсэн юм. Тэгэхэд танхим дүүрэн үзэгч суудлаасаа босож, төгсгөлийн титр дуустал алга ташицгаасан. Энэ кино толилуулагдсан "Тэнгис" кино театрын түүхэн дэх хамгийн удаан алга ташилт болов уу.

Одоо П.Золжаргалын кино нэгдүгээр сарын 12-ноос, ид хүйтний өдрүүдэд Монголын нийт үзэгчдэдээ албан ёсоор нээх болно.

Нэгдүгээрт, П.Золжаргал яг өөрөө хүсээд зүтгэсэн. Тэр өөрөө мөнгөө босгосон, спонсор байгууллагуудын үүдийг тогшсон. Өмнө нь хийсэн богино хэмжээний кинонуудаа үзүүлж, кино үдэш зохион байгуулах зэргээр л ажилласан. Тэгээд ямар ч том продакшны чадаагүйг чадсан.

Хоёрдугаарт, Зоро өөрөө боловсролыг олж авсан. Тэр өөрөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөвөл болдог, бүтдэг гэдгийн баталгаа, үлгэр дуурайл нь.

Гуравдугаарт, тэр үнэнээс зугтаагүй уран бүтээлч. Тэр оршихуйн асуудлууд, өнөөдрийн бодит амьдралаас хол сэдвүүдэд шүтсэнгүй. Тэр яг эх оронч хандлаа.

Энэ бүгдээр нь, яг л чин сэтгэлээр зүтгэж, бүтээн босгож, бүтээн босгосон нь нийгэмд сайн сайхан мессеж өгч, араасаа жим татуулж буй нь урлаг төдийгүй нийгмийн салбарт ч ихээхэн онцлог боллоо.

Ийм ч болохоор найруулагч П.Золжаргалыг урлагийн салбарт, 2023 онд онцолж байна. Түүнтэй хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг та ЭНД ДАРЖ унших боломжтой.


2023 ОНЫ ТОЙМ

2023 онд урлагийн салбарт өрнөсөн зарим онцлох үйл явдлуудыг нэрлэе.

Түүхэнд тэмдэглэгдэх жил

2023 он кино урлагийн салбарт түүхэнд тэмдэглэгдэхүйц жил боллоо. Найруулагч П.Лхагвадулам, П.Золжаргал гэсэн нэг үеийн хоёр эмэгтэй уран бүтээлч нийгэмд хүч түрэн дуу хоолойгоо хүргэв.

Тэдний "Сэр сэр салхи", "Баавгай болохсон" бүтээлүүд Венец, Каннын кино фестивальд хүрч, монголчуудын анхаарлыг артхаустөрлийн кинонод төвлөрүүлэн татаж чадлаа. "Монгол кино муу" гэж хэлдэг массын сэтгэлгээний өмнө бас арилжааны бус, үзэл санааны, урлагийн үзэл баримтлалаа алдаагүй кино бүтээгчид бас байгааг, байх байхдаа сайн хэмжээнд төлөвшин, хөгжиж байгааг тэд харууллаа.

"Чингис хаан" одонг Морин хуурын чуулгад хүртээв

Морин хуурын чуулгад "Чингис хаан" одон хүртээсэн явдал ардын урлаг, өв уламжлалаа чухалчлах мессежийг төр манлайлан өгсөн давуу талтай байлаа. Төрд үүрэг байх ёстой бол тэр нь үүнээс эхлэх учиртай.

Улмаар цалинтай, цалингүй алин хэлбэрээр Монголын хөгжмийн төлөө хөдөлмөрлөсөн үе үеийн бүхий л уран бүтээлчдийг хүндэтгэсэн юм. Цаашид морин хуурын хөгжилд төр онцгойлон анхаарна гэдгийг ЕТГ, Соёлын яамнаас албан ёсоор зарласан.

Театрын сэргэлт үргэлжилж, сорилтын өмнө тулав

"Гэм зэм"-ээр эхэлсэн театрын сэргэлт 2023 онд ч үргэлжилсэн. Цоо шинэ дуу хоолой болж, найруулагч Э.Ёндоншарав энэ жил "Шөнө амталсан нулимс" жүжгээ тавилаа. Мөн хүүхэлдэйн театрын мэргэжлээр хойно суралцаад ирсэн залуус "Про" театрыг үүсгэн байгуулж, "Инээмтгий хүн"-ээр визуаль драм тавьсан. "Орфей"-н хувьд "Шөнө дундын бүжиг"-ийг мөн шинэлэг хэлбэрээр дэглэсэн. Нэг үеэ бодвол театр одоо анхааралд өртчихлөө, театраа дагаад найруулагчид ч үйл ажиллагаа явуулахад тун эгзэгтэй бөгөөд тохиромжтой суурь нөхцөл үүслээ.

Одоо харин хэн, юу хийх вэ, өөрийгөө давах уу эсвэл давтах уу гэсэн хүлээлтийн буюу шинэ шат, сорилтын өмнө ирцгээв.

Сэтгүүл зүйд гэрэл асаагчид

Сэтгүүлч Б.Энхцэцэг "Хөрөг" номоо, Б.Ганчимэг "Interview" сэтгүүлээ эрхлэн гаргалаа.

Ингээд хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндийн асуудал яригдаж, сэтгүүлчдийн хөдөлмөр хаана гишгэх, хэрхэн алдах нь анаа отоонд орсон цагт бага биш хэмжээний гэрэл гэгээ асаж байна. Тэдний олон арван зуун уншигчдын магнай ч тэнийж буй.

Монгол зохиолчид ихийг бүтээлээ

Монгол зохиолчид өөрсдийн уран бүтээлийг олноор хэвлүүлж, монголчууд монгол хүнийхээ утга, уран зохиолын ертөнцөөр аялж, аль шатанд явааг тольдох боломж, зоригтой оролдлогууд гарлаа.

Дурдах номууд:

Г.Аюурзанын уран зохиолын бус шинэхэн гурван цуврал

Б.Батзаяа “Сэтгэцийн асуудлууд”, “Fat Cat”

Б.Баясгалан “Этгээд хүслийн цуглуулга”,

Д.Урианхай "Аз жаргалгүй амьдарч байвал монгол хүн та намайг уучлаарай"

О.Элбэгтөгс "Жазз гараг дээрх Жон Колтреиний шилтгээнд өнгөрүүлсэн таван улирал",

Х.Нямхишиг "Жийд хэлний бадгууд",

Ж.Тэгшзаяа "Энэ хорвоод бид зуурхан л үзэсгэлэнтэй",  

М.Уянсүх: Хонхот хүүхэлдэй,

Б.Алтанхуяг "Сүнсний нөгөө тал",

Ц.Ганболд "Шувуу зүүрмэглэх зуур"

Мөн хөнгөн хөгжмийн урсгал моодонд орсон цагт орь залуу үеийнхэн рок урсгалд хөл тавьснаа тодоор зарласан нь “Mxrningstar” хамтлаг байв.


СПОРТ

Найраанд автаагүй, допингд бүдрээгүй Өвөрхангайн Гарьд

Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Улсын гарьд Ц.Бямба-Отгон. Түүнийг зориуд ес даван түрүүлсэн хэмээн онцолсон учир нь улсын баяр наадмын есийн даваанд түүнтэй түрүү үзүүр булаалдахаар шалгарч үлдсэн Улсын гарьд М.Бадарчаас допинг илэрсэн юм. Иймд Ц.Бямба-Отгоны давааг нөхөн олгож, түүнд Улсын гарьд цолыг хүртээсэн билээ.

Тэр төрийнхөө их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ ес даван түрүүлээгүй. Гэхдээ түүнд боломж байсан уу гэвэл байсан. Зүгээр л тэр өдрийн тэнгэр мэдсэн хэрэг. Шагай орхих тоолонд дандаа морь буудаггүйтэй л адил. Харин цаг хугацаа түүний талд морь буулгасан.

Энэ утгаар Eguur агентлаг 2023 оны спортын салбарын онцлох дүрээр Улсын гарьд Ц.Бямба-Отгонг нэрлэж байна.

-Сумын наадмын дэвжээнээс улсын наадмын дэвжээнд хүрсэн Ц.Бямба-Отгон-

Ц.Бямба-Отгон анх 19 настайдаа гэр бүлийнхний хамт төрөлх нутгийнхаа 90 жилийн ойн баяр наадмыг үзэхээр очоод анх бөхийн дэвжээнээ зодогложээ. Тэрбээр нэгийн даваанд гоц мөргөж, хоёрын даваанд сумын начин, чөлөөт бөхийн дасгалжуулагчтай учраа таарч мөн л давсан байгаа юм. Ингээд эхний өдрийн барилдаан шувтарч наадмын хоёр дахь өдөр үргэлжлэх бөхийн барилдааны гурвын даваанд зодоглох эсэхийг аав нь асууж, түүнд аймгийнхаа захаас зодог шуудаг авч өгсөн гэдэг. Санаандгүй гэмээр энэ үйл явдал хоромхон зуурт болоод өнгөрсөн мэт боловч хүүгээ сайн бөх болоосой, ирээдүй байна хэмээн харж, битүүхэндээ итгэсэн эцэг хүний дотоод тээш мэдрэгдэнэ. Ингэж л энэ залуу хүсэл зориг, зорилгынхоо үзүүрээс атгажээ.

Тэр бусдын адил багаас хүчлэн шамдаж, хэн нэгэн алдар цолтой бөхөд шавь оролгүй нэлээд удаж. Түүнийг бөх болох гэсэн зөн, алсуураа үзээд алдана даа гэх далд хүсэл нь л торгоогоод байсан гэмээр. Учир нь тэрбээр 2017 он хүртэл буюу их сургуулиа төгсөтлөө жилд ердөө хоёр сар л бэлтгэлд гардаг байж. Ингээд 21 настайдаа сумынхаа наадамд түрүүлж сумын заан цол хүртжээ. Үүнээс хойш нэг жилийн дараа их сургуулиа төгсөөд 22 настайдаа үндэсний бөхөд бүхнээ зориулахаар сэтгэл шулуудсан байна.

Эл үйл явдлаас хоёрхон жилийн дараа Ц.Бямба-Отгон 2019 онд Өвөрхангай аймгийн наадмаар аймгийн арслан Б.Баянмөнхөөр тав, аймгийн харцага О.Үйтүмэнгээр зургаа давж аймгийн харцага цол хүртжээ. Улмаар Б.Лхагвадоржид унаж үзүүрлэн, аймгийн заан цолонд хүрсэн. Ингээд зогсохгүй 2022 онд улсын цолтны эгнээнд багтсан билээ.

Тодруулбал, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмын гурав болон тавын даваанд түүнийг нутгийн бөхчүүд нь дэмжсэн. Жишээлбэл гурвын даваанд улсын заан Т.Санчир, тавын даваанд улсын харцага Х.Гантулга нар амлан, гар амар давуулсан юм. Харин зургаагийн даваанд аймгийн заан Э.Батмагнайтай тунаж, тосгуулж хавирах мэхээр давсанаар улсын харцага цолонд хүрсэн.

Харин энэ жилийн улсын баяр наадмаар үнэнхүү хүчийг үзүүлж, наадамчин олноо баясган найм давж хэн гэдэг аавын хүү вэ гэдгээ батлан харуулсан. Наадмын өмнө ч түүнийг түрүү үзүүрт үлдэх магадлалтай бөхчүүдийн нэг хэмээн таамаг дэвшүүлсэн мэргэжлийнхэн болоод үндэсний бөх сонирхогчид байгаа зөв оносон юм. Тэр итгэлийг нь ч алдалгүй үүрээд гарсан.

-Но-гүй, Допинггүй, ирээдүйн аварга Ц.Бямба-Отгон-

Зөв явбал бурхан бүтээсэн бүхнээ шагнадаг гэдэг. Тэр хувь амьдралаараа ч энэ замналаараа ч аль альнаар нь хазайлгүй чигч шулуун алхалсаар өдий өндөрт иржээ. Мэдээж энэ хүртэл амар байгаагүй нь мэдээж. Гэсэн ч тэр чадсан. Ижий аавынхаа нэрийг нутаг усныхаа нэртэй хамтад нь өргөн дуудуулаад урагшилж байна. Түүний нэр найраанд ороогүй, допингд бүдрээгүй. Энэ хувь хүний асуудал мэт боловч улс тэр даяараа үздэг, сонирхон шимтдэг, үндэсний суурь дархлаа болж чаддаг их спортын түвшинд бол өөр асуудал болж хувирна. Учир нь энэ байдлыг өөртөө төлөвшүүлснээрээ бусад үндэстнээс ялгадаг үнэт зүйлээ хамгаалах, ёс жаягийг үл эвдэх, халдашгүй байдлыг бататгах зэрэг байдалд чухлаар нөлөөлж буй хэлбэр гэж харж болно.

-Өвөрхангай нутгаас 14 жилийн дараа улсын наадмын түрүү бөх тодров-

Өвөрхангай аймаг тэр дундаа Төгрөг нутгаас "аварга" төрөв. Энэ үйл явдлыг түүхэн гэж хэлж болно. Учир нь 14 жилийн дараа тус аймгаас улсын наадмын түрүү бөх тодорсон юм. Эл үйл явдлаас болон баяр наадмын өдрүүдэд бидний үнэт зүйл, ондоошил, нэгдмэл чанар чухам юу вэ гэдгийг харж болохоор байв. Товчхондоо бид үндэсний язгуур юм бүхнээ хайрлан хүндэтгэж, оройлон залж, биедээ нааж, сэтгэлдээ идээшүүлж чаддаг ийм л ард түмэн. Энэ бүхэндээ хамаатах зүйл бүртээ бид хүнийрхүү сэтгэлээр хандаж чи би, чиний миний, манай танай гэж өөр хоорондоо толхилцдоггүй гэдгийг тодотгох нь зүй. Учирлабал, улсын наадамд аль нутгаас түрүү бөх тодорсон эсэхээс үл хамаарч өөрийн нутгийн мэт хүндэтгэн хүлээн зөвшөөрч чаддаг онцлог бидэнд байсаар л байна. М.Бадарчийн түрүүг хурааж Ц.Бямба-Отгонд шилжүүлсэн ч тэд будний хувьд хоёул улсын наадмын түрүү бөх хэвээр.


2023 ОНЫ ТОЙМ

-Багийн спортоор тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгав-

  1. 3х3 эрэгтэй сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг азийн хошой аварга болж, Д.Дэлгэрням “Үнэ цэнтэй тоглогч”-оор тодров.
  2. Ой тогтоолтын ДАШТ-д эх орноо төлөөлөн М.Гэгээн-Оюун, ОУМ Э.Үүрийнцолмон, ОУ-ын Их Мастер, Дэлхийн аварга Т.Тэнүүн нар оролцож түрүүлэв.
  3. "PUBG MOBILE-2023" дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсын "IHC E-Sport" баг аваргын цомыг хүртсэн бол, хоёрдугаар байранд "Stalwart E-Sport", дөрөвдүгээр байранд "4Merical Vibes" багууд тус тус шалгарав.

-2023 онд спортын салбарынхан хамгийн сайхан мэдээнүүдийг дуулгав-

  • 2001 оноос хойш Сүмо бөхийн дэвжээнд хөл тавьснаасаа хойш 45 удаа түрүү хүртсэн домогт бөх Хакүхо М.Даваажаргал их спортоо орхиж, зодог тайлав
  • Боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ-ээс Л.Алтанцэцэг мөнгөн медаль хүртсэн
  • Боксын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ДАШТ-ээс Б.Чинзориг мөнгөн медаль, Б.Мишээлт хүрэл медаль хүртсэн
  • Шаравжамц Энхийн-Од NCAA-ийн I дивизионд “San Francisco Dons” багт нэгдэв
  • Чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн төрөлд гурван мөнгөн медаль авав
  • Дугуйчин С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртэж, Олимпын эрх авсан
  • Байт харвааны төрөлд Б.Отгонболд Азийн наадмаас алтан медаль хүртэж, аварга болсон анхны харваач болов
  • Азийн наадмын пара жүдо бөхийн +90 кг-ын жинд Д.Ганбат түрүүлсэн

-Жүдоч Ё.Басхүү, Л.Энхрийлэн нар Монгол Улсын Гавьяат Тамирчин болно-

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан салбартаа үр бүтээлтэй ажилласан эрхмүүдийг шагнаж урамшуулна.

Спортын салбараас л гэхэд жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Ё.Басхүү, Л.Энхрийлэн нарт Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдэг хүртээхээр болсон. Ё.Басхүү 2023 онд ДАШТ-ээс хүрэл, Азийн наадмаас мөнгө, их дуулгаас алт, хоёр мөнгөн медаль хүртэж, “Бөртэ чоно” наадмын шилдэг тамирчин болсон бол Л.Энхрийлэн ДАШТ-ий хоёр дахь хүрэл медалиа хүртсэн юм.


ӨМНӨХ КОНТЕНТУУД:

2023 оны тойм, нийгэм: Хүний жаалхан үр, аравхан настай Х Богд контентыг ЭНД ДАРЖ уншина уу.

2023 оны тойм, улс төр: “Аутист” улстөрч контентыг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-27 09:19

Бямба-Отгонд арслан өгсөн юмуу

тогтох
тогтох
2023-12-27 11:34

Аа бас хэтрүүлэгтэй бичиж шүү гарьд цолыг үзүүрлэсэн гэж өгсөн харин түрүүлсэн гэвэл арслан болно шүү

Зочин
Зочин
2023-12-27 20:16

3&3 Азийн хошой аваргыг онцлоогүй байна.

Холбоотой мэдээ

Back to top button