Туркийн Парламент Шведийг НАТО-д элсүүлэхийг зөвшөөрчээ
Туркийн Парламентын гадаад асуудал эрхэлсэн комисс Шведийг НАТО-гийн гишүүн орон болгохыг зөвшөөрсөн байна. Тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган аравдугаар сарын сүүлээр Шведийг НАТО-д элсүүлэхийг зөвшөөрсөн хуулийн төслийн Парламентдаа өргөн барьсан.
Тэгвэл хоёр гаруй сарын дараа буюу мягмар гарагт /2023.12.26/ Туркийн Парламент тус хуулийн төслийг баталжээ. Гэхдээ Шведийг нэгтгэх протокол дахин нэг алхмыг даван гарах ёстой юм. Туркийн хууль тогтоох үйл явцыг эцэслэн шийддэг алба бол тус улсын ерөнхий ассамблей аж. Одоогийн байдлаар Туркийн ерөнхий ассамблей Шведийг элсүүлэх асуудлаар хэлэлцэх өдөр товлоогүй байгаа юм.
Украины дайн эхэлсний дараа олон жилийн турш төвийг сахисан бодлого баримталж ирсэн Финланд болно Швед улс НАТО-д элсэх шийдвэр гаргасан. Хоёр улсын элсэх хүсэлтийг Турк эхэндээ эсэргүүцэж байсан ч удалгүй Финландад зөвшөөрөл олгосон байдаг.
Харин Шведийн хүсэлтийг тус улс нэг гаруй жилийн хугацаанд царцаагаад байгаа юм. Туркийн засгийн газар улсынх нь аюулгүй байдалд заналхийлдэг гэж үзсэн бүлгэмүүдэд Швед хэтэрхий зөөлөн хандаж байна гэх шалтгаанаар элсэх хүсэлтэд зөвшөөрөл олгохгүй өнөөг хүрсэн.
Гэхдээ Турк Шведийн НАТО-д элсэх хүсэлтийг өөр зүйлд хөшүүрэг болгон ашиглан тоглолт хийж буй. Тухайлбал Эрдоган энэ сарын эхээр Шведийг элсүүлэх хүсэлтийг батлах нь АНУ-аас 40 ширхэг шинэ F-16 сөнөөгч онгоц худалдаж авахтай шууд холбоотой гэж хэлсэн байна.
Мөн Эрдоган Канад гэх мэт бусад НАТО-гийн гишүүдийн Туркт тавьсан зэр, зэвсгийн хоригийг цуцлахыг уриалсан юм. Цагаан ордон Туркт F-16 худалдаалахыг дэмжиж байгаа ч Конгресс тус улсад зэвсэг нийлүүлэхийг хүчтэй эсэргүүцэж буй.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.