Хамба лам Д.Жавзандоржийн анхны ярилцлага: Мухар сүсэг эхэндээ хэрэгтэй, байнга бол буруу

МҮОНТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор МБШТ Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн их хамба лам, XXX Хамба Номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж оролцлоо. www.eguur.mn сайт “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Б.Оюунчимэгээс зөвшөөрөл авсаны үндсэн дээр уг ярилцлагыг бүрэн эхээр нь текст хэлбэрээр хүргэж байна.
-Богд гэгээн ном эрдэмдээ хичээж, хариуцлагатай үе дээрээ яваа-

-Бидний урилгыг хүлээн авч, морилон ирсэнд баярлалаа
-Боломж олгосон та бүгдэд гялайлаа.
-Ярилцлагаа таны Тэргүүн их хамба ламын ажилд томилогдох үед хэлсэн үгнээс эхэлье гэж бодоод байна. Та “Нэн хариуцлагатай шашин номын албан тушаалд томилогдлоо” гэж хэлсэн. Улс төрч голдуу хүмүүс ямар нэг албан тушаалд очихдоо “нэн хариуцлагатай үед” гэж тодотгон ярих нь олон байдаг. Тэгэхээр та нэн хариуцлагатай албан тушаалд томилогдсон өнөөдрийн энэ үеийг юу гэж тодорхойлох вэ?
-“Нэн хариуцлагатай албанд томилогдлоо” гэж яагаад хэлэх болсон бэ гэхээр, энэ цаг үед сүсэгтэн олон болон нийгэм маань уламжлал, бурхан шашнаасаа олон зүйлийг хүлээж байна. Дээрээс нь лам хувраг биднээс бурхны ном утга нь өөрчлөгдөхгүй ч гэсэн хүнд хүрэх аргыг нь арай өөр болгохыг бас хүлээж байгаа. Энэ цаг үеийн нэгэн тулгамдсан асуудал. Нөгөө талаар Монголын маань X Богд гэгээн ном эрдэм болгоож байгаа үе учраас энэ цаг үеийг шилжилтийн гэж харж ,нэн хариуцлагатай хэмээн тодорхойлсон санаа юм.
-Тийм байна. Энэ үгэн дотор та утгаа багтаажээ. Та сая Монголын X Богд гэгээнээ дурьдчихлаа. Бид нар чинь хааяа нийгмийн сүлжээнээс л ном эрдэмдээ шамдаж байгаа гэж зураг үзэх юм. Та мэдээлэлтэй байгаа юу?
-Тийм. X Богд гэгээн маань одоо нийтийн ярьдгаар бол нас балчир ийм зохиол үзүүлж байгаа. Нийт олныг соён гэгээрүүлэх их үйлсэд амьдралаа зориулах нь зүгээр нэг төрөөд болчихдог зүйл биш. Энэ бол хүн эрдмийг яаж өөртөө бий болгодог, улмаар эрдмийг мэдээд нэг зогсох биш түүнийгээ яаж өөрийн бие, хэл, сэтгэлийн үйл хэрэгтээ анхааран авч хэрэгжүүлэх гээд бүгд чухал байдаг болохоор, ном эрдэмдээ хичээж байгаа энэ үе бас их чухал, хариуцлагатай үе. Богд гэгээн маань чухамдаа ийм л үе дээрээ яваа гэж би хувьдаа харж байгаа. Ирээдүй сайн сайхан болно гэж итгэж, найдаж байна.
-Бид Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Нийт олноороо тэмдэглээд удаагүй ч гэсэн, 1911 оны цагаагчин гахай жил гэдэг монголчуудын амьдралд ямар чухал үйл явдлыг авчирсан болохыг бүгд ойлгодог болсон. Түүхчид, судлаачид ч энэ талаар олон сайхан баримтыг дэлгэн ярьдаг болжээ. Харин энэ бүхэнд хамгийн их дурсагддаг хүн бол VIII Богд шүү дээ. Танаас түүхэн үйл явдал, VIII Богд хоёрын тухай өөрийнхөө бодлыг хуваалцаач гэж хүсч байна?
-Баярлалаа. Үндэсний их эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ой удахгүй тохиох гэж байна. Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчинлэн хийдээс үүний хүрээнд Монголын Богдууд, тэр тусмаа VIII Богд гэгээн маань өнөөгийн Монгол Улсын тусгаар тогтнол, монголчуудын эрх чөлөөт амьдралд ямар хувь нэмэр оруулсныг тодотгосон ажлуудыг хийнэ. Энэ үйлсэд ганц шашны Оройн дээд Богд төдийгүй, төрийн үйл хэргийг хамт бүтээлцэж байсан олон ухаантан, олон хүмүүс байсан. Бид үе шаттайгаар тэдний тухай, энэ үйл явдлыг дэлгэрүүлэн түгээх ажлуудыг хийж, Богд хааны ордны музей болон судлаачид, түүхч хүмүүстэй хамтран ажил зохион байгуулж байна. 1911 оны 12 дугаар сарын 29. Ердийн үеийнхээр бодоход жирийн нэгэн өвлийн хүйтэн өдөр шүү дээ. Тэгэхэд монголчууд маань өглөө 10 цагийн үед Богд гэгээн залран, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо тунхаглах гэж байгаа тэр ордны ойролцоо цуглаад, урьд урьдаас илүү баяр хөөртэй, дээрээс нь хамгийн гоё хувцсаа өмсөж, зүүлт чимгээрээ гоёсон байгааг гадны эрдэмтэн, судлаач, аялагч хүмүүс харж “Энэ бол монголчуудын хувьд онцгой их баяр баясалтай өдөр байлаа” гэж бичиж байсныг тухай судлаачид ярьдаг. Улмаар Богд гэгээнээ залсан. Богд гэгээн маань тухайн үед шашны гол хүн байсан хэдий ч төр, шашин хослон баригч хаанд өргөмжлөх гэж байгаа зан үйлээ 10 гаруй ханатай гэрт зохион байгуулсан байдаг юм билээ. Ингээд Богд гэгээнээ Монгол улсын хаанд өргөмжилж, Богд гэгээн маань түүн дээр олон монголчууд тархай бутархай байсныг нэгтгэж өөрийн арга ухаан, номын эрдэм, хүч чадал, багш гурван эрдэнэ, сахиус бурханы адислалаар тэр бүгд бас их сайхан болсон юм байна. Тэр өдөр морин цагт Монгол Улс тусгаар тогтносон улс гэдгээ тунхаглаж зарлиг буулгаж улмаар Түшээт хан Намнансүрэн гэж ухаант хүнийг, бидний одоо хэлдгээр, Ерөнхий сайдаар томилсон гэж эрдэмтэд үздэг юм билээ. Тэр үед VIII Богд гэгээний зарлигаар Монгол Улсын анхны Засгийн газар таван яамтай байгуулагдаж байсныг хүмүүс мэднэ. Гэхдээ энд бас тодотгож баримт харж хэлэх гээд байгаа юм. 12 дугаар сарын 29 гэдэг өдөр маань ганц шашны баяр, Богд гэгээний гавьяа төдий биш. Богд гэгээний гавьяа байлгүй л яахав тэрийг удирдсан. Гэхдээ энэ бол монголчуудын баяр байжээ. Өөрөөр хэлбэл, ганц лам, шашны төлөөлөл биш төрийн хүмүүс хичээж зүтгэсэн байна. Гадаад хэргийг бүгд эрхлэн шийдэгч яам, тэргүүн сайдаар Чин ван Ханддорж, Дотоод хэргийг бүгд захиран шийдэгч яам тэргүүн сайд нь Да лам Цэрэнчимэд, Сангийн хэргийг бүгд захиран шийдэгч яам, тэргүүн сайд нь Түшээт хан Чагдаржав, Цэргийн хэргийг бүгд захиран шийдэгч яам, тэргүүн сайд Далай ван Гомбосүрэн, Шүүх таслах хэргийг бүгд захиран шийдэгч яам, тэргүүн сайд нь гүн Намсрай. Ийнхүү таван яамыг байгуулж, сайдууд, холбогдох хүмүүсийг томилсон тухай Богд гэгээн маань зарлиг буулгасны дараа “монголчууд орой 10 цаг хүртэл тарахгүй тэндээ маш их баясалтай байсан” гэж гадны аялж байсан хүмүүсийн тэмдэглэлд байдаг юм билээ. Энэ бол ялангуяа, бидний хойч үе хүүхэд залуус улс орны тусгаар тогтнол гэж ямар чухал вэ гэдгийг ойлгоход тустай жишээ. Энэ дэлхий дээр тусгаар тогтнол битгий хэл жаахан газрын төлөө улс орон ямар амаргүй даваа туулж байгааг бид харж байна. Тэгэхэд бид өнөөдөр тусгаар тогтносон, эрх чөлөөт эх орондоо, бүрэн бүтэн газар нутагтаа амьдарч байгаа нь VIII Богд тэргүүтэй, сая алдрыг нь өгүүлж буй олон хүний ач учраас бид тусгаар тогтнолын их үнэ цэнийг энэ өдөр бодож тэмдэглэдэг болсон. Та удаагүй гэдгийг хэлж байна. Гэхдээ айл бүр энэ өдрийг санадаг, үр хүүхдэдээ таниулдаг, залуу гэр бүл энэ өдрийг тэмдэглэдэг, бусдыгаа уриалдаг байвал бидний үндэсний дархлаагаа бататгаж байгаа том хэрэг юм гэж өчүүхэн хувраг хүний хувьд боддог юм.
-Номын багшийнхаа нэрийг хэлэхээс цээрлэдэг учраас намайг “Монгол багш” нэрээр авгайлсан байсан-

-Яг үнэн. Үнэхээр бүгдээрээ бодмоор, дэмжмээр. Би өөртэй тань холбоотой ганц нэг асуулт асуугаад цаашаагаа шашны өв соёл, бидний дархлааны тухай яриагаа үргэлжлүүлье. Таныг “Монголын шинэ үеийн анхны лхаарамба” гэж тодотгоод ярьж байхыг сонслоо. Бидний хувьд лхаарамба гэж мэдээд байна. Тодотголын тухайд...?
-1990-ээд он буюу ардчиллаас хойш хүмүүс шашин шүтэх эрх чөлөөтэй болж, Энэтхэг болон өөр газруудад монголын бурхан шашны лам хуврагууд боловсон хүчнүүдээ бэлтгэж эхэлсэн. Энд зарим хүмүүс багш дээдсийн заавраар, зарим нь өөрийн хүсэл эрмэлзлээрээ явж ном үзэж байсан. Заримыг нь бодлогоор явуулж байсан. 1990 онд анхны таван лам Энэтхэгт суралцахаар явж байсны нэг нь би юм. Миний хувьд цаг хугацааны тохироо л тэгж таарсан. Би анх 1998 онд очихдоо энд багш дээдэс, олон лам хуврагуудын ачаар дээдийн ном үзэх завшаан олдож байсны ачаар эхнээс нь яваагүй, нэг хоёр анги алгасан ном судлах боломж олдсон. Миний өмнө лхаарамба болох байсан зарим лам нар маань эрдмийн зарим чиглэлээр судалгаа хийх, гадагшаа өөр сургуульд явах сонголт хийж явсаар байгаад нэг мэдсэн хамгийн түрүүн лхаарамба цолыг хамгаалах хүн би болсон. Цаг хугацааны ч юмуу тохиолдлоор ингэж таарчихсан. Тэр утгаар шинэ цагийн анхных гэсэн болов уу. Лхаарамба гэдэг нь буддын гүн ухааны хамгийн олон үе шаттайгаар хамгаалдаг хамгийн дээд цол нь. Өөр өөрсдийн үндсэн таван ботийн ном нь зарим дацанд 16, 17, 18 жил суралцаж хөтөлбөрийг дүүргээд, түүний дараа зургаан жилийн эрдмийн ажил хийж түүнийгээ амжилттай хамгаалбал лхаарамба гэж цолыг хамгаалдаг. Шинэ үеийн анхны лхаарамба гэдэг нь цаг хугацааны тохиол, аав ээж, өвөг дээдэс, багш дээдсийн ерөөл адислалаар бүр энгийнээр хэлэх юмбол сохор азаар таарчихсан зүйл.
-Таныг тэргүүн хамбаар сонгогдохоос өмнө хүмүүс “Монгол багш, монгол багш” гэж ярихыг сонсоод гадаадад хичээл заадаг монгол багш юм байхдаа гэж боддог байсан. Сүүлд нь харин сэтгүүлч Уранчимэгийн бэлтгэж байсан “Ариусахуйн Гүмүда” нэвтрүүлгээс харж байхад нээрээ л их олон лам хүүхдүүдэд хичээл зааж байна билээ. Тэнд бас олон гадаад хүн байжээ?
-Олон хүн байсан. Тэр дундаа бид чинь гол нь, бурхны ном зааж байгаа багшийнхаа алдрыг нь цээрлээд, авгайлж, хүндэтгэлийн алдраар дууддаг. Нэг жишээ хэлэх юм бол, ах нар маань ч гэсэн, дараагийн үеийн номын нөхдүүд ч гэсэн зарим багшаа “Залуу багш”, зарим багшаа “Өндөр багш” гэж авгайлж хүндэтгэдэг. Энэ алдрыг харин шавь нар нь хоорондоо ярьж байгаад гаргасан байдаг. Хэн гаргасныг зарим нь мэддэггүй. Энэтхэгт олон орны хүмүүс байсан. Тэдэнд хичээл зааж байхад л, намайг тэд дундаа “Монгол багш” хэмээн авгайлж байсан юм байна. Би тэрийг нь мэддэггүй байсан. Гэтэл тэр нэрийг монголоос сурч байсан лам нар ирэхээрээ мэдээд, гэрийнхэндээ хэлдэг, “Танай багш хэн юм бэ?” гэсэн асуултанд “Монгол багш” гэж л хэлээд байсан юм шиг байгаа юм. Тэгээд намайг нэг удаа Монголд ирэх үеэр лам хүүхдүүдийн гэр бүл ирж уулзахдаа “Монгол багшаа” гээд байхаар нь өөр хүнийг л яриад байна гэж бодож байлаа. Сүүлдээ тэр хүн нь би болж хувираад, эхэндээ жаахан ичиж байсан. Тэгээд эргэж очоод нөгөөдүүлдээ: “Та хэд намайг арай өөр нэрээр дуудаж болохгүй юм уу?” гэхэд сургууль даяар тархсан гэж хэлсэн. Давтлага их өгдөг байсан. 100 гаруй хүнтэй анги байлаа гэхэд ном үзээд сайн болчихсон байвал нэмж нарийсаж хөтөлдөг, хооронд нь тэмцээн уралдаан, мэтгэлцээнд оруулдаг. Тэр үед залуу лам нар тэгж нэрлээд тэр нь монголд аав, ээжээр нь тархаж дамжаад сүүлдээ би болиулья гэсэн дийлэхээргүй ингээд тарчихсан.
-Харин их гоё авгайлсан нэр юм биш үү. Та энэ албанд томилогдох үедээ хэлсэн бас нэг онцлох санаа бол ер нь энэ бурхны ном уншлагыг монгол хэлээр болгоно, энэ ажлыг нэмэгдүүлнэ гэсэн агуулгатай байсан. Гэхдээ энд талаар тодруулмаар зарим асуулт байна л даа. 16 дугаар зуунд Ганжуур, Данжуураа монгол хэл рүү орчуулчихсан байж яагаад бид өдий болтол Буддын номоо төвд хэлээр уншиж ирсэн юм бэ? Ер Бурханы номыг уншихад, анх хэлэгдэж байсан тэр хэлнийх нь ая дан илүү таардаг гэж байх уу? Ер нь тухайн номын увидас нь монгол хэл рүү дамжиж ирдэг юм болов уу гэсэн бодол төрөөд танаас асууя гэж бодоод...?
-Ер нь энэ талаар өмнө нь ч боддог байсан л даа. Нэг талаасаа олон хүмүүс тэгж хүсдэг, уулзахад саналаа хэлдэг байсан. Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургуулийн Оройн дээд буюу энгийн хүмүүс суралцдаг ангид би 2020 оны намраас хичээл орж эхэлсэн. Энгийн хүмүүст хичээл ороход мэдээж монгол хэлээр ярина. Тэгэхдээ зарим үгийг төвдөөр хэлэх хэрэг гарна. Тэр үед зарим суралцагч нар “Багш аа, үүнийг монголоор бичиж яагаад болдоггүй юм бэ?” гэж асуудаг. Тэр үеэс би их бодсон. Нээрээ л хүмүүс ингэж хүсэх нь аргагүй юм байна. Бид бол багаасаа судалчихсан болохоор монгол хэлнээс ялгаагүй ойлгоод яваад байдаг ч, өөр хүмүүст аргагүй гэдгийг ойлгосон. 2019 онд Монголд ирээд нэг нэвтрүүлгийн зочноор оролцоход ч энэ талаар надаас асууж байсан. Тэгэхээр, энд нэг зүйлийг тодруулах хэрэгтэй. Номыг уншаад үзэхээр бүгд төвд биш юмаа. Энэ дунд самгард хэл буюу санскритаар ч уншиж байгаа. Дээр үед Бурхан багш номоо энэ хэл дээр айлдаж байсан. Зарим нь төвдөөр байдаг. Гандантэгчинлэн хийдийн цогчин уншлагад зарим номыг монголоор уншдаг. Тэгэхээр бүгд төвдөөр уншдаггүй гэдгийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй гэж тайлбар хэлэх гэсэн юм. Албанд томилогдсон ёслолын өдөр би, монгол хэлээрээ бурхны номыг уншиж, судлах боломжийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэсэн санааг хэлсэн. Нэмэгдүүлнэ гэдэг нь юу юугүй өнөөдөр өөрчлөх тухай биш юм. Ийм боломж бас байна уу гэдэг одоогоор бас эргэлзээтэй. Яагаад гэхээр бүгдийг орчуулах гэх нь буруу юм. Учир нь Бурхан багшийн анх тухайн хэлээрээ айлдсан айлдварыг тэр хэвээр нь авч явах нь адис жанлав, таны хэлснээр увидас талаасаа илүү. Нөгөө талаас зарим тарнийн үг олон утгуудыг кодлоод өнгөцхөн харах юм бол анзаарахгүй болгоод сав төгөлдөр буюу өөрийн оюун санаа нэлээд дээд түвшинд очсоны дараа тэрийг ойлгож чадахаар далд байдлаар оруулсан байдаг. Нэг жишээ хэлэхэд, хүнд яг ийм үед үүнийг бясалгаарай гэдэг санааг хэлэхдээ, энэ үед тайван байгаарай гэдэг үгээр оруулчихдаг. Ердийн хүн харахаар тайван байгаарай гэсэн үг байгаад байдаг. Нэлээд өөрөө судлаад, үе шат ахиад, өндөр түвшинд гараад ирэхээр тайван бай гэдэг нь ямар тайвныг хэлэх вэ гээд задлахаар цаад нарийн утгаа тайлж чаддаг. Зарим нэг нь багшаар хөтлүүлж байж тайлагддаг. Тэр багш үүнийг яг чаддаг хүнд нь өвлүүлж үлдээхгүй бол чадах чадахгүй хүн оролдвол цаад хүндээ тус болохоосоо сөрөг юм гарч мэдэх ийм айлдварууд байдаг. Үүнийг орчуулах нь буруу. Нууцалсан байдаг. Тэгэхээр хэмжээ нь болохоороо тайлдаг ийм айлдваруудыг монгол хэлээр орчуулах нь цаг үеэ олоогүй алхам болох байх. Төвдөөр ч орчуулаагүй байдаг. Тэгвэл орчуулахад зохистой буюу хүмүүс бидэнд нэн хэрэгтэй нь бол хүний сэтгэлгээг өөрчилдөг сургаалууд байна. Хүний амьдралд ус агаар, хоол хүнс шиг хэрэгтэй, хүн яавал сэтгэлгээгээрээ илүү гэгээлэг, оюунлаг, сэтгэлээрээ яавал зөв байх вэ, хүн ер нь яаж зөв амьдрах юм, яагаад алдаад байгаа юм гэх мэтээр энэ бүгдийг таниулж өгсөн сургаалуудыг орчуулах нь чухал. Санскрит хэл дээр байсныг төвд рүү орчуулсан байдаг. Төвд орчуулгыг дээр үеийн мэргэд монгол дээр орчуулсан байдаг. Өөрөөр хэлбэл орчуулахаа ч бас нь үе шаттай, ангилж хийх юм байна. Нэмэгдүүлнэ гэдэг дээр тайлбар хийе. Хурлын уншлага дээр хүмүүс ойлгодоггүй. Ойлгохгүй байгаа нь аргагүй байна. Гэхдээ өөрсдийгөө жаахан хүчлээд, мэрийгээд судалбал орчуулчихсан ном зөндөө байдаг. Өөр нэг зүйл бол, сая бид Зулын 25-нд, Богд ламын их дүйчин өдрөөр нийтэд номын тайлбар хүргэхдээ өмнөх уншлагыг нь монголоор уншиж анхны эхлэлийг тавьсан. Их дүйчин өдрөөр эхлүүлье гээд 1000 ном хэвлээд хүрээгүй. Нэлээд олон хүн ирсэн юм билээ. Тэнд ирсэн хүмүүс лам нарыг монголоор уншихад дагаж уншаад, уншихдаа утгыг нь өөрийнхөө хэмжээнд ойлгоод ирэхээр их сайхан байсан гэж сүүлд нь ярьж, хүүрнэж байсан гэсэн.
-Цаашдаа сард монгол уншлагын нэг өдөртэй болно-
Цаашдаа бидний төлөвлөгөө, ирээдүйд зорьж байгаа зүйл бол сард нэг өдөр гаргая. Орон хийдийн 30 өдрийн хурал номын хуваарь байдаг. Тэр хурал ном бол одоогийнхоороо явж байна. Туршилт болгоод сард нэг өдөр монголоор уншдаг уншлагатай хурал нээе, тэнд хэдэн ламаа залаад, сүсэгтэн олонд зар тараахаар амжих нэг нь морилж ирээд шууд тараалтаар номыг тарааж, цахим орчинд байршуулаад хамтдаа уншина. Ингэж уншаад хүмүүсийн аманд нэр томьёо нь дадаад ирвэл сургалт явуулья. Жишээ нь, “Хамаг амьтан амгалангийн уг лугаа төгөлдөр болтугай” гэдэг өгүүлбэр байна. Энэ олон үгэнд бас тайлбар хийхгүй бол ялангуяа залуус хүмүүст ойлгоход амаргүй. Тэгэхээр тодорхой хугацааны дараагаас сургалт явуулна. Ингээд харахаар үр дүн нь ямар байна, өөрчлөлт гарч байна уу гэдгээ тодорхойлоод, дараа дараагийн сургалтаа үе шаттайгаар хийе гэж бодож байгаа.
-Яг наадахыг чинь сонсож байхад орчуулгыг төгс төгөлдөр гаргах орчуулагч манайд байдаг болов уу гэсэн бодол төрж байна. Хүүхдүүдээ бид, юм уншсангүй, бичихдээ үг үсгийн алдаа их гаргаж байгаа талаар харамсаад ярьж байна. Тэгэхээр тэрийг агуулгаар нь, зөв орчуулах боловсон хүчин манайд байгаа юу?
-Боловсон хүчин байна. Түүнээс гадна дээр үед Ганжуур тэргүүтэн номыг орчуулахын өмнө мэргэд журамласан толиуд гаргасан байдаг. Гандантэгчинлэн хийдийн дэд хамбаар ширээнд заларсан байгаа Гантөмөр гээд гавж ах маань байдаг. Гантөмөр лам “Энэ ажлыг хийе, хүн бүхэн өөр өөрийнхөөрөө орчуулах биш, ямартай ч журамлая. Журамлаад зогсохгүй энэ дээр ажлын хэсэг байгууулж, тал талын, хэлзүй, түүх судлаач олон хүний хамтарсан баг гаргаад орчуулсан номуудаа хянуулдаг байя” гэж байгаа. Журамлачхаж байгаа юм чинь энэ журмын дагуу орчуулагдаж уу, утга дээр яаж байна, тэгээд болоогүй байвал залруулах зүйлийг нь тодотгож өгөөч гэнэ. Тэр хүн залруулаад бидний зүгээс гаргах зөвшөөрөл өгвөл сүсэгтэн олон нэг шугамаар явна. Бид үүнийг ирээдүйн ажлынхаа нэг болгосон байгаа. Та үгийг орчуулах боловсон хүчин гэдэг дээр нэг зүйлийг цаанаа илэрхийлж байна. Юу вэ гэхээр, хэдий ингээд монголоор орчуулсан ч гэсэн дээр үеийн сонгодог үгүүд байдаг учраас одоо цагт төдийлөн хэрэглэгддэггүй. Жаахан хүүхдүүд, идэр залуу насны хүмүүс үзэх гэхээр ойлгохгүй. Тэгэхээр үүнийг амархан болгоё гээд номыг орчуулах гэдэг нэг өөр, амархан байдлаар шинээр бичье гэвэл тэрэнд нь таарсан байдлаар болгох хэрэгтэй. Орчуулгыг ахлах, дунд ангийн хүүхдэд ойлгогдохоор хийе гэвэл нөгөө нэг үгийг амархан болгоод хэлчих гэхээр тухайн үгийн утгыг илэрхийлж чаддаггүй. Нэг юм дутуу болоод байдаг. Олон талаас бодож хийх ёстой ажил.
-Бурханд хүрэх зам хүн бүрт өөр өөр байдаг гээд ярьдаг. Энэ талаар авцалдаа муу байж магадгүй ч, би танаас асуух гээд байна л даа. Жишээ нь, христийн шашныхан айлын хаалга тогшоод, танилцуулга сарвайгаад, “Та Есүсийн тухай мэдэх үү? Мэдэхгүй бол энүүхэнд байгаа сүмд хүрээд ирээрэй” гэдэг. Бурхны шашин маань болохоор “Бурхан өөрт чинь байгаа, өөрөөсөө хай” гэдэг. “Хүрээд ир, би чамд ойлгуулаад өгье” гэдэггүй. Энэ хоёрын хооронд ялгаа байх шиг. Зарим хүмүүс цаанаасаа гэх үү, уламжлалаа дагаад сүсэгтэн болоод явж байна. Зарим нь тэр зам руу дуудах хүн байхгүй болохоор очихгүй байгаа юм болов уу гэж бодогддог?
-Аливаа шашин хүний сайн сайхны төлөө байж, олон хүнд ач тусаа өгч байдаг. Шашин хоорондын эв нэгдэл гэдэг маш чухал. Шашин хооронд зөрчил гарвал дэлхий нийтэд хэцүү. Ийм олон зүйл түүхэнд тохиолдсон байдаг. Шашин их чухал. Хоорондын эв нэгдэлд их чухал гэж боддог. Бусад шашин хүн дээрээ ирж, цааш нь чиглүүлж авч явж байна. Бурхны шашин бол хүлээгээд ирвэл ирээрэй, танд бүх юм нь байгаа шүү гэдэг гэвэл хүн хүний харах өнцөг л байх гэж бодож байна. Нэг жишээ хэлэх юм бол, МБШТ Гандантэгчинлэн хийд болон бусад бурхан шашны сүм хийдүүд, бурхан шашны сургалтын төвүүд айлын хаалга тогшихгүй байж магадгүй ч, зар явуулаад хүрэлцэн ирээрэй гээд урьдаг. Хаалга тогшихгүй байгаа дээр, нэг талаасаа бид тогших нь зөв үү, буруу юу гэдгийг түр орхиод бурхан багш өөрөө “Миний сургаалыг өөрөө сонсоод шууд битгий хүлээж ав. Алтыг гурван үе шатаар ажигладаг шиг эргэцүүлэн ажигла. Ингэж ажиглаад бодит үнэнд нийцэж байвал та үүнийг сонгоорой” гэснийг хэлмээр байна. Тэр утгаараа нэг талаас ямар ч гэсэн хийдүүд сургалтын төвүүд хүмүүсийг хүрээд ирээч гэдэг юм байна шүү. Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургуулийн Оройн дээд ангийн сургалт байна. Өөр төвүүдэд байнгын ийм үе шаттай сургалтууд байна. Олон хүн түүнийг сонсоод ирдэг. Гэхдээ ер нь бол та ойрхон байгаа газар очооч гэхээсээ илүүтэй, таниулж өгөх нь бидний үүрэг, алийг сонгох вэ гэдэг нь тухайн хүний сонголт. Тийм болохоор би шашныг сонгох тал дээр хувь хүн талаасаа ч шашин талаасаа ч ингэж хардаг. Аливаа юмыг хүн мэдэхгүй бол судлах эрх нь түүнд байгаа. Судлахдаа хүн өөрийн нөхцөл байдлаа харж байгаад сонгох байх. Аль шашныг вэ гэдгээ хүн өөрөө л сонгосон нь зөв. Тэгэхгүй хэн нэгэн тулгаад байвал, эсвэл янз бүрийн бэрхшээлтэй байгаагаар нь барьцаалаад шахаад байвал магадгүй тухайн үедээ сонголоо ч, үүнээс нь өөр итгэл үнэмшил байгаагүй бол дараа нь өөрт нь хэцүү байх вий. Ийм зүйл байдаг. Энэ нь бурхан багшийн өөрөө л сонгоорой гэдэг айлдвартай нийлж байна гэж боддог.
-Сүсэгтэн гэж сүсэглэлийг сэтгэлдээ тогтоосон хүнийг хэлнэ-

-Болохгүй, бүтэхгүй байгаагаар нь барьцаална гэж хэллээ. Үүнээс үүдээд нэг зүйл асууя. Сүсэгтэн гэж хэнийг хэлдэг вэ. Бидний хувьд, тодорхой үед бурхангүйн үзлийн нөлөөнд автсан хэд хэдэн үетэй. Сүсэгтэн гэдгийг яг яаж ялгах, тодорхойлолтыг та юу гэж хэлэх вэ?
-Сүсэгтэн гэдэг маань аль нэг өөрийн итгэдэг, намайг аварна, аварч байна гэсэн сүсэглэлийг сэтгэлдээ тогтоож аваад, үүндээ үнэн сэтгэлээсээ намайг аварна гэж итгэж байгаа хүнийг хэлнэ. Сая та шашингүйн үзэл гэж хэллээ. Зарим хүн шинжлэх ухааныг, зарим нь ээжийгээ шүтнэ гэж хэлдэг. Ээжийгээ шүтнэ гэдэг болон сүсэгтэн хүн хоёр ялгаатай. Сүсэгтэн хүн гэдэг аль нэг зовлон бэрхшээлээс ингэж аварна гэдэг өөрийн нэг шүтээн, шүтэж дээдлэх зүйлийг тодорхой болгоод, өөрөө сайн тодорхой болгоогүй ч итгээд сүсэглэж зовлон тохиоход намайг авраач гэж хүсдэг. Ийм байдлаар сүсэгтэн хүнийг тодорхойлох байх. Аав, ээжийгээ шүтнэ гэдэг бол дээдэлнэ гэдэг утгыг илэрхийлж байгаа.
-Мухар сүсэгт итгэж байгаа нь олон байна. Мухар сүсэг, чин сүжиг хоёрын ялгаа нь юунд байдаг вэ?
-Чин сүжиг нь учир шалтгааныг нь ойлгосон баттай сүжгийг хэлж байгаа юм болов уу. Мухар сүсэг гэдэг нь учир шалтгаан, үндэслэлийг нь ажиглаагүй ч, ийм шүү гэхээр нээрээ л тийм юм байна гэж үндэслэл багатай, эсвэл үндэслэлгүйгээр шууд итгэж байгааг хэлэх болов уу.
-Энэ дотор жаахан айдас яваад байна уу?
-Сүжигт бол айдас байхгүй байх. Сүжиглэх болсон шалтгаанд айдас байж болох юм. Гэхдээ би энд нэг зүйлийг хэлэх нь зүйтэй байх аа. Мухар сүжиг бүр буруу, байдал бүгдээс нь үзэн ядах нь юу бол. Яагаад гэхээр бид мухар сүжиг эхэлж төрөөд дараа нь чин сүжиг рүүгээ явдаг. Зарим хүмүүс анхнаасаа мухар сүжгийг хүлээж авахгүй учир шалтгааныг нь ойлгоод ирэхээрээ сүжиглэдэг. Энэ бол учир шалтгааны үндэслэлээр очиж байгаа учраас анхнаасаа чин сүжиг болж болно. Гэхдээ анхнаасаа олон хүн тэгж чаддаггүй. Энэ бол нэлээд мэдлэгтэй, өөрөө юмыг ажиглаж дадсан, арга барилтай хүний сүжиг нь чин сүжиг шууд болж байгаа юм. Жишээ нь амьдрал дээр хүн, надад ийм нэг бэрхшээл байна, тэр ах маань л туслах болов уу гээд баталгаа байхгүй хэрнээ итгэл тээгээд түүнтэйгээ уулздаг. Ингээд уулзтал алгуур алгуураар гэрэл гэгээтэй болсоор ажил нь бүтлээ. Эхлээд тэр хүнд баттай итгэл байгаагүй. Гэхдээ тэр хүнд хандсан нь буруу байгаагүй. Тийм учраас мухар сүжиг эхэндээ буруу гэж боддоггүй, тэр хэрэгтэй. Гэхдээ дандаа мухар сүжгээр явна, дандаа түүнд найдна гэдэг нь буруу юм байна. Яагаад гэхээр би залбирчихвал л болно гээд дандаа залбирахдаа итгээд, ном уншуулж, бурхандаа зул, тахил өргөж байгаагаа “Энэ л ганц болно “гээд байвал мухар сүсгээрээ туйлшраад явна гэсэн үг. Тэгэхээр мухар сүсэг анхандаа хэрэгтэй, тэндээ байнга байгаад байвал буруу. Ийм учиртай.
-Олон зүйлийг асуумаар байвч нэвтрүүлгийн цаг дуусч байна. Би өөрийн болоод бусдын сэтгэл зовоодог нэг зүйлийг асууя. Өнөөдрийн сошиэлд байгаа байдлаас ажихад, бид чинь их л догшин араншинтай, уур хилэнтэй байгаад байна. Үүнийг харахаар нийтийн хилэнц, нийтийн буян доройтох гэдэг юм болох вий гэж бодох. Нийгмийн нөхцөл байдал, олон нөхцөл шалтгаан ч бухимдуулж байна. Гэхдээ хараалыг хамаагүй урсгасан энэ байдалдаа бие биеэ уусгаад байгааг бид яах вэ?
-Бидний нийгмийн олонх нь ингээд байвал үр дагаварт нь олонхоороо хэцүү зүйлтэй тулгарах вий. Яагаад гэхээр, нэг хүн муу сэтгэлээр, муу сэдлээр муу үг хэлээд, буруу үйлдэл хийж бусдыг үүндээ даган баясгуулж хамруулаад, ингэхийн хэрээр хамтдаа буруу үйл хурааж байдаг. Магадгүй нэг газар 10 хүн байхад 6 нь буруу үйлдэл гаргаад байвал, арван хүнд бий болж байгаа гадна талын ууж идэх, өмсөх зүүх, байгал орчин, цаг агаар гээд хамаг зүйл сөрөг болоод байдаг. Сөрөг болохын хэрээр бид өөрсдөө л зовно. Мэдээжийн хэрэг, бидний сэтгэлд нийцэхгүй, бухимдуулам гаднын зарим зүйл шалтгаан болно. Гэхдээ дэлхийн хамгийн сайн орон гээд нэг газрыг нэрлээд очиход, тэнд ч гэсэн асуудал байж л байгаа. Харин тэрийг хүмүүс ямар байдлаар харах вэ, яаж зохицуулах вэ, оюунаа яаж жолоодох вэ гэдэг нь л өөр өөр байгаа. Тийм болохоор гадна талд байгаа бэрхшээл бүгдийг бид арилгаад өөрсдөө сайхан амьдарна гэвэл дэлхий дээр тийм газар байна уу, үгүй юу. Нэг гэр бүл, ах дүү гэж бодоход санаа нийцэхгүй юм зөндөө гарна. Тэгэхээр энэ бүгдийг сайхан болгоод өөрөө дараа нь сайхан амьдарна гэдэг бол үгүй юм. Газар дэлхийн өргөсийг түүчхээд дараа нь хөл нүцгэн явна гэж байхгүй. Хувь хүн өөр өөрийгөө удирдах, хүн юу гэж бичнэ, хэлнэ тэрийг давах уу, үгүй юу, ямар байдлаар хүлээж авах вэ гэдэг л бидэнд байгаа болохоор энэ улс бид бүгдээрээ дор бүрнээ болохгүй, бүтэхгүй байгаа юманд гарц гаргалгаа юу байна гэж бодох л хэрэгтэй. Дор бүрнээ сайн сайхан сэтгэлийг төрүүлж, дор бүрнээ өөртөө оногдсон үүрэг хариуцлагаа ёс журам, дэг жаягтай үүрээд, олонхи сэтгэлээ жолоодоод явахын хэрээр сайхан болох байх гэж боддог. Үүнийг сонсож болгоож байгаа хүн бүхэнд ч ингэж л уриалмаар байна.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дээдсийн айлдварт Буддын шашний төв умартад шилжиж Жавзандамбын шашин дэлгэрнэ гэсэн гэдэг. Тэр цаг ирж ирж буй мэт санагдаж сайхан байна. Харин бид, бусдын хоосон хорон үгийг даган шашин болоод аравдугаар Богдын тухайд элдвийн муу үг хэлж яримааргүй санагдана. Шашингүй байгаад хөгжсөн хүчирхэгжсэн улс гэж дэлхийд байхгүйг ухаараач дүү нар минь. Ерөөс шашин бол төр засгийн хийх боломжгүй, хүч нь хүрэхгүй их үйлсийг бүтээж чадах оюун санааны их боломж, чад�##� гэдэг. Аравдугаар Богдын институтыг зөв төлөвшүүлэн хүчирхэгжүүлж, Монгол туургатны хэмжээнд хөгжүүлэх үйлсийг Хамба номун хан маань оройлон удирдана гэдэгт итгэж байна.
Шашин сурт�##� Ном Лам Хийд орноо Дархлаатай байлгамаар байна.Хэн Дуртай нь Харааж зүхээд Бахаа хангачихаад гараад явдаг болгомооргүй байна.Хамга�##��##�т аа З�##�уужуулмаар байна Харилцаа ханд�##�гадаа хянуур няхуур баймаар байна Хурлын уншилгийн дундуураа Чоумбо Дуганчаараа Ямар ном уншиж байгааг зөвөлгөөтөй нь зар�##�уулдаг болгомоор байна.Бас Хууль хян�##�тын байгуулгатай харилцаа хамтын ажилгаатай байж Хулгайчнараа цэгцэлмээр байна
санскрит ч байна уу төвд ч байна уу ямар хэл дээр буйгаас үл хамаараад тэдгээрийг орлох монгол сайхан хэллэгүүд байгаа шүүдээ. бурханы номыг монгол хэлнээ рчуулж таниулах, үнэмшилтэй болгхгүй бол сохроор харь хэл дээр юм сонсоод хэрхэн бишрэл үнэмшил төрөх билээдээ. нэг үг нь хураангуй утга илэрхийлж буй бол зүүллэг тайлбар хийждэлгэрүүлж тайлсан ном гаргаад, эсхүл тэр дэлгэрүүлсэн агуулгаар нь болгож бичээд уншаад тгтмоор байгаа шүү. Үүнд шашны оон мэргэжилтэн оюутан, лам нарыгаа хүчийгнь дайчилж зохион байгуулах хэрэгтэй. Үүнийг бүр хөтөлбөр болгож хэрэгжүүлээрэйдээ. Мөн гандан хийд, лам нар ариун цэвэр, ёс суртахуун т�##�аасаа ихэд дорой байгаа шүү. Та энд эргэлт гаргаарай. Лам нар �##�ь хир цэвэрч үлгэр жишээ, ёс суртахуун өндөртэй байх тусам хүмүүс итгэл үнэмшилтэй, хүндэтгэлтэй хандана шүүдээ. Үүнээс л ажлаа эхлэхийг хүсье. Энэ т�##�д манай өмнөх хамба тань үнэндээ юу ч хийж чадаагүй юмаа.
Лам нарын Эрүүл ахуй т�##� дээрэх үзэл онол дээр үг дайя Хувьсг�##�аас хойших Коминтерний бодлогоор хийгдсэн сурт�##� кино мэдээ мэдээлэлд Бүх Муу муухай бохир заваан бүхэн Танай Шарын шашинаас үүдэлтэй гэсэн сурт�##�ыг Тухайн үед Монголчуудын сэтгэцэд хүчээр суулгаж өгсөн нь маддаггүй заримдаг гийгүүлэгчдэд бүр тэмбүү яр тах�##� тусгадаг Д�##� тариа ч хийж ирсэн.
сайн байцгаана уу. Баярл�##�аа, "эгүүр"тээ. Сайхан хөөрөлдөөн болжээ.