Нийгмийн

2023 он Монголын кино урлагт шинэ салхи сэвэлзсэн жил байлаа

Улиран одож буй 2023 онд Монголын кино урлагийн салбарт шинэ салхи сэвэлзсэн жил байлаа. Канны кино наадамд оролцож, Венецийн кино наадмаас шагнал хүртэж, Монголын кино урлаг дэлхийд танигдсан жил өнгөрлөө.

Энэ удаа бид монголд төдийгүй дэлхийд нээлтээ хийж олон арван үзэгчдийн хүртээл болсон киноны мэдээллийг хүргэж байна.

-Канны кино наадмын "Un Certain Regard" төрөлд монгол уран бүтээл шалгарлаа-

76 дахь удаагийн "Каннын Олон улсын кино наадам"-д Монгол Улсаас "Баавгай болохсон" уран сайхны кино нэр дэвшсэн билээ. Найруулагч П.Золжаргалын "Баавгай болохсон " уран бүтээл нь Каннын олон улсын кино наадмын “Un Certain Regard” төрөлд нэр дэвшсэн бөгөөд энэ оны тавдугаар сард "Debussy Theatre"-т дэлхийн үзэгчдийн хүртээл болсон юм.

Энэ сарын эхээр “Баавгай болохсон” уран сайхны кино олон улсын кино наадмын "Шилдэг дебют кино"-гоор шалгарч, "Алтан алим" цом хүртсэн аж.

"Баавгай болохсон" уран сайхны кино нь “Амигдала фильмс” болон “Urban Factory Production” компани хамтран бүтээсэн бөгөөд энэхүү кинонд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй бүсийн ерөнхий боловсролын сургуульд сурдаг 15 настай хүү амьдралаа өөрчлөхийн тулд физикийн олимпиадад оролцож дээд сургуулийн тэтгэлэг авч байгаа түүхийг өгүүлдэг юм.

Сонирхуулахад, Энэхүү уран бүтээл ирэх оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн кино театруудаар гарах юм.

-"Screen Daily" сэтгүүл 2023 онд хамгийн их хүлээлттэй 18 залуу найруулагчийн нэг П.Лхагвадулам-

Уг уран сайхны кино нь залуу найруулагч П.Лхагвадуламын анхны бүрэн хэмжээний кино бүтээл бөгөөд түүнийг Английн кино урлагийн мэргэжлийн нэр хүнтэй "Screendaily" сэтгүүл 2023 онд хамгийн их хүлээлттэй 18 залуу найруулагчийн нэгээр нэрлэж байв. Залуу найруулагч П.Лхагвадулам нь “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киногоороо 2022 оны Венецийн наадмын шилдэг богино хэмжээний “Алтан Арслан” шагналыг хүртсэн анхны Монголын уран бүтээлч болж байсан бахдам амжилттай уран бүтээлч юм.

Киноны гол дүрийг бүтээсэн Б.Тэргэл анх удаа кинонд гол дүр бүтээгээд Венецийн кино наадмын Оризонти хэсгийн шилдэг эрэгтэй гол дүр шагналыг авсан билээ.

Ирэх онд 96 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын Шилдэг олон улсын уран сайхны кино төрлийн урьдчилсан шалгаруулалтад тус уран бүтээл нэр дэвшиж байгаа юм.

“Сэр сэр салхи" нь онгод тэнгэрийн ивээл болон бүдэг бадаг ирээдүйн дунд өөрийгөө хайх 17 настай бөө хүү “ЗЭ”-ийн тухай өгүүлдэг аж.

Өнгөрсөн жилүүдэд нээлтээ хийж олны хүртээл болсон хэдий ч энэ онд олон улсын тавцангаас буугаагүй ГУРВАН киног танилцуулъя.

Нэгдүгээрт, Ж.Сэнгэдорж найруулагчийн "Худалдагч охин"

Тус бүтээл нь Осакагийн олон улсын кино наадмаас шилдэг дүрийн шагнал хүртэж анхны шагналын гараагаа эхэлсэн аж. Цаашлаад “New York Asian Film Festival 2022" наадмаас "Шилдэг кино" шагналыг эх орондоо авчирсан бол энэ онд ОХУ-ын Анапа хотод зохион байгуулагдсан наадмын үндсэн хэсэгт "Худалдагч охин" кино шалгарч, өрсөлдөв. Ийнхүү уг наадмаас “Шилдэг зохиол”, “Шилдэг хөгжмийн зохиолч”, болон наадмын гол шагнал “Шилдэг кино” гэсэн гурван шагналыг хүртжээ.

Хоёрдугаарт, Д.Баттөмөр найруулагчийн "Трио"

Монгол үзэгчдээс сайшаал болон шүүмжлэлийг зэрэг хүртсэн эл кино нээлтээ хийсэн цагаасаа хойш олон арван шагнал хүртэж байгаа билээ.

Одоо, өнгөрсөн, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээс, мөн энэ цаг хугацаан дахь гурван насны холбоос гэдгийг, хүн, байгалийн шүтэлцээ, хүйн холбоог, эх, үрийн хувирашгүй хайрыг хүний сэтгэлийн хэлээр илэрхийлсэн аж. Уг киноны найруулагч Д.Баттөмөр нь АНУ-ын "Seattle Filmmaker Awards" наадмын "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагнал хүртжээ. Мөн Тайландын олон улсын кино наадмаас шилдэг киноны шагнал, АНУ-ын Палм Спрингс даун синдромын олон улсын кино наадмаас шилдэг зураглаачийн шагнал, Улаанбаатар олон улсын кино наадмаас шилдэг продюсерийн шагналыг хүртсэн юм. Мөн Варшавын олон улсын кино наадмаас үзэгчдийн нэрэмжит шилдэг киноны шагнал хүртсэн уран бүтээл юм.

Гуравдугаарт, Л.Номин найруулагчийн "Хүрд"

Энэ сард "Хархорум" олон улсын кино наадам манай улсад анх удаагаа зохион байгуулагдсан билээ. Энэ наадмын ерөнхий шүүгчээр Оскарын шагналт кино найруулагч Малколм Кларк ажиллассан юм. Тэрээр шилдэг баримтат кино төрөлд нэр дэвшсэн "Хүрд" киног онцолсон юм. Үзэгчдийн хүртээл болоод хэдийнэ удсан ч олон улсад байнга яригдаж, Монголын баримтат кино төрлийг өнгөлж яваа уран бүтээл юм.

Эл кино нь хүйтэн нийгэм дэх хөндүүр асуудлыг бодит хувь хүмүүсийн түүхээр дамжуулан хөндөхдөө сэтгэлийн шархаа дэлгэж буй хүмүүст уран сайхны хэтрүүлэл, ашиглалгүй ямар нэг зориудын анхааруулга, сургамж тээлгэх гэсэн санаа зорилгогүй яг байгаагаар нь үнэн, шударга хандаж үзүүлсэн аж. “Хүрд” баримтат бүтээлийн хүнлэг ёсны цаашлаад баримтат кино хэмээх урлагийн төрлийн үнэ цэн юм.

2023 онд Дэлхий дахинаа Barbieheimer-тэй онцлох жил болж өнгөрлөө.

Энэ оны долоодугаар сард үзэгчдийн дунд хүлээлт өндөр байсан хоёр кино нэг өдөр нээлтээ хийж тэсрэлтийг үүсгэсэн нь энэ оны онцлох үйл явдлын нэг байлаа.

Мөн энэ жил тулаант кино сонирхогчдын дунд алдарт John Wick эргэж ирсэн юм. Эргэж ирэхдээ илүү үзүүштэй тулаант сцентэй басйан юм. Киноны дууны найруулга үзэгчдийн сайшаалыг ихээр хүртсэн бөгөөд. John Wick ахин эргэж ирэх эсэх нь үзэгчдийн дунд таамаг хэвээр байна.

“Чарли ба шоколадны үйлдвэр” киноноос сэдэвлэн бүтээсэн “Вонка” зөгнөлт мюзикл кино нь энэ сард нээлтээ хийсэн аж. Call me by your name, Dune зэрэг киногоор алдартай жүжигчин Тимоте Шаламе энэ киноны гол дүр аж. 2021 нд киноны тов зарлагдснаас хойш олон арван мянган үзэгчдийн хүлээлтийг үүсгэсэн уг киног шинэ жилийн баярын өдрүүдээр үзэхийг санал болгож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button