Газар хөдлөлт: Япон 2011 оноос хойш анхны удаа цүнамийн өндөр аюул зарлав
Даваа гарагт /2024.01.01/ Японд хүчтэй газар хөдлөлт болж, тус улсын албан тушаалтнууд цүнамийн сэрэмжлүүлэг гаргасан билээ. Японы цаг уурын алба мэдээлснээр төв хэсэгт 90 минутын дотор 4 магнитудаас хүчтэй 21 гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн аж.
Харин хамгийн хүчтэй, 7.6 магнитуд чичиргээ орон нутгийн цагаар 16:10 минутын орчим Ишикава мужийн Ното эргийн ойролцоо болсон аж. Чичиргээний улмаас дэд бүтцүүдэд гэмтэл учирч, хөдлөлтийн төвтэй ойролцоох хэд хэдэн томоохон хурдны замуудыг хаажээ.
Цагдаагийн албан тушаалтнууд мэдэгдэл хийснээр Ишикава мужид байрладаг Нанао хотод хоёр хүн газар хөдлөлтийн улмаас харамсалтайгаар амиа алдсан байна.
Чичиргээний дараа Японы цаг уурын алба эрэг орчмын Нигата, Тояама мужуудад цүнамийн аюул зарласан юм. Харин Ишикава мужид цүнамийн өндөр аюул зарласан ч хэсэг хугацааны дараа буруулжээ. Япон 2011 оны гуравдугаар сард магнитуд хүчтэй газар хөдөлсний дараа цүнамийн өндөр сэрэмжлүүлэг гаргаж байсан билээ.
Ното эргийн ойролцоо 16:21 минутын орчим 1.2 гаруй метрийн өндөртэй цүнами үүсжээ. Эхэндээ Цаг уурын алба 5 метр хүртэл өндөр цүнами үүсэж магадгүй гэж анхааруулсан ч үүнийг бууруулж 3 метр хүртэл болгосон. Тус улсын Цаг уурын мэдээлснээр1 метр гаруй өндөртэй цүнами нь хүмүүсийг хөл дээрээ зогсоход хүндрэл үүсгэдэг, мөн үхэлд ч хүргэж болдог байна.
Ното эргээс гадна 80 см-ийн өндөртэй давлагаа 16:35 цагийн орчимд Тояама мужид хүрч, 40 см-ийн давлагаа 16:36 цагт Ниигата мужийн Кашивазаки хотод хүрсэн аж.
Японоос гадна хэд хэдэн улс мөн цүнамийн сэрэмжлүүлэг гаргажээ. Тухайлбал ОХУ зүүн хязгаарт оршдог Владивосток, Находка хотуудад аюул зарлаж, БНСУ Канвон мужид оршин сууж буй хүмүүсийг өндөрлөг газарт гарахыг анхааруулсан байна. Мөн БНАСАУ зүүн эрэг дагуу цүнами үүсэж магадгүй гэж иргэддээ сэрэмжлүүлсэн юм.
Газар хөдлөлтийн төвтэй ойр Ишикава мужид чичиргээний улмаас 32,500 өрх тоггүй болжээ. Японы Гал түймэр, гамшгаас хамгаалах газар мэдээлснээр таван мужийн 51 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Японы Ерөнхий сайд Фүмио Кишида даваа гарагийн орой мэдэгдэл хийхдээ “Хөдлөлт мэдрэгдсэн бүсүүдэд оршин суудаг хүмүүс анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Мөн цүнамийн сэрэмжлүүлэг гаргасан бүсүүдэд амьдарч буй иргэдийг аль болох түргэн нүүн шилжихийг хүсэж байна” гэж хэлжээ.
Тус улсын Цөмийн зохицуулалтын алба мэдээлснээр Японы тэнгисийн дагуу оршдог цөмийн цахилгаан станцууд, тодруулбал Фүкүй муж дахь таван реакторт ямар нэгэн доголдол илрээгүй байна.
Өчигдрийн газар хөдлөлтийн талаар Тояама мужид оршин суудаг “Japan Times”-ийн сэтгүүлч Жордан Аллен “Би Японд есөн жилийн турш амьдарсан. Ийм хүчтэй газар хөдлөлт огт мэдэрч байсангүй” гэж хэлжээ.
2011 онд болсон 9 магнитуд газар хөдлөлтийн улмаас Фүкүшима Дайичи атомын цахилгаан станцад осол гарсан билээ. Газар хөдлөлтийн улмаас цахилгаан эрчим хүчний дэд бүтэц гэмтэл гарч, Фүкүшимагийн станц дахь нөөц энергийн эх үүсвэрүүд ч мөн эвдэрсэн юм. Ингэснээр тус станц цөмийн реакторуудаа хөргөж чадахгүйд хүрж, хүрээлэн буй орчинд цацраг идэвхт бодис тархсан.
Япон нь Номхон далайн галт цагариг гэж нэрлэгддэг, тектоникын олон хавтангууд хоорондоо нийлдэг бүсэд оршдог билээ. Ийм учраас галт цагаригийн ойролцоох бүсүүдэд газар хөдлөлтийн идэвх өндөр байдаг юм.
Эх сурвалж: BBC, Reuter, Japan Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.