Израил Газын зурвасаас олон мянган цэргээ татна

Израилын Зэвсэгт хүчин Газын зурвасаас олон мянган цэргээ татаж, Ливантай хийж болзошгүй дайнд бэлтгэх ажлыг өргөжүүлэх болсон талаар тус улсын албан тушаалтан ярьжээ.
Аравдугаар сарын 7-нд эхэлсэн дайны улмаас Газын зурваст 22 мянга гаруй хүн амь үрэгдсэн. Ийм учраас олон улсаас довтолгооны эрчмээ бууруулах шахалт Израилд үзүүлж байгаа юм. Израилын хамгийн ойрын холбоотон АНУ хүртэл дайралтынхаа эрчийг сулруулахыг уриалж эхэлсэн байна.
Ийм учраас Израилын засгийн газар эдгээр шаардлагад хариу өгч, хэсэг цэргүүдийг Газын зурвасаас гаргах болжээ. Энэ талаар нэрээ нууцалсан Израилын албан тушаалтан “Reuters” агентлагт хэлэхдээ Газын зурвас дахь зарим цэргүүдийг гэрт нь илгээх төлөвлөгөөг ням гарагт /2023.12.31/ баталсан гэсэн юм.

Гэхдээ Газын зурвасаас татах цэргүүд бүгд гэртээ харихгүй аж. Тус албан тушаалтны хэлснээр зарим цэргүүдийг Ливантай ойролцоо, хойд хил рүү шилжүүлэхэд бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа юм.
Израил-Хамасын дайн эхэлснээс хойш Ливан дахь Хезболла террорист бүлэг хил дээр Израилын цэргүүдтэй байлдах болсон. Мөргөлдөөний улмаас Хезболла бүлгийн 133 гишүүн, 22 энгийн иргэн амь үрэгджээ. Газын зурвас дахь дайн бусад хэд хэдэн орныг хамарсан бүс нутгийн томоохон дайн болох эрсдэл нэмэгдсээр байна.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.