Израил-Хамасын мөргөлдөөн бүс нутгийн дайн болох эрсдэл тулгараад байна

Мягмар гарагт /2023.01.02/ Израилын арми Ливаны нийслэл Бейрут хотод ажиллагаа явуулж Хамасын орлогч дарга Салех аль-Аруриг хөнөөсөн гэж Ливан болон Палестины албан тушаалтнууд мэдэгджээ. Түүнтэй хамт Хамасын хоёр өөр ахлан албан тушаалтан амь үрэгдсэн байна.
Аравдугаар сарын 7-нд Газын зурвасын дайн эхэлсний дараа Ливаны Хезболла бүлэг Израилтай зэвсэгт мөргөлдөөн эхлүүлсэн. Хезболла болон Израилын армийн хил дээрх мөргөлдөөн нь дахин нэг дайн эхлэх эрсдэл гэж мэргэжилтнүүд анхааруулсаар ирсэн юм.

Хезболла бүлэг аль-Арури алагдсаны дараа мэдэгдэл гаргахдаа тус халдлагыг Ливаны эсрэг хийсэн ноцтой дайралт, хариуг нь барьж шийтгэл оноолгүйгээр өнгөрөөхгүй гэсэн байна.
Одоогийн байдлаар Израил аль-Аруриг хөнөөсөн гэж хүлээн зөвшөөрөөгүй мөн үгүйсгээгүй байгаа юм. Харин түүний үхлийн дараа Израилын арми өндөр бэлэн байдалд шилжсэн гэж тус улсын албан тушаалтан мэдэгджээ.
Үүнээс харахад Израил-Хамасын дайн ойролцоох улсууд руу хальж, Ойрх дорнодын хэд хэдэн орныг хамарсан бүс нутгийн дайн болж хувирах эрсдэл нэмэгдлээ. Ийм учраас Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Израилыг нөхцөл байдлыг, ялангуяа Ливантай үүсээд буй асуудлыг хурцадгахаас зайлсхийхийг уриалсан байна.
Эх сурвалж: The Guardian, Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.