“BTS” хамтлагийн тухай комик ирэх 10-нд биетээр худалдаанд гарна
Алдарт “BTS” хамтлагийн гишүүд хэрхэн алдар нэрт гарснаас авхуулаад цэргийн алба хаах хүртэлх үйл явдлыг дүрсэлсэн зурагт ном худалдаанд гарах гэж байна. АНУ-д үйл ажиллагаа явуулдаг “TidalWave Comics” компани “FAME” нэртэй цуврал зурагт номынхоо нэг дугаарт “BTS” хамтлагийн түүхийг өгүүлжээ.
“FAME” нь хөгжмийн уран бүтээлчдийн түүхийг өгүүлдэг цуврал комик юм. “BTS” 2013 онд дебют хийснээсээ хойш дэлхийг байлдан дагуулсан хамтлаг болсон билээ. Тус хамтлагийн бүх гишүүд цэргийн алба хааж байгаа юм. Өмнөд Солонгост 18-аас 28 насны эрүүл биетэй эрэгтэй хүн бүр 21 сарын турш цэргийн алба хаадаг.
Харин Олимпын медальтан, сонгодог хөгжмийн олон улсын тэмцээнд ялалт байгуулсан хөгжимчид цэргийн албанаас чөлөөлөгддөг. БНСУ-ын зарим хууль тогтоогчид “BTS”-ийн гишүүдийг үүнтэй ижил цэргийн албанаас чөлөөлөх санал дэвшүүлээд байсан юм.
Гэвч тус хамтлагийн хамгийн ахмад нь болох Жин 2022 онд цэргийн алба хашихаар явж, үлдсэн гишүүд нэг нэгээрээ алба хааж эхэлсэн билээ. Хамгийн сүүлд Жонгүг, Жимин, V, RM дөрөв алба хашихаар явсан. Тэдний тухай зурагт ном лхагва гарагт /2024.01.10/ биетээр худалдаалагдаж эхэлнэ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.