Израилын арми Хезболла бүлгийн албан тушаалтныг хөнөөсөн гэж эх сурвалжууд мэдээлжээ
Хезболла бүлийн ахлах албан тушаалтан Виссам Тамил Ливан улсын өмнөд хэсэгт, машиндаа байхдаа Израилын агаарын цохилтод өртөж амь үрэгдсэн хэмээн Ливаны батлан хамгаалахын эх сурвалж мэдэгджээ.
Аравдугаар сарын 8-ний өдөр Израил, Хамасын дайн эхэлсний дараа Ливан дахь Хезболла бүлэг Израилын армитай хил дээр мөргөлдөөн үүсгэсэн. Тамил алагдсан нь Хезболла, Израилын хооронд үүсээд байгаа нөхцөл байдлыг хүндрүүлэх эрсдэл юм.
Сүүлийн үед Израил, Хамасын дайн ойролцоох улсууд руу хальж, бүс нутгийн дайн болох эрсдлийг нэмсэн хэд хэдэн үйл явдал боллоо. Өнгөрсөн долоо хоногт Хамасын улс төрийн албаны орлогч дарга Салех Аль-Арури болон гурван өөр хүн Ливаны нийслэл Бейрут дэх оффисын барилгадаа байхдаа агаарын цохилтод өртөж нас барсан.
Израил тал тус халдлагыг арми нь үйлдсэн эсэх дээр мэдэгдэл гаргаагүй байгаа юм. Аруригийн амь насанд хүрсний хариу цохилт болгон Хезболла бүлэг бямба гарагт /2024.01.06/ Израилын хойд хэсэг руу пуужингууд харважээ. Израил мөн үүний эсрэг агаарын цохилт өгсөн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Яг одоо энэ бүсэд асар хурцадмал нөхцөл байдал үүсээд байна. Энэ мөргөлдөөн маш амархан томорч, илүү олон хүмүүст зовлон зүдгүүр авчрах эрсдэлтэй” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.