“Метротой болохын тулд 2025-2028 оны улсын төсөвт нийслэл хөрөнгө төвлөрүүлэхгүй”

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот 2028 он гэхэд метротой болно. Уг төслийн PMC /Project, Management, Consulting/-гийн ажлыг энэ долоо хоногт хүргүүлэхээр ажиллаж байна. Уг метро нь Амгалан-Толгойт чиглэлд 17.6км баригдах бөгөөд ДЕПО-тойгоо нийлээд 18.3 км урттай байхаар төлөвлөөд буй. Тэгвэл хотын дарга Х.Нямбаатарын үед хийж буй уг метроны өртгийн судалгааг Япончууд хийжээ.
Үнийн дүнгийн судалгаагаар, Япончууд өөрсдөө хийгээд ЖАЙКА санхүүжүүлбэл нийт өртөг 1.7 тэрбум ам.доллар болно гэж тооцоолсон байна. Харин Монголчууд өөрсдөө хийвэл 1.5 тэрбум ам.доллар болно гэж үзжээ. Үүнээс илүүгээр зарлагаа танана гэвэл олон улсын компаниудыг үнээр нь өрсөлдүүлэх юм. Ингэснээр 1.3 тэрбум ам.долларт буулгах боломжтой гэх тооцоолол гаргасан байна.
Дээрх судалгааг үндэслэн олон улсын компаниудыг өрсөлдүүлж, 1.3 тэрбум ам.доллароор метро босгохоор зорьж байгаа аж.
Тэгвэл энэ хөрөнгө оруулалтын зарлагыг нийслэл өөрөө босгоно хэмээгээд Засгийн газраар батлуулсан. Харин үүний шийдлийг 2025-2028 онд нийслэл улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэхгүй байхаар Сангийн яамтай ярилцаад эхэлжээ.
Нийслэлээс улсын төсөвт жилд ойролцоогоор 200 сая ам.доллар төвлөрүүлдэг. Тэрхүү төвлөрүүлж өгдөг мөнгө, бусад урсгал зардал, үр ашиггүй хөрөнгө оруулалтуудаа жил болгон хумин метроны төслийг санхүүжүүлэхээр тооцоолжээ. Тэгвэл:
- 2021 онд нийслэл хот улсын төсөвт 420 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр баталсан
- 2022 онд 420.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр батлагдсан байсныг хотод хэвээр үлдээж байжээ. Ингэхдээ хотын түгжрэл бууруулах, төвлөрөл сааруулах, дагуул хотуудыг хөгжүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн.
- 2023 онд 593,4 тэрбум төгрөг
- 2024 онд 230,3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэхээр тус тус баталж байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
метрогоо явуулах цахилааны асуудлаа эхлээд шийдэхгүй юм уу.