Заставын мөрч 75 настай Л.Сүхээ: Дөчөөд жил цэргүүдэд мөр таних арга ухааныг заасан

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын иргэн, малчин Л.Сүхээ. Түүнийг нутаг усныхан нь "Онц хилчин", "Мөрч" Сүхээ гээд андахгүй. Гучаадхан насандаа Хилийн цэргийн 0131 дүгээр ангид Хил хамгаалалтад туслах хүчний гишүүн болж, Хүндэт хилчин, хошууч генерал Чогын Сандрын нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн нэгэн эд эс болсоор иржээ. Өдгөө 75 настай мөрч, хошой онц хилчинтэй ярилцлаа.

-Хилийн хамгаалалтад туслах гишүүн болсон тухайгаас яриагаа эхэлье?
-Хилийн застав олон тэмээ, малтай. Цэргүүд мал хуйгаа алдана. Алдуул малыг олох, ангид хэрэгтэй хүнс, ахуйн зүйлс дөхүүлэх, бүл хүч муутай үед харуулд зогсох гээд л хүний тус мундахгүй. 1977 оноос цэргүүдтэй хамт явж мөр хөөх аргыг зааж эхэлсэн. Хүүхдүүд чадахаараа сайжраад халагддаг. Эхлээд цэрэг 3 жил, дараа нь 2, тэгээд бүр 1 жил болсон. Хөдөөний хүүхэд бол малаа амар алдчихгүй мөр хөөгаад олчих дайны болоод буцдаг даа. Сүүлдээ би чинь онц хилчин хоёр удаа, ойн медалиуд хүртээд цэрэг армийн буяныг их авсан.
-Та мөрчөөрөө сайн ажиллаад “Онц хилчин” болж байв уу?
-Зүгээрхэн ч хүрээд ирдэг гавьяа биш юмаа, хүү минь. Надад бол мөр хөөсөн,тогтоосон, зааж сургасан, ахуйн ажилд тусалсан гээд л өгсөн болов уу. Би долоон хүүхэдтэй, малчин хүн шүү дээ. Зав чөлөөгөөрөө заставтаа тусладаг байсан. Манай өвгөн чинь бас туслах хүчний гишүүн, ойн байцаагч хүн байлаа. Өвгөнтэйгөө хамт ч их явлаа. Бидний амьдрал хилийн цэргийн ангитай ийм л холбоотой хэдэн арван жилийг үдэж, одоо ч гэсэн байнга л ярьж хөөрч, уулзаж байна.
-Мөр таних ухааныг та хэдийд хэрхэн сурав?
-Мөр таних ухаанд бол хар багаасаа суралцсан. Гуравдугаар анги төгсөөд малчин болсон юм. Тэмээгээ унана, тушаад тавина. Морь унана, орой нь чөдөрлөчихнө. Тэгээд өглөө нь мөрөөр нь хайна. Ингэж л сурсан даа. Одоо ч бас мөр байвал хөөхийг л бодно. Заставтаа ид мөр хөөж байх үед жишээ нь хүний мөр байлаа гэхэд манайхаас төөрөөд явж уу, гаднаас орж ирж үү гээд хөөдөг байлаа.
-Хил зөрчигч, хэрэг төвөг илрүүлж байв уу?
-Байлгүй дээ. Өмнөөс ороод ирсэн, төөрсөн, монголд амьдрах гээд нутаг орноосоо гараад ирсэн солонгосчууд гээд л зөндөө, зөндөө. Тэд нарыг мөрийг буцаад орж ирсэн газар хүртэл хөөдөг байхгүй юу. Гэтэл өнөөдөр илрүүллээ гэхэд тэдний энэ хүрсэн мөр 5-аас дээш хоног байдаг. Тэр хооронд бороо, цас орно. Шороо босно. Урдаас орж ирээд өлдөөд өөд болсон хил зөрчигч ч олж байлаа. Манайхаас мал хуй их уруудна. Бүр хил хүрнэ. Тэрний араас явна. Гаднаас орж ирсэн хүнийг бие зассан, унтсан, суусан газрыг нь хүртэл шинжээд заставтаа хэлдэг байлаа.
-Хоёр цаг хараад явахад ямар ч мөр нүдэнд тогтдог-
-Чадвар ихээхэн шаардах уу?
-Гайгүй дээ. Ер нь хоёр цаг хараад явахад ямар ч мөр нүдэнд тогтдог. Эхлээд мөрөө олоод авчихвал гарах гарцгүй болгоод олоод авах нь ч бий. Хад хавцал, их ус энэ тэр таарвал мөрөө алдах нь ч бий. Хүн чинь гутлаа чирч явдаг, өмнө талаараа ухаж гишгэдэг. Сайн ашигладаг хүнд бол бүр харагдана. Уул овоо руу гарсан бол чулуу хөдөлдөг. Тэрүүгээр хөөнө. Чадахгүй хүн бол цаг алдана. Хулангийн мөр, хүний мөр хоёр ялгагдахгүй. Адуу давхар ухаад гишгэдэг болохоор хүнтэй төстэй мөр үлдээнэ. Яарсан айсан тохиолдолд та нар тэрүүгээр, энүүгээр мөр татаадах, би эндээс нь хөөе гэнэ. Нэг удаа нөгөө хүмүүс маань “Энд гараад ирлээ, хүрээд ирээрэй” гэхээр нь очиход хулангийн мөр байсан. Тийм адилхан.
-Таныг машин явсан чигийг анддаггүй, зээрийн сүрэг дундаас ишигний мөр олдог хэмээн магтахыг сонсож байлаа?
-Машин замаар явсан бол хэцүү. Замгүй газраар явсан бол хаашаа явсныг олох их амархан. Ургамал явсан тал руу налаад уначихдаг. Тэгж мэддэг юм. Малын мөрийг нэг олоод хөөхөд сайхан. Зээрийн сүрэг дунд орчихвол жаахан төвөгтэй ч олчихдог л юм. Манай застав хэдэн ямаа, ишгийг салгаад орой нь саадаг байсан. Тэгсэн нэг салхитай өдөр харуулын цэрэг оройхон хураах гээд гүйсэн ишиг нь байдаггүй. Өөрсдөө мөр хөөж байгаад 2 хоногийн дараа надад хэл дуулгасан. Зүүн зүг рүү явж. Тэр жил их ногоотой, тохой илүү ургачихсан. Шугуй, ногоон дундуур явахаар зай гарчихдаг юм байна. Тэрийг өнгөртөл нуруу өөд гарчиж. Гэтэл баахан зээрийн сүргийн мөр ороод ирлээ. Хайсаар байж ганц мөрийг нь олж, тойруулж явсаар байгаад олоод авсан даа.
-Нутгийн улс мал уналгаа алдаад харуулдаг уу?
-Манай нутгийнхан ихэнх нь өөрсдөө мөр хөөчихнө шүү. Хулгай зэлгийд ихээхэн юмаа алдчаагүй бол намайг дуудах нь гайгүй дээ. Нэг удаа ихээ ноолуур хулгайд алдаад надаар машины мөр хөөлгөсөн. Нэг сумаас нөгөө сум ортол явсан ч мөрөө алдсан. Гэхдээ тэр хүмүүс баригдсан.
-Ажлаа хэрхэн зохицуулж байв?
-Ангид миний хэрэг гарвал тэгээд шууд л яваад өгнө. Тээр жил хил зөрчигч орж ирсэн, мөр нь байдаггүй гээд ангиас ярилаа. Хөхүүл хүүхдээ орхиод өвгөнтэйгөө хамт явлаа. Нэг охин маань тавдугаар ангид байсан. Тэрийгээ сэрээж дүүгээ хярам, цийдмээр угжаад байж байгаараа гэсэн за л гэж байна. Хэзээ ирэхээ мэдэхгүй шүү дээ. Оройхон эргээд ирэхэд хажуу айлд ээж, аав хаачсан юмбол, дүү уйлаад гээд орж л дээ. Хөөрхий нялх амьтан учраас сэрээгүй л за гээд хэлчхэж. Энэ мэтээр хэдэн хүүхдээ орхиод давхичихдаг байлаа. Цэргүүдэд яриа, таниулга хийлгээд мөр хөөнө. Хажуугаар нь болгоомжтой, сонор бай, хоорондоо эвтэй яваарай гэх мэтээр их сургана.
-Танай хүүхдүүдээс заставтаа ажилладаг уу?
-Манайх 7 хүүхэдтэй. Дээрээсээ хоёр дахь охин минь өвчний улмаас бурхан болсон. Тэр минь заставт ажилладаг байлаа. Одоо охин нь ажиллаж байгаа. Нэг охин маань аавынхаа ажлыг өвлөөд байгаль хамгаалагч болсон. Бусад нь малчин, ажилчин. Дор бүрнээ сайхан амьдраад ээжийгээ зовоохгүй ээ миний хэдэн хүүхэд. Хоёр хүү маань мөрөнд их сайн. Эгч нь сайхан л амьдарлаа. Сайхан цагт төржээ гэж боддог. Өвдөөд, зовоод байгаа юм алга. Учиргүй их өмч хөрөнгөгүй ч хэдэн мал минь байна.
-Хилийн заставын туслах гишүүн болоод урамшуулал цалин авдаг байв уу?
-Миний мэдэхээс тийм юм байдаггүй. Харин баяр наадам, цэрэг халагдаж солигдох үеэр нь харуулд очиж суувал хэдэн төгрөг өдөг гэсэн. Эгч нь удаан харуулд гарч байгаагүй. Цаг минутаар зогсож байлаа. Одоо унаатай, хоол ундтай, утас харилцаатай ард, цэрэггүй л амьдрал сайхан болсон шүү дээ.
Л.Сүхээ гуайн хань М.Рашням агсан говийн тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанд насаараа байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагчаар ажиллаж байж. Харин одоо охин Р.Энхчимэг нь “Говийн бага” дархан цаазат газрын ганц эмэгтэй байгаль хамгаалагч нь. Мөрч буурай нас 70 хол гарсан тул тэмээ унаж чадахаа больсон. Харин сүүлийн гучаад жил мотоциклоор ажлаа амжуулж яваа.
“Гэрт суух хэрэггүй, хөшингө хашинга болдог учраас малдаа байнга явдаг. Хүмүүс одоо надаас залуудаа мөр хэр илрүүлж байв гэж асуух юм. Ийм сайхан цаг ирнэ гэж мэдсэн бол тэмдэглэл хөтлөх байж гэж боддог” тэр ярилаа.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүндэт хилчин өгч болдоггүй юм байхдаа.
Хүндэт хилчингээс онц хилчин нь илүү нэр хүндтэй. Заав�##� гавъяа байгуулж байж хүртдэг. Хүндэт хилчин нь гай ч үгүй, гавъяаг ч үгүй хэдэн жил болбол олддог цол, тэмдэг.
Mundag gaviyatai hun bna da bayar hurgiye
Элдэв цол шагна-лаар яахав ээ. Ингээд л өөртөө болчихсон, сэтгэл ханга-луун. Энэ чинь нөгөө аз жарга-л чинь шүү дээ. Энэ цаг үеийн хүмүүс гэж. Чадахгүй байж илүү юм руу шунана, мэдэхгүй байж бу�####�д сайрхахаа яарна, өөрт заяагаагүй юмыг өрөөл бусад эзэмшлээ гэж атаа хорсол өвөрлөнө. Зүгээр нэг хүнтэй уулзаад харилцаад өнгөрч чадахгүй. Хүнд гэмгүй мөрийг баримтлаж чадахгүй мөртөө олон түмэн, ах дүүс гэж давхина. Даахгүй байж архи дарс хэрэглэнэ, эзэмшиж чадахгүй байж өмч хөрөнгөнд дурлана. Эргээд түүнийхээ боол, сахиул болно. Үндэстнээрээ мунхагийн харанхуйд живчихсэн байж биесээсээ өө эрэн мууг нь үзэж шавай ханана. Аль л эрдэм чад�##�тай, ухаан сэхээтэй, төлөв түвшин нь гадуурхагдаж адлагдана. Аль л нэр ашигт дуртай, мэдлэг чада-лгүй, хөндий хоосон амитас нь төр, чуха-л а-лбанд үүрлэж түмэн олноо хорлоно.
Хашир хүнээс үг сонсох сайхан өндөр наслааоай буурай минь
Ийм гавьяатай буурлууд цөөхөн үлдэж бгаадаа. Үнэнч бгаадаа сэтгэл ханг�##�уун аз жарг�##� гэдэг энэ бх. Авьяаслаг гарамгай мөрч буурай таньд эрүүл энхийг хүсье. З�##�уусд ихийг зааж өгөөрэй.
Бүх м�##�чид орон нутгийнхаа газар дов, сондуулыг андахгүй нэргүй хилчид, газар нутгийн хамга�##�агчид.
Түүний дотороос хилийн ойр аймаг сумдын м�##�чид бол томилгоогүй хилчид мөнөөс мөн.
М�##�чидаа л улам ихээр олшруулж байж, газар нутгийн бүрэн бүтэн байд�##�, хэн хаана ухаж төнхөж байгаад хян�##�т тавиж байхыг да�##�гах нь зөв юм байгаам да.