Газын зурвасын дайн эхлээд 100 хоног өнгөрлөө

Өнөөдөр Хамас бүлэг Израил руу дайрсны улмаас Газын зурваст дайн эхэлсний 100 дахь өдөр юм. Үүнийг тохиолдуулан Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху тус улсын арми Хамасыг устгахыг хэн ч зогсоож чадахгүй, байлдахаа зогсохгүй гэж хэлжээ.
Аравдугаар сарын 7-ны өдөр Хамас Израилын тосгонууд руу дайран 1,200 хүний аминд хүрч, 200 гаруй хүнийг барьцаанд авсан. Үүний дараа Израилын арми тус бүлгийг газрын хөрснөөс арчиж хаяхаа амлаж, Газын зурвасыг бөмбөгдөж эхэлсэн юм.

Газын зурвасын эрүүл мэндийн яам мэдээлснээр Израилын довтолгооны улмаас 23,843 хүн амь үрэгдэж, 60 мянган хүн бэртсэн байна. Дайны нөхцөл байдал өдөр тутам дордож, мөргөлдөөн Ойрх Дорнодын бусад улсууд руу тархах эрсдэл нэмэгдсээр.
Тухайлбал Израилын арми Ливан дахь Хезболла бүлэгтэй хойд хил дээрээ байлдаж буй. Хамгийн сүүлд Ливанаас дөрвөн хүн хил давж Израил цэргүүд гал нээсэн байна. Цэргүүд хариу гал нээж тэр дөрвөн этгээдийг хөнөөжээ.
Үүнээс гадна АНУ, Их Британийн арми Йемен дэх Хусит бүлгийн байршлуудад агаарын цохилт өгч буй. Тэдгээр цохилт нь Улаан тэнгист явж буй Израилтай холбоо бүхий хөлөг онгоцнууд руу хуситууд халдаж байгааг таслан зогсоох зорилготой юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.