Top StoriesНийгэм мэдээ

А.Цэнджав: Өдөрт ЭХЭМҮТ-д 44 хатгины буглаа нээж байна, ундаа битгий уулга, хиам бүү идүүл

Эцэг эх, асран хамгаалагчийн хүүхдэдээ дур мэдэн өгсөн антибиотикийн замбараагүй хэрэглээнээс болж антибиотикт тэсвэртэй хатги ихсэж байгаа аж. Зөвхөн сүүлийн таван жилийн хугацаанд л гэхэд энэ төрлийн мэс заслын тоо хоёр дахин нэмэгджээ. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч, клиникийн профессор, доктор А.Цэнджавтай ярилцлаа.

-Антибиотикт тэсвэртэй хатги гэдгийг энгийнээр тайлбарлавал?

-Хүүхдийн мэс заслын практикт Улаанбаатар хот болон орон нутгийн хэмжээнд өдрийн буюу яаралтай мэс заслын ихэнх хувийг арьс халимын идээт өвчин эзэлж байна. Өдөрт хамгийн ихдээ дөрвөн тасагт 44 буглаа нээх хагалгаа хийсэн тохиолдол бий.

Хатги, буглаа нээж үүсгэгчийг нь тодорхойлдог. Сүүлийн хоёр жилийн хугацаанд метцилинд тэсвэртэй стафилококк ауреус буюу MRSA их гарч байгаа. MRSA их байгаагийн шалтгааныг судлаачид илүү нарийн хэлэх байх. Бид бол практик эмч нар учраас сүүлийн үеийн энэ буглааны шалтгааныг антибиотикийн замбараагүй хэрэглээнээс их нөлөөлж байна гэж харж байна. MRSA-ийн тууралт бол эхлээд нэг жижигхэн улаан юм гардаг. Тэр нь томорч буглаад хагалгаа хийхэд хүрдэг. Түүнийгээ нээлгэсний дараа дахиад өөр газар нь гардаг.

Үүнийг мөн хүнсний хэрэглээтэй холбож болно. Бидний багад буглаа байсан уу гэвэл байсан. Гэхдээ одоогийнхтой харьцуулахад хамаагүй бага байсан. Учир нь бидний үед малынхаа махыг л идэж ирсэн. Улирлын чанартай хоол хүнсийг зөв зохистой хэрэглэж ирсний үр дүнд монгол хүний амьдрах чадвар, дархлаа сайн байсан. Одоо бол хүүхдүүддээ KFC тахиа, гахайн махыг их идүүлж байна. Хамгийн гол нь үүнийгээ хэзээ, ямар улиралд идүүлэх вэ гэдэгтээ анхаарах хэрэгтэй.

-Хатги, буглаа гарахад агаар, хөрсний бохирдол нөлөөлж байна-

Агаар, хөрсний бохирдол бас нөлөөлж байгаа. 5-6 жилийн өмнө яаралтай хагалгааны 10-15 хувийг хатги, буглаа эзэлж байсан бол одоо 25-30 хувийг эзэлж байна.

-Дөрвөн тасагт мэс засал хийж байна гэлээ?

-Биеийн бүх хэсэгт гарсан хатги, бөглөөг  манай Ерөнхий мэс заслын тасагт хийдэг. Эрүү, нүүр дагасан шүдний гаралтай бөглөөг Эрүү, нүүрний мэс заслын тасагт, чих, хамар, уруул дагаж гарсан хатгийг Чих, хамар, хоолойн тасагт, нүдний эргэн тойронд гарсан өвдөг зэргийг Нүдний мэс заслын тасагт хийж байна.

-Өдөрт дунджаар энэ төрлийн хагалгаа хэчнээнийг хийж байна вэ?

-ЭХЭМҮТ-д өдөрт дунджаар 8-10 буглаа нээж байна. Хүүхдийг мэс засалд унтуулгатай оруулдаг. Тусгай мэргэжлийн эмч нар унтуулаад хүүхдэд мэс засал хийх тусгай эрхтэй эмч нар мэс заслыг хийдэг. Тиймээс хоол сойх хугацаа гэж 4-6 цаг зайлшгүй хүлээх хэрэгтэй байдаг. Үүнийг эцэг эхчүүд хүлээгдэж байна гэж буруу ойлгодог.

Манай эмнэлэг бол улсын хэмжээнд хүүхдэд үйлчлэх ганц эмнэлэг. Яаралтай тусламж үзүүлээд асуудлыг шийдэж бүрэн чадаж байгаа. Гэхдээ цаашид ЭХЭМҮТ-ийн хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг илүү сайжруулах ажлын хүрээнд дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд энэ төрлийн хагалгааг хийдэг болгохоор зорьж байна. Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын эрүүл мэндийн газруудад хүсэлтээ өгчихсөн байгаа. Өөрсдийнхөө мэдлийн хүрээнд бүх дүүргээ хүүхдийн мэс заслын эмчтэй болгосон.

Эхний ээлжид Яармагийн шинэ барьсан 500 ортой Эх нялхсын үндэсний эмнэлэгт мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрч, хатги буглаа нээж байгаа.

Арьс халимын идээт өвчин буюу хатги буглааг судлахад Сонгинохайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэг, Хан-Уул дүүрэгт өвчлөл илүү тохиолдож байгаа. Мөн Налайх, Багануур дүүргээс энэ төрлийн өвчинтэй хүүхэд их ирж байна.

-Хатгиа нээлгээд үүсгэгчид нь тохирсон эмчилгээ хийлгэвэл дахих нь бага-

-Хагалгааны үе шат яаж явагддаг вэ?

-Хагалгаанд нээх хугацаа гэж бий. Хэт хатуу байхад нь нээчихвэл цаашаа хүндрэх эрсдэлтэй байдаг тул хоёр хоног тос түрхээд зөөлрүүлээд хүрээд ир гэж зөвлөдөг. Түүний дараа хатги буглааг нь нээж, анхан шатны тусламж үзүүлнэ. Үзүүлснийхээ дараа эмчийн зөвлөсөн антибиотикийг л уух ёстой. Шархнаас нь авсан антибиотик мэдрэх үүсгэгчийн хариу 72 цагийн дараа гардаг. Тэгээд шарлага, боолтоо дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт хийлгээрэй гэж зөвлөөд явуулдаг. Үлдсэн эмчилгээг дүүргийн нэгдсэн эмнэлгүүд хийх зарчимтай.

-Хатги нэг гараад эдгэхгүй дахин өөр газар гарах гээд байдаг. Энэ ямар учиртай вэ?

-Хатгиа нээлгээд үүсгэгчид нь тохирсон эмчилгээ хийлгээд явах юм бол дахих нь гайгүй байдаг. MRSA-гийн тууралтыг цахим орчинд хүмүүс үхлийн тууралт гэх зэргээр яриад байдаг. Тэр бол зүгээр л яаралтай түргэн тусламж үзүүлдэг л өвчин. Үүсгэгчээс нь шалтгаалаад эмчлэх арга нь өөр. 14 хоногтой нярай ч юм уу идээлээд ирэхээр цусыг нь солих уу гээд байдаг. Тийм зүйл байхгүй. Энэ бол эмчлэгддэггүй биш, эмчлэгддэг өвчин.

Арьс, халимын идээт өвчин олон дахин гараад байвал үжлийн шалтгаан болох аюултай. Үжил гэдэг нь бүх биеэр нь идээ тархаж, бүх эрхтэнд нь хүндрэл өгдөг аюултай өвчин. Тиймээс цаг тухайд нь эмчлүүлээд явах хэрэгтэй.

-Орчны бохирдол мөн нөлөөлдөг гэлээ?

-Хүүхдийн гарыг нь зөв угаалгаж сургах, амны хөндийн ариун цэврийг сайн сахих, чихний эмгэгийг нь цаг тухайд нь үзүүлж, хянуулах, дотуур хувцсыг нь тогтол сольж угааж индүүдэж өмсгөж байх, памперсыг нь удаан хугацаагаар зүүлгэхгүй байх зэргээр маш сайн анхаарч байх хэрэгтэй.

-Антибиотикийг зөвхөн хүүхдийн эмчийн заалтаар л уулгах ёстой-

-Агаар, хөрсний бохирдол хатги гарахад нөлөөлж байна гэж үзвэл өвөл энэ төрлийн өвчин ихэсдэг гэж ойлгож болох уу?

-Өвөл харьцангуй гайгүй байдаг. Дулаараад ирэхээр хавар, зуны цагт илүү ихэсдэг. Үүнд хөрс, усны бохирдол нөлөөлж байгаа байх. Хавар бол мал, хүн бүгдийнх нь л эсэргүүцэл суларч ядардаг. Шим тэжээлтэй шинэ хүнс ч татуу болж, хадгалж нөөцөлсөн хүнсээ идэх үе гардаг.

Газтай ундааг хүүхдэд хэрэглүүлэхгүй байх хэрэгтэй. Таван нас хүртэл нь хиам идүүлэхгүй байвал их сайн.

-Урьдчилан сэргийлэх зөвлөмж өгөөч та?

-Монголчууд хүүхэд ханиад хүрэх, нус гоожих, гүйлгэх гээд ямар нэг өвчний шинж тэмдэг илрэнгүүт л дур мэдэн антибиотик өгөөд байдаг. Ямар ч өвчнөөр өвдсөн байсан антибиотикийг зөвхөн хүүхдийн эмчийн заалтаар л уулгах ёстой. Антибиотикийн замбараагүй хэрэглээгээ болих, ариун цэврийн дэглэмийг сайн барих, зун цагт нар салхинд сайн гаргах, хаврын цагт дархлаа сайжруулах хүнс хэрэглүүлж байх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2024-01-16 08:47

Агаарын бохирдол нэг ш�##�тгаан нь шүү нялх хүүхэдтэй хүмүүс хотоос хурдан гараа.
Манай найзын хүүхдүүд хатиг их ту�####�г байлаа одоо орон нутагт сайхан байна даа огт өвдөхгүй байна
гэсэн

Иргэн
Иргэн
2024-01-16 10:21

Ундаа ,хиам,пицца ..битгий ид.Гэрээр хоолло.Гэртээ хийсэн хоолоо ажил дээрээ ид. Хэд дахин эрүүл явна шүү.

Бүрнээ
Бүрнээ
2024-01-17 00:33

Эмч нар энэ т�##�аараа өвдөөд очсон хүүхдүүдэд зөвөлгөө өгч бв�##� эмчийн үг ээжийн үгнээс илүү үйлчилдэг шүү тэдэнд

Зочин
Зочин
2024-01-18 15:48

Хатиг гэж бичнэ шүү. Юун бас хатги болчихов оо.

Холбоотой мэдээ

Back to top button