Нийгэм ярилцлага

Монголд 18 жил амьдарч буй Шимамура Шо: Монголчууд монгол бичгээ хэрэглэхгүй байгаа нь харамсалтай

Одоогоос 32 жилийн өмнө арлын Японоос нэгэн гэр бүл Монгол улсад илгээлтээр иржээ. Тэр үед ой найман сартай хүү аав, ээжийнхээ хамт Улаанбаатарт суурьшсан аж. Түүнийг Шимамура Шо гэдэг. Монголд 18 жил амьдарч байгаа бөгөөд монгол хэл бичгийг шимтэн судалж, эх хэлний яруу тансгийг хэн хүнээс илүүтэй олж харж, мэдэрчээ.

Тэрбээр "Монголын сайхан бичигтэн 2023" тэмцээнд "Чингис хааны баримталдаг гадаад бодлого" зохиомжоороо оролцож тусгай байр эзэлсэн юм. Түүнийг зочноор урьж ярилцлаа.

-Хэзээ монгол хэл сурснаа би өөрөө ч санадаггүй. Ямартай ч гэртээ Японоор, найзууд дундаа Монголоор ярьдаг хүүхэд байсан-

-Та өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Шимамура Шо гэдэг. 1992 онд ой гурван сартай жаал аав, ээжтэйгээ монголд ирж байсан.Тэр үеэс хойш япон болон, өвөрмонголд очиж байсан. Гэхдээ монголд амьдраад 18 жил болжээ. Одоогоор "Сайн үйлс христийн сүм"-ийн пастор номлогч ажилтай. Би цэвэр Япон хүн. Тухайн үед аав монголд Христийн сүмийн пастороор анх илгээгдэж ирсэн багш нарын нэг байсан. Тэгээд л бид монголд гэр бүлээрээ ирж суурьшсан.

-Та монгол хэлийг хэрхэн яаж сурч байсан бэ, монгол сургуульд сурч байсан уу?

-Яг зорьж сураагүй ээ. Нэг мэдэхнээ байрныхаа хүүхдүүдтэй монголоор, гэртээ японоор ярьдаг болчихсон байсан. Яаж сурснаа би өөрөө ч мэддэггүй. Ямартай ч багаасаа л хоёр хэлтэй өссөн. Одоо бодоход надад орчин их нөлөөлсөн юм шиг санагддаг.

1-3-р анги хүртлээ 33-р сургуульд сурсан. Дараа нь гурван жил Өвөрмонголд, үлдсэн хугацаанд Японд суралцсан. Харин сүүлд монголд ирж Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийг монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр 2018 онд төгссөн. 

Харин монгол бичгийг 10 настайгаасаа үзсэн. Тэр үедээ учрыг нь сайн олоогүй. Харин дөрөвдүгээр ангидаа Өвөрмонголд сурч, эхнээс нь заалгаж, ойлгож, эвийг нь Дараа нь Японд олон жилээр сурсан ч монгол бичгийг огт мартаагүй. Монголд буцаж ирээд их сургуульд сурахдаа сэргээж сурсан.

-Яагаад монгол хэл уран зохиолын багшаар сурах болсон бэ?

-Би монголчуудын дунд, нийгэмд нь уусаж шингэж, харилцахын тулд хэлийг нь зайлшгүй суралцах хэрэгцээ гарсан. Ер нь би олон улсын хэл соёл, бичиг үсгийг ихээр сонирхдог хүн. Тиймдээ ч монгол хэл болон бичгийг нь ихээр сонирхож, судлах хүсэлтэй байсан учраас хэл бичгийн багш болохоор шийдсэн. 

-Монгол бичгийг анх сурах үед танд асуудал тулгарч байсан уу, хүнд санагддаг аль эсвэл гар зүгширдэггүй ч юм уу?

-Монгол бичгийн гол онцлог нь босоо байдал нь, тэр дундаа шугамдаа тааруулаад нуруугаа сайхан татчихад цэгцэрчихдэг учраас хүнд санагдаж байгаагүй. Харин ч хажуу тийш үргэлжлэн бичдэг бичиг их хэцүү санагддаг. 

-"Монголын сайхан бичигтэн 2023" уралдаанд ямар уран бүтээлээрээ оролцсон бэ, өмнө нь энэ уралдаанд орж байв уу?

-Сая тэмцээнд "Чингис хааны баримталдаг гадаад бодлого" сэдвээр эх зохиож монгол бичигт хөрвүүлсэн. Анх 2015 онд насанд хүрэгчдийн ангиллын тусгай байр эзэлж байв. Тэр үед зөвхөн үндэстний хүрээнд зохион байгуулагддаг байсан. Дараа жил нь оролцсон ч шалгараагүй. 

Найман жилийн дараа ахин оролцоход гадаад иргэний ангилалд тусгай байр эзэллээ. Тэгэхээр миний харж байгаагаар жил бүр хүрээгээ тэлсээр байгаад өнөөдөр монгол туургатны хэмжээнд зохион байгуулдаг болсон байна. Үүнийгээ дагаад монгол хэл бичгийг сонирхдог гадаад иргэдийн тоо нэмэгдсэн байх.

-Эх хэлээ хайрлаж, хамгаалахгүй бол нандин чанараа алдах эрсдэлтэй-

-Япон, Өвөрмонгол, Монгол гэсэн гурван улсад амьдарч, хэл соёлыг нь сурсан байна. Монгол бичгээс өөр онцлох зүйл юу байна вэ?

-Сая хэлсэнчлэн би монгол хэл, бичгийг сурах гэж ихээр хөдөлмөрлөөгүй. Нэг мэдэхэд ярьдаг болчихсон байсан шигээ л бичиж, уншиж сурсан. Ерөнхийдөө Япон, Солонгос, Монгол хэл хоорондоо дүрэм, өгүүлбэрийн бүтцийн хувьд ижил төсөөтэй.  Тиймдээ ч энэ гурван хэлийг нэг бүлгийн буюу Алтай язгуурын хэл гэж нэрлэдэг байх. Хэрвээ Солонгос хүн Монголд ирээд хэл сурвал их хурдан сурах байх гэж боддог. 

Харин эргэн тойронд байгаа гадаад хүмүүсийг ажиглахад монгол хэлний авиа нэлээн хүнд байдгийг анзаарсан. Заримдаг гийгүүлэгчийг дуудаж чадахгүй байх гээд асуудлууд зөндөө гардаг. 

-Утга, уран зохиолын хүний хувьд танаас асуухад, дэлхий дахинаа хэлний дархлаагүй болж, хэл соёл нь устсан түүх байгаа юу, юунаас үүдэж хэл устдаг гэж бодож байна вэ?

-Дэлхий дахинаа цөөхөн хэдэн тийм түүх байдаг. Үсэггүй ч юм уу янз бүрийн шалтгаанаар хэл устдаг. Гэхдээ хэл соёл устах хүртлэээ удах ч гэсэн хайрлаж, хамгаалахгүй бол нандин чанараа алдана.

Монголчуудын хувьд ЕБС-д монгол бичиг заадаг ч дараа нь ямар ч хэрэглээгүй. Их сургууль, ажлын байр гээд монгол бичгээ ашигладаггүй. Уг нь байнгын хэрэглээтэй байлгах ёстой юм шиг санагддаг. Өвөрмонголчууд хэдий хятад соёлтой ард түмэн ч гэсэн монгол бичгээр ярьж, бичдэг. Энэ байдал нь тэднийг хятадаас ондоошуулдаг байх. 

-Монголчуудын өв соёлоо өвлүүлж байгаа байдлыг хэрхэн дүгнэдэг вэ, үүнийг япончуудтай харьцуулбал?

-Залуучуудын байдлыг ажиглахад янз бүрийн гадаад хэлийг маш ихээр хольж хэрэглэдэг. Тэрэнд бас буруу өгөх аргагүй ээ, нийгэм цаг үеэ дагаад бидний хэрэглэж байгаа юмс гадаад нэр томьёотой болсон. Монголд энэ байдал нь хил хязгаараа давбал хэлний яруу чанар алдагдаж магадгүй.

Гэхдээ дэлхий нийт даяарчлагдахын хэрээр олон улс өөрсдийн хэлэндээ гадаад үгс маш ихээр ашигладаг болсон. Энэ нь Японд ч түгээмэл байдаг.

Монголын нөхцөлд зарим залуус нь эх хэлээ маш ихээр дээдэлж байгаа нь харагддаг. Тэгэхээр үндсэндээ монгол улс хоёр салаа замтай байна гэсэн үг. Нэг тал нь хэл соёлоо тоохоо больсон бол, нөгөө хэсэг нь дээдэлье, хайрлая, хамгаалъя, эх хэлний дархлааг үүсгэхийг зорьдог.

-Би өөрийн итгэл үнэмшлийг шашин гэж боддоггүй-

-Таны хамгийн их уншдаг ном ямар ном бэ?

-Монголын нууц товчоог маш олон удаа уншсан гэж хэлж болно. Гэхдээ хамгийн их уншдаг ном гэвэл библи л байна. 

-Одоо таны ажлын талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя. Пастор гэж мэдэхгүй хүмүүс байж мэднэ. Пастор гэж хэн бэ?

-Пастор нь Христийн сүм чуулганы удирдагч, номлогчийг хэлдэг. Монголоор хоньчин гэсэн утгатай нэр үг. Төөрч будилсан хүмүүст зөв замыг заадаг бас библи номыг хүмүүст тайлбарладаг.

-Библи, болон Христийн талаар та дэлгэрэнгүй яривал?

-Би Христэд итгэдэг итгэгч хүн. Тиймдээ ч би өөрийн итгэл үнэмшлийг шашин гэж боддоггүй. Хүмүүс шашин гэж их андуурдаг. Шашин гэдэг нь байсан, байхгүй нь хамаагүй сэтгэлийн урам, өөрийгөө тайвшруулдаг зүйл гэсэн утгаар хүмүүс сүсэглэж, шүтдэг гэж боддог. 

Библи ном нь хэн нэгний зохиол биш, үнэн түүхээс үүдэлтэй. Дийлэнх нь түүхэнд болсон явдлын тэмдэглэл. Ер нь хүний амьдралд дахь үнэн бодитой зүйлсийг бичсэн. Үхэх төрөх, алдаа оноо, шаналал гуниг гээд бидний амьдралд байдаг, байсаар ирсэн зүйлсийг бичсэн байдаг. 

Товчхондоо Христэд итгэгч гэдэг нь Есүс Христийг өөрийн аврагч гэж итгэж найддаг хүмүүсийг хэлдэг. 

-Танд чөлөөт цаг зав хэр гардаг вэ, ихэвчлэн чөлөөт цагаараа юу хийж өнгөрүүлдэг вэ?

-Ихэвчлэн гэртээ юмсыг судалж, ном товхимол, кино уран бүтээл үздэг. Гэхдээ надад цаг зав их бага. Би байнгын завгүй амьдардаг хүн. 

-Би өөрийгөө энгийн Япон хүнд баймааргүй үндсэрхэг үзэлтэй гэж боддог-

-Та Монголын хөгжлийг Японтой харьцуулж хардаг уу?

-Надаас энэ асуултыг их олон хүн асуудаг. Гэхдээ би багаасаа монголд өсөж, ёс заншлыг нь дагаж дассан хүн. Японд ч бас тийм байдаг. Тэгэхээр надад нэг их ялгаа мэдрэгддэггүй гэсэн үг.

Яахав хөгжлийн хувьд ондоо байдаг ч улс орон бүрд хөгжих, цаг хугацаа бий. Япончуудын хувьд арван жилийн өмнө хөгжилд хөл тавьсан байж мэднэ. Монгол хөгжиж буй орон цаашлаад ахиад илүү ч хөгжинө. Төд удалгүй Японтой эн тэнцүү болж магадгүй. 

-"Монголын нууц товчоо" номыг уншаад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Япон улсын нутаг дэвсгэр дөрвөн том арлын дунд байдаг улс. Японы түүхийг судлаад үзэхэд жижиг арлыг нэгтгэх хаадын өрсөлдөөн их байсан гэхэд болно. Сүүлд нь гарч ирсэн хаан арлыг нэгтгэж япон улсыг байгуулсан гэхэд хилсдэхгүй.

Харин монголын хувьд Чингис хаан үндэстэн ястныг нэгтгэж их монгол улсаа байгуулж дараагаар нь дөрвөн зүгт хүчийг үзүүлэн газар нутгаа тэлсэн. Мөн ази болон европыг эдийн засаг, арилжаа наймаа, соёл урлаг гээд бүх зүйлээр нь холбосон. Үүн дээр Япон, Монгол хоёрын их түүхийн ялгаа нь гарч ирж байна. Монголчууд асар их түүхтэй ард түмэн. 

-Танд хэр үндсэрхэг үзэлтэй вэ?

-Их сонирхолтой асуулт байна. Япончуудын хувьд хоёрдугаар дайнд ялагдаад Америкчуудтай хамт байх үедээ үндсэрхэг үзэл, эх оронч үзэл гэдэг зүйлийг умартчихсан. Сургуульдаа ч гэсэн үндсэрхэг байдлын талаар заадаггүй. Яахав нийгмийн нэг хэсэгт үндсэрхэг хүмүүс байгаа гэхдээ дийлэнх нь эх хэл, соёл уламжлал гэдэг зүйлд анхаарал хандуулахаа больсон.

Харин монголчууд эх хэл, үндэсний баялгаараа бахархаж, эх орноо хайрладаг хүмүүс. Миний эргэн тойронд байгаа хүмүүс миний хувьд гадаад хүн шүү дээ. Тиймээс би өөрийгөө япон хүн болохыг илүү ихээр мэдэрдэг. Монголчуудын үндсэрхэг байдалд бага зэрэг ууссан байж магадгүй өөрийгөө энгийн япон хүнээс арай илүү үндсэрхэг гэж боддог. 

-Өөрийгөө япон хүн гэдгээ юунаас илүү их мэдэрсэн бэ?

-Үндэстний онцлог гэдгийг би тухайн улсын эх хэл дээр оршдог гэж боддог. Монгол хүмүүс яагаад монгол вэ гэхээр монгол цустай бас эх хэлийг яруу төгөлдөр ярьж байгаа учраас монгол үндэстэн байгаа юм. 

Хэдийгээр би монгол хэлийг сайн сурсан ч, миний хамгийн сайн ярьдаг, өөрийн бодол санаагаа ойлгуулдаг хэл бол Япон хэл. Тиймээс л би өөрийгөө япон хүн гэж мэдэрч, бас боддог. 

-Би хувь хүнийхээ хувьд Монгол бичгийн хэрэглээ бага байдагт ихээр эмзэглэж явдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хүмүүс яагаад хэл сурдаг вэ гэхээр бичих, ойлгох, унших чадвар нь зайлшгүй хэрэгцээтэй байдаг. Гэхдээ монголчууд хос хэлтэй хүмүүс. Тийм учраас монгол бичгийн байнгын хэрэглээ нь хаягдчихсан. Монголд монгол бичгийн хэрэглээ л дутуу байна. Тиймээс шинэ залуу үе нь босоо бичгийнхээ сайхныг бүрэн мэдэрдэггүй байх. Иймээс л Монголчууд эх хэлээ тэр дундаа монгол бичгээ хэрэглэхгүй байгаа нь харамсалтай санагддаг.

-Монгол бичгээс хайрлам, нандин чанар мэдэрч байсан уу?

-Анх сурч байхад надад хэлбэр дүрсийн хувьд их сонин санагдаж байсан. Сүүлдээ яг монгол хэлтэй бас монгол хүмүүстэй нийцэхүйц бичиг гэдгийг мэдэрсэн. Хүмүүсийн ярьж байгааг дүрст буулга гэвэл монгол бичиг л хамгийн тохиромжтой. Нуруу тэнэгэр, сүүл сайтай гээд монгол бичигт хурц өнцөг бараг байдаггүй. Үүнийгээ дагаад уул тал, уужуу тайван ахуй нь дүрслэгддэг. Нэг л урсаж, хөвөлзсөн мэдрэмж төрдөг.

Бас нэгэн гайхалтай чанар нь гэвэл монгол хэлний гол язгуур, утга учир нь монгол бичигтээ хадгалагдсан байдаг.

"Өглөө гэдэг үг монгол бичигт "өрлүгэ" ᠥᠷᠯᠦᠭᠡ гэж бичигддэг. Энэ нь өвөрмөц бичлэг, уламжлалт бичлэг ердөө биш. Монгол хэлний авиан хувирлын түүхийг хадгалж үлдсэн л хэрэг. Үнэндээ өрлүгэ биш "үрлүгэ" ᠥᠷᠯᠦᠭᠡ юм. Энэ нь үүр ᠦᠷ шөнө, үүр цайхын үүр гэсэн утгыг илэрхийлдэг юм. Эртний монгол хэлэнд урт эгшиг байгаагүй учраас эгшиг, гийгүүлэгч сөөлжлөн хэлдэг байж. Сүүлд богино эгшигтэй үгийг уртаар дууддаг болж. Тэгээд л "үр" гэдэг үг маань "үүр" гэж уртаар дуудагддаг болсон хэрэг. Энэ мэтийн нарийн нандин, мартаж боломгүй гайхалтай үгс Монгол хэлэнд асар олноороо буй. Монголчууд эх хэлний гайхалтай баялагтай ард түмэн.

-Ярилцсанд баярлалаа.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 18, 2024 08:40

Bas xrist yumuu

Zochin
Zochin
1 сар 18, 2024 08:46

Odoogiin yaponchuud huuchin hanzaa heregledegguitei adilhan. Ene huduuniu yapon duraaraa burah yuma

зочин
зочин
1 сар 18, 2024 08:49

Шимамура гайх�##�тай шүү

Зочин
Зочин
1 сар 18, 2024 09:27

Enend ymar hamaa bn a

Зочин
Зочин
1 сар 19, 2024 11:18

Жоохондоо ирсэн бол хүүхэд автоматаар сайн хэл сурдаг. Яаж гэж асуух шаардлагагүй. Жоохон бүү хэл өсвөр насандаа ч сайн сурна. Насанд хүрсэн хойноо хэл сурсан хүн л өөр байдаг болохоос. Сургуульд ороод ийш тийш явсан учраас монгол хэлээ эргэж мартаад доминант байхаа болесон байна.

Зочин
Зочин
1 сар 19, 2024 11:20

Пастор хийхийн оронд ЕБС-д уран зохиол, монгол хэлний багшаар ажиллаач.

Зочин
Зочин
7 сар 13, 2024 02:38

Таныг харж, таны гэрчлэлийг сонсоход миний хувьд маш их сэтгэл хөдөлж байна. Их Эзэн таныг маш их адислах болтугай

Зочин
Зочин
7 сар 13, 2024 02:42

Их Эзэн чамайг ивээг

Холбоотой мэдээ

Back to top button