Харвардын хорт хавдрын хүрээлэн судалгаандаа хуурамч баримт ашиглажээ
Харвардын их сургуулийн харьяа Дана Фарберийн хорт хавдрын хүрээлэн судалгаандаа хуурамч тоо баримт ашигласан байна. Ийм учраас нийтлүүлсэн зургаан судалгааны ажлаа буцаан татаж, 31 эрдэм шинжилгээний ажилд засвар оруулах болжээ.
Энэ сарын эхээр Шолто Дэвид нэртэй молекул биологич Дана Фарберийн хорт хавдрын хүрээлэн дүрс зургийг янзлах байдлаар тоо баримт хуурамчаар үйлдсэн талаар блог нийтэлсэн байна.
Үүний улмаас дөрвөн судлаачийн оролцсон 50 гаруй эрдэм шинжилгээний ажлыг тус хүрээлэн шалгаж байгаа юм. Тэдгээр судлаачид Харвардын Анагаах ухааны сургуульд багшаар ажилладаг аж. Мөн 50 эрдэм шинжилгээний ажлын дөрвийг нь Дана Фарберийн хүрээлэнгийн захирал Лаури Глимчер ахалж бичжээ.
Энэ талаар тус хүрээлэнгийн судалгааны үнэн зөв байдлыг хангах офицер Баррет Роллинс “Бид хариуцлага, үнэн зөв байдлыг эрхэмлэдэг соёл үүсгэх зорилготой. Ийм учраас эдгээр шинжлэх ухааны ажлын үнэн зөв байдлыг баталгаажуулахын тулд судалгааны ажлуудыг шалгах ажлын явцыг бүрэн хянаж байгаа” гэж хэлсэн юм.
Роллинс судалгааны ажил дахь зурагт өөрчлөлт оруулсан нь зохиогч уншигчдыг хуурах гэсэн санаатай байсныг нотлох баримт биш гэж нэмж хэлжээ. Одоогийн байдлаар шалгалтын үр дүнд зургаан судалгааны ажлыг буцаан татаж, 31 эрдэм шинжилгээний ажилд засвар оруулах болсон байна.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.