АНУ-д Жо Байдены хоолойг хиймэл оюун ухаанаар дуурайлган дуудлага хийсэн явдал гарчээ

АНУ-ын Нью-Хампшир мужид ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны санал хураалт өнөөдөр явагдаж байгаа юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хоолойг хиймэл оюун ухаанаар дуурайлган санал өгөх иргэд рүү дуудлага хийсэн олон тохиолдол гарчээ.
Дуудлагыг нь авахад Байдены хоолойгоор өнөөдөр болох анхан шатны сонгууль саналаа өгөхгүй байхыг уриалсан зүйл ярьсан байна. “NBC” агентлаг тус дуудлагын бичлэгийг олж авч нийтэлжээ.

“Ямар гээч нь утгагүй зүйл вэ” гэж дуудлага эхэлж “Ардчилсан намд саналаа өгөх нь хэр чухал гэдгийг та мэдэх байх. Санал болгон чухал. Тийм учраас арван нэгдүгээр сарын сонгуульд саналаа хадгалах хэрэгтэй. Ардчилсан намын гишүүдийг ялалтад хүргэхийн тулд таны тусламж шаардлагатай” гэсэн байна.
Тэдгээр дуудлагуудыг мөрдөн шалгах ажил яаралтай эхэлж, Нью-Хампшир мужийн прокурор санал өгөгчдийг дуудлагыг тоолгүй орхих хэрэгтэй хэмээжээ. Нью-Хампшир муж дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Кэти Салливанд тус дуудлагыг хүлээн авсан хүмүүсийн нэг юм.
Салливан “Энэ бол ардчилалд халдаж буй хэрэг учир үүнийг хийсэн хүмүүст өгч болох хамгийн дээд ялыг өгөх хэрэгтэй. Би энэ явдлыг хэзээ ч мартахгүй. Хэн энэ дуудлага хийх мөнгийг нь төлсөн, хэн мэдэж байсан, хэнд ашигтай зүйл вэ гэдгийг нь мэдмээр байна” хэмээжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.