Гадаад мэдээДЭЛХИЙ

Save The Children: Хүнд өвөл хүүхдүүдийг эрсдэлд оруулж байна

“Save The Children” буюу “Хүүхдийг Ивээх Сан” цаг уурын өөрчлөлтийн улмаас өвөлжилт хүндэрч байгаа нь хүүхдүүдийг хэрхэн эрсдэлд оруулж байгаа талаар нийтлэл бичжээ. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.

Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн хямралд хамгийн их өртөж буй улсуудын нэг болох Монголд дахин нэг хүйтэн өвөл өнгөрч байгаа нь хүүхдүүдийн сэтгэц, бие махбодын эрүүл мэндэд эрсдэл учруулж байна.

Одоогоор Монгол Улсын газар нутгийн 90 орчим хувь нь зудад нэрвэгдээд буй. 10 жил тутам нэг удаа томоохон зуд тохиодог байсан нь сүүлийн үед цаг уурын өөрчлөлтийн улмаас давтамж нь нэмэгджээ. Монголд сүүлийн хоёр жил дараалж хүнд зуд тохиолоо. Энэ жилийн зудтай нийлээд сүүлийн 10 жилд таван удаа зуд болжээ.

Хүүхдийг Ивээх Сангаас мэдээлснээр он гарснаас хойш 250 мянган хүн зудад өртсөн байна. Үүний 100 мянга нь хүүхдүүд юм. Цельсийн -35 хэм хүрч хүйтэрч байгаа нь олон мянган мал үрэгдэхэд хүргээд буй. Өнгөрсөн арван хоёрдугаар сараас нэгдүгээр сарын хооронд 60 мянга гаруй үхэр зудад үхсэн байна.

Цаг уурын ийм ноцтой нөхцөл байдалд малчид хүүхдүүдээ ах дүү, хамаатан садан эсвэл сургуулийн дотуур байранд үлдээж, малаа хариулахаар явдаг. Сүүлийн жилүүдэд Монголд агаарын хэм түүхэнд үзэгдээгүй бага хэмжээнд хүрчээ. Мөн зуны улиралд хур тунадас бага орсон тул малчид хангалттай хэмжээний өвс, тэжээл бэлтгэж чадаагүй юм.

Ийм нөхцөл байдалд үр хүүхдүүдийнхээ тусламжтай амьжиргаагаа залгуулдаг цөөн малтай айлууд хамгийн их хохирдог. Уур амьсгал судлаачид зудын давтамж, хүч нэмэгдэж байгааг цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна.

Монголд агаарын температур дэлхийн дунджаас хоёр дахин хурдацтай нэмэгдэж байгаа. Тодруулбал 1940-өөс 2015 оны хооронд Монголын агаарын дундаж температур 2 градус цельсээр ихэсжээ.

“Хүүхдийн Ивээх Сан”-гийн Монгол дахь салбарын төлөөлөгч Л.Баян-Алтай “Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монголд цаг уурын ноцтой үзэгдлүүд ойр ойрхон тохиож байна. Зуд бол их хэмжээний цастай хавсран огцом хүйтэрдэг. Уг үзэгдлийн үед цас их орж, зам боогдсоны улмаас олон малчид өвөлжөөндөө гацдаг юм. Зарим малчин өвөлжөөнөөсөө гарч, хэдэн зуун километр аялан бэлчээр, өвс хайх шаардлага тулгардаг. Зудын үед олон хүүхдүүд асрамж, хамгаалалтгүй үлддэг тул сургуулийн дотуур байр эсвэл хамаатан садны хүнийхээ асрамжид долоо хоног, сараар үлдэх нь элбэг” гэж хэлсэн юм.

Завхан аймгийн малчин, 48 настай Батдулам “Хүүхдийн Ивээх Сан”-д хэлэхдээ өвлийн саруудад хүүхдүүдийнх нь эрүүл мэнд, сургуульд явахад нь саад бэрхшээл тулгардаг талаар ярьжээ.

Тэр “Би гурван нас, 10 сартай хоёр хүүхэдтэй. Өвөл тэд маань ханиалгаж эхэлдэг. Эмийн үнэ хэт нэмэгдсэн болохоор эм худалдаж авах боломжгүй. Бас замын байдал хүндхэн байдаг тул бага охиноо вакцинд хамруулж чаддаггүй” гэсэн байна.

Эх сурвалж: Save The Children

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button