4.7 магнитуд хүчтэй газар хөдлөлт Токиод боллоо
Ням гарагт /2024.01.28/ 4.7 магнитуд хүчтэй газар хөдлөлт Токио болон тус хотын ойролцоох бүсэд болжээ. Одоогийн байдлаар ямар нэгэн гэмтэл бэртэл, хүний амь нас үрэгдсэн тохиолдолд бүртгэгдээгүй байна.
Японы цаг уурын агентлаг мэдээлснээр газар хөдлөлт ням гарагийн 08:59 минутад газрын гадаргаас 80 км-ийн гүнд, Токиогийн буланд болжээ. Тус улс газар хөдлөлтийн эрчмийг долоон шатлалд ангилдаг.
Тодруулбал тэг шатлалын үед газар хөдлөлт огт мэдрэгдэхгүй харин долоодугаар шатлалд хүмүүс алхаж, мөлхөж чадахгүй болж, газарт маш том ан цав гарч, хөрсний гулгалт үүсдэг байна.
Ням гарагийн газар хөдлөлтийн хувьд дөрөвдүгээр шатлалт багтжээ. Дөрөвдүгээр шатлалд чичиргээний улмаас унтаж байсан хүмүүс сэрэх, тавилга дээр байрлуулсан тогтвор муутай эд зүйлс унаж, зарим тохиолдолд алхаж байхад хөдлөлт мэдрэгддэг аж.
Японы цаг уурын агентлаг ямар нэгэн цүнамийн сануулга гаргаагүй байна. Нэгдүгээр сарын нэгний өдөр тус улсын Ишикава мужийн Ното хойгт 7.6 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон. Тус газар хөдлөлт долоодугаар шатлалд багтах хүчтэй байсан бөгөөд 236 хүн амь үрэгдсэн юм.
Эх сурвалж: Asahi Shimbun
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эх дэлхий минь амар тайван байгаасай