Цэргүүд нь Ойрх Дорнодод амь үрэгдсэн учир АНУ шаардлагатай арга хэмжээг авна
Ням гарагт /2024.01.28/ Йордан дахь АНУ-ын бааз руу дроноор халдсаны улмаас гурван цэрэг амь үрэгдэж 34 хүн бэртсэн. Тус халдлагыг Ираны дэмждэг “Islamic Resistance” нэртэй террорист бүлэг үйлдсэн болох нь тогтоогдсон юм.
Тэгвэл АНУ Ойрх Дорнод дахь Америк цэргүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авахаа мэдэгдсэн байна. Харин Катар АНУ-ын хариу арга хэмжээ бүс нутгийн аюулгүй байдалд хохирол учруулахгүй, Газын зурваст барьцаалагдсан хүмүүсийг суллах шинэ хэлэлцээрийн ахиц дэвшлийг бууруулахгүй байх гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби АНУ нь Ирантай дайтах эсвэл бүс нутагт илүү өргөн хүрээний дайн үүсгэхийг хүсэхгүй байгаа, гэхдээ бид хийх шаардлагатай зүйлсээ гүйцэтгэнэ гэсэн юм.
Аравдугаар сарын 7-нд Газын зурвасын дайн эхэлснээс хойш Ирак, Сири дэх АНУ-ын цэргийн баазууд руу Ираны дэмжлэг үзүүлдэг террорист бүлгүүд 97 удаа халджээ. Байдены засагт Ойрх Дорнодод илүү өргөн хэмжээний дайныг өдөөхгүйгээр хариу арга хэмжээ авах шаардлага тулгараад байна.
Үүнээс гадна Хамасын барьцаанд буй 100 гаруй хүнийг хэлэлцээгээр суллах ажилд АНУ, Катар оролцож буй. Халдлагын эсрэг хариу арга хэмжээ авах нь хэлэлцээнд нөлөөлж магадгүй гэж Катарын албан тушаалтнууд санаа зовниж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дандаа харуудыг нь хусчихсан байна ш дээ.