Европын батлан хамгаалахын албан тушаалтнууд дайны талаар ярих болов
Орос-Украины дайн удахгүй хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Мөн Газын зурвас дахь Израил, Хамасын дайн үргэлжилсээр, цаашлаад Ойрх Дорнодын бусад улсууд руу мөргөлдөөн халих эрсдэл нэмэгдэж байгаа.
Тодруулбал Ливан дахь Хезболла бүлэг Израилын зэвсэгт хүчинтэй хил дээр зэвсэгт мөргөлдөөн үүсгэсэн. Мөн АНУ болон Их Британийн арми хамтран Йемен дэх Хусит бүлгийн байршлуудад агаарын цохилт өгч эхэлсэн билээ.
Нөхцөл байдал хурцдаж байгаа тул Европын батлан хамгаалахын томоохон албан тушаалтнууд дайнд бэлтгэх талаар ярих болсон байна.
Тухайлбал нэгдүгээр сарын дундуур НАТО-гийн цэргийн хорооны дарга, адмирал Роб Бауэр “Бид амар амгалан цаг үед амьдарч байгаа эсэх нь тодорхойгүй. Тийм учраас ОХУ болон террорист бүлгүүдтэй байлдахад бэлдэж байгаа юм” гэж хэлжээ.
Харин Их Британийн Батлан хамгаалахын сайд Грант Шаппс хүйтэн дайны дараах энх тайван үе өндөрлөж, Их Британи холбоотон улсуудтайгаа хамт дайны өмнөх үед шилжиж байгаа хэмээсэн юм. Мөн Шаппс Европыг Путиний уур хилэнгээс хамгаалахын тулд зэвсэглэх цаг болсон гэсэн юм.
Мөн Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус ОХУ одоо довтлох магадлал бага ч “Манай мэргэжилтнүүд таваас найман жилийн дотор дайралт ирэх магадлалтай гэж таамаглаж байна” хэмээсэн билээ. Тэрбээр нэмж “Европт сүүлийн 30 жилийн турш нүүрлээгүй зэвсэгт хүчний заналхийлэл тулгараад байна” гэжээ.
Норвеги, Швед ч гэсэн үүнтэй ижил анхааруулгыг өнгөрсөн саруудад гаргасан юм. Зарим Европын албан тушаалтнууд Дональд Трамп дахин АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож магадгүй гэж санаа зовж байгаа аж.
Трамп ерөнхийлөгч байх үедээ НАТО-гийн гишүүн орнууд амласан хэмжээгээрээ тус холбоонд санхүүжилт өгөхгүй бол АНУ гарна гэсэн юм. Энэ жилийн сонгуулиар Трамп дахин сонгогдох магадлалт өндөр байгаа.
Зарим албан тушаалтнууд Трамп ерөнхийлөгч болсон тохиолдолд Путинтэй ойр харилцаатай байдал, мөн НАТО-гоос гарахаар сүрдүүлсэн нь асуудал дагуулж магадгүй хэмээн үзэж буй.
АНУ-ын НАТО-д үзүүлэх дэмжлэгийн талаар санаа зовних хүмүүс байгаа ч шинжээчид ОХУ-ын арми Украины армийг ялж чадаагүй учир Москвагийн үзүүлж буй аюул заналхийлэл тийм ч том биш гэж дүгнэжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.