Гадаад мэдээДЭЛХИЙ

Америкчууд Facebook, X, TikTok, Snapchat, Discord-ийн эздийг сонсголоор байцааж, тэднээс ямар амлалт авав

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2024.01.31/ АНУ-ын Сенатын Шүүхийн хорооноос явуулсан цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлын талаарх нээлттэй сонсголд "Facebook", "X", "TikTok", "Snapchat", "Discord" компанийн захирлууд оролцсон билээ. Тэгэхээр яг юу болоод өнгөрөв?

Сонсголын дундуур “Meta” компанийн захирал Марк Зукерберг цахим сүлжээнээс болж хохирсон хүүхдүүдийн гэр бүлээс уучлал гуйсан нь олны анхаарал татсан.

Тодруулбал Бүгд найрамдах намын сенатор Жош Хоули Зукербергээс хохирогчид болон тэдний гэр бүлээс уучлал гуйхыг асуусан байна. Үүний дараа Зукерберг “Та бүгдийн туулсан зүйлд бүх зүйлд уучлал хүсье. Хэн ч та бүхний туулсан зүйлийг амсах ёсгүйг” гэж уучлал гуйсан юм.

Зургийн эх сурвалж: CNN

Сонсголд Зукербергээс гадна TikTok”-ийн захирал Шоу Жи, “Discord”-ийн захирал Жэйсон Цитрон, “X” буюу хуучин Твиттерийн захирал Линда Яккарино, “Snapchat”-ийн захирал Эван Спигель нар оролцсон. Спигель сенатор Лафонза Батлерын асуултад хариулахдаа мөн “Snapchat”-аас хар тамхи худалдаж авч, хэрэглэсний улмаас амь үрэгдсэн хүүхдүүдийн эцэг эхчүүдээс уучлал гуйжээ.

Тэрбээр “Эдгээр эмгэнэлт явдлаас урьдчилан сэргийлж чадаагүйдээ харамсаж байна. Бид өөрсдийн платформоос хар тамхитай холбоотой бүх зүйлсийг устгахыг оролдсон” гэсэн байна.

Ямар учраас нээлттэй сонсгол хийсэн бэ

Тус сонсгол сошиал медиагийн компаниуд өөрсдийнх нь платформ хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэнд, сайн сайхан байдалд учруулж буй хохирлыг бууруулах талаар хангалттай арга хэмжээ аваагүй гэж үзсэн учраас болсон юм.

Өмнө нь Сенатын шүүхийн хороо хүүхдүүдийн цахим аюулгүй байдлын талаар сонсгол 2023 оны хоёрдугаар сард хийсэн. Тус сонсголын үеэр сенатор Ричард Блументал “Технологийн томоохон компаниуд хүүхдүүд болон эцэг эхчүүдийн зовлонг санаатайгаар ашиглан орлогоо балмад аргаар өсгөсөн” гэж хэлж байв.

Лхагва гарагт өрнөсөн сонсголын үеэр Сенатын шүүхийн хорооны дарга, сенатор Дик Дурбин Сураггүй Алга Болсон болон Мөлжлөгт Өртсөн Хүүхдүүдийн Үндэсний төвөөс (NCMEC) гаргасан статистик мэдээллээс иш татан хүүхдүүд бэлгийн мөлжлөгт өртөх явдал огцом ихэссэнийг дурдсан юм.

Дик Дурбин, зургийн эх сурвалж: WLS-AM

Тодруулбал “NCMEC” хүүхэд бэлгийн мөлжлөгт өртсөн тохиолдол 2018 оноос хойш 400 хувиар нэмэгдсэн гэж мэдээлжээ. АНУ-ын Холбооны Мөрдөх Товчооны хяналтад байгаа тохиолдлын ихэнх хохирогч нь 14-өөс 17 насны хөвгүүд байсан юм. 

Харин “NCMEC” 2013-аас 2016 оны хооронд АНУ-д бүртгэгдсэн хэргүүдэд дүн шинжилгээ хийж бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүдийн 78 хувь нь эмэгтэй байсан гэж тооцоолсон байна.

Бэлгийн мөлжлөг ихэвчлэн утас/таблет дээрх мессежлэх программууд, олон нийтийн сүлжээний сайтууд болон видео чатаар дамжин явагддаг гэж “NCMEC” тайландаа бичжээ.

Сенаторууд юу гэж хэлэв

Сенатын шүүх хорооны дарга Дурбин сонсголын эхэнд “Хүүхдүүдэд цахим орчинд тулгарч буй олон аюулын буруутнууд. Платформын загварын сонголт, итгэлцэл болон аюулгүй байдалд зохих хөрөнгө оруулалт хийж чадаагүй байдал, үндсэн аюулгүй байдлаас илүүтэйгээр хандалт, ашиг олохыг үргэлж эрэлхийлдэг нь бидний хүүхдүүд, ач зээ нарыг эрсдэлд оруулж байна" гэсэн юм.

Харин Линдсей Грэм “Ноён Зукерберг та болон бидний өмнө буй компаниуд ийм санаа агуулаагүй гэдгийг мэдэж байна л даа, гэхдээ та нарын гар дээр цус наалджээ. Таны бүтээгдэхүүн хүмүүсийн аминд хүрч байна” хэмээсэн байна.

Линдсей Грам, зургийн эх сурвалж: Israel Times

Сенатор Тед Круз “Instagram” хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж буйг харуулсан нийтлэл дээр анхаарал тавьсан хэр нь хэрэглэгчид харж болж байсан талаар Зукербергээс асуужээ.Круз “Ноён Зукерберг та яг юу бодож байсан юм бэ” гэсэн юм.

Сенатор Эми Клобушар технологийн салбарт зохицуулалт хангалтгүй байгааг онцолжээ. Тэрбээр “Хэдэн долоо хоногийн өмнө “Boeing” компанийн онгоцны хаалга нислэгийн үеэр салж унасан. Тухайн үед тус загварын онгоцыг ашиглахгүй байх шийдвэрийг хэн ч эсэргүүцээгүй. Тэгвэл бид хүүхдүүд амь үрэгдэж байна гэдгийг мэдсээр байж яагаад эдгээр платформуудын аюулын талаар ижил арга хэмжээ авахгүй байна вэ” гэсэн байна.

Сенатын шүүхийн хороо хэд хэдэн баримт үзүүлсний дунд нь аюулгүй байдлыг сайжруулахаар 45-аас 84 инженер нэмж ажилд авах хүсэлтээс татгалзсан Зукербергийн имэйл байсан юм.

Захирлуудын хариулт юу байв

Зукерберг нээлтийн мэдэгдэл хийхдээ Facebook болон Instagram-д өсвөр насны хүүхдүүдэд зориулсан шинэ хязгаарлалт нэвтрүүлж, шөнө платформоос гарахыг сэдэлжүүлэх зүйлсийг нэвтрүүлсэн гэсэн юм. 

Мөн тэрбээр “Meta” компани өнгөрсөн жил хүүхдүүдийн аюулгүй байдалд зориулж 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг онцолжээ. Зукерберг эцэг эхчүүдээс уучлал гуйхдаа аюулгүй байдлыг сайжруулах хүчин чармайлтаа үргэлжлүүлсээр байх болно хэмээсэн

Харин “TikTok”-ийн захирал сонсголын дундуур Шоу Жи итгэлцэл болон аюулгүй байдлыг сайжруулахын тулд 2024 онд 2 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгдсэн юм.

Тэрбээр "TikTok нь 13 ба түүнээс дээш насны хүүхдүүдэд зориулсан бодлогоо сонор сэрэмжтэй хэрэгжүүлдэг юм. Өсвөр насныханд бидэн шиг насанд хүрэгчдийнхээс хамаагүй илүү хязгаарлалттай платформыг санал болгодог"

Зургийн эх сурвалж: CNN

Сенатор Алекс Падилла захирлуудаас платформ дээр нь насанд хүрээгүй хэдэн хэрэглэгч байгааг асуужээ. 

Спигель “Snapchat” дээр 20 сая гаруй гэсэн бол “TikTok”-ийн захирал Шоу Жи хариулт өгөөгүй юм. Харин Яккарино “X” (Хуучин Твиттер) платформ дээрх 90 сая Америк хэрэглэгчдийн 1 хүрэхгүй хувь нь л хүүхэд гэсэн байна.

Харин итгэлцэл болон аюулгүй байдлын хэлтэст хэдэн ажилтантай вэ гэх асуултад:

Зукерберг “Meta” 40 мянган ажилтантай

Яккарино “X” 2,300 ажилтантай

Шоу Жи “TikTok” 40 мянган ажилтантай

Спигель “Snapchat” 2 мянган ажилтантай 

Цитрон “Discord” зуу зуун ажилтантай гэж хариулсан юм.

Сонсголын үр дүн ямар байв

Сошиал медиа салбарын шинжээч Мэтт Навара “BBC” агентлагт хэлэхдээ сонсгол нь АНУ-ын улс төрийн томоохон байр суурь илэрхийлэгдсэн, Зукербергийн уучлал гуйж буй мөчийн зургийг авах шоу боллоо хэмээсэн байна.

Сенатор Грэм АНУ-ын хуулийн 47-р зүйлийн 230 дахь хэсгийг хүчингүй болгохыг уриалсан юм. 230-р хэсэг технологийн компаниудыг платформ дээр нь гуравдагч этгээдийн нийтэлсэн контентод хариуцлага хүлээхээс хамгаалдаг юм.

Зургийн эх сурвалж: CNN

Сонсголд ажиглагчаар оролцсон эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ зураг болон “Цахим хор хөнөөлийг зогсоо “KOSA” хуулийг батал” гэсэн бичигтэй уриан лоозон барьсан байв. “KOSA” нь сошиал медиагийн компаниудад платформ дээрх хүүхдүүдэд анхаарал, халамж тавих үүргийг санал болгосон хуулийн төсөл.

Компаниуд үүнтэй ижил хуулийн төслүүдийг дэмжихээс зайлсхийж ирсэн. Харин нэгдүгээр сард “Snapchat” “KOSA”-г нэвтрүүлэхэд нээлттэй гэж мэдэгдсэн анхны платформ болсон. Мөн “X” компанийн гүйцэтгэх захирал Яккарино нээлтийн үеэр хэлсэн үгэндээ бусад хуулийн төслийг дэмжинэ хэмээсэн юм.

Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын сенаторууд цахим платформын компаниудтай холбоо бүхий хуулийн төсөл батлах тал дээр санал нэг байгаа. Хоёр намын санал нийлсэн цөөн хэдэн асуудлын нэг нь энэ. Гэвч санал нэг байгаа ч энэ тал дээр Конгресс хараахан хууль батлаагүй байгаа юм.

Эх сурвалж: NBC, NMCEC, CNN, Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-06 14:19

Манай сонсголууд бол инээдтэй юм байна. Эдний сeнатууд бол мөнгөний дээр төр байдгийг харуулаад ширүүн загнаж байна лээ. Манайд эсрэгээрээ нэг баячууд нь эргээд гишүүдээ зандраастай байна лээ

Зочин
Зочин
2024-02-06 21:53

Хүссэнээ үзэх хүний эрхийг хааж боож байна.

Холбоотой мэдээ

Back to top button