Зеленский армидаа дроны тусдаа хүчин үүсгэхийг үүрэг болголоо

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мягмар гарагт /2024.02.06/ зэвсэгт хүчиндээ дронд зориулсан тусдаа салбар үүсгэхийг үүрэг болгожээ. Украины дайнд дрон томоохон үүрэг гүйцэтгэж байгаа гэж батлан хамгаалахын албан тушаалтнууд хэлж байгаа учраас Зеленский ийм шийдвэр гаргав.
Зеленский орой бүр хийдэг мэдэгдэлдээ “Зэвсэгт хүчинд бие даасан салбар шинээр үүсгэх зарлигт гарын үсэг зурлаа. Дроны системийн салбар. Энэ салбарыг ирээдүйд байгуулж үр дүн үзүүлэх бус ойрын ирээдүйд үр дүн үзүүлэх шаардлагатай. Энэ жил бид олон тал дээр шийдэмгий алхам хийх шаардлагатай тулгарна. Байлдааны талбарт дроны систем хуурай газар, агаар, далайд өндөр үр дүнтэй гэдгээ харуулсан” хэмээжээ.

Украины цахим өөрчлөлтийн сайд Михайло Федоров дроны тусдаа салбар үүсгэх нь армийн технологийн хөгжилд түлхэц өгнө гэсэн юм. Тэрбээр “Өнгөрсөн жилүүдэд дронууд дайны талбар дахь нөхцөл байдлыг үндсээр нь өөрчилсөн. Дрон нь ОХУ-ын дайралтыг зогсоож, Украины армийн довтолгоонд дэмжихэд үр дүнтэй хэрэгсэл” гэсэн байна.
Зеленский ОХУ-ын эсрэг явуулж буй дайны гол элемент нь дроныг дотооддоо болон түнш орнуудтай хамтран үйлдвэрлэх явдал хэмээсэн. Ийм учраас тэрбээр арван хоёрдугаар сард Украин 2024 онд нэг сая дрон үйлдвэрлэнэ гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.