ШШГЕГ-аас ахлагч бүрэлдэхүүний дэд чуулган зохион байгууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 оныг “Ахлагч нарын бие бүрэлдэхүүний манлайллыг дэмжих” жил болгон зарлаад байгааг ШШГЕГ-аас мэдээлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор тус байгууллагаас ахлагч бүрэлдэхүүний дэд чуулганыг зохион байгууллаа.
Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор болох “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулжээ.
Нийт байгууллагын хэмжээнд “Тэргүүн ахлагч”, хорих анги, салбар, нэгжид “Сургагч ахлагч” цолыг бий болгохоор ажиллах юм.
ШШГЕГ-ын дарга, бригадын генерал О.Амарсанаа, байгууллагын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд ахлагч бүрэлдэхүүний оруулж буй хувь нэмэр өндөр байгааг онцолсон байна.
Мөн ахлагч бүрэлдэхүүний цалингийн зэрэглэл, шатлалд анхаарч, 2023 онд цалинг үе шаттайгаар нэмэгдүүлж ирснийг хэллээ. Цаашид ахлагч бүрэлдэхүүний шатлан захирах тогтолцоог бүрдүүлж, ШШГЕГ-т “Тэргүүн ахлагч”, хорих анги, салбар, нэгжид “сургагч ахлагч” цолыг бий болгох, ахлагчийн манлайллыг хөгжүүлж төлөвшүүлэх, нийгмийн баталгаа, ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулахаа илэрхийлэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.