Пакистанд сонгууль эхлэхийн өмнө дэлбэрэлт болж 28 хүн амь үрэгджээ

Пакистаны маргаан дагуулаад буй парламентын сонгууль өнөөдөр эхэлж буй. Тус сонгууль өнгөрсөн жил явагдах байсан хойшлогдон энэ жилийн хоёрдугаар сард явуулах болсон юм.
Тэгвэл сонгууль эхлэхээс нэг өдрийн өмнө буюу лхагва гарагт /2024.02.07/ хоёр бөмбөг тэсэрч 28 хүн амь үрэгдсэн байна. Тодруулбал Пишин мужид болсон дэлбэрэлтэд 16 хүн үрэгдэж, Кила Сайфулла мужид өөр тэсрэлт гарсны улмаас 12 хүн амь насаа алджээ.
Халдлагыг “Islamic State” террорист бүлэг үйлдсэн хэмээн мэдэгдсэн юм. Мөн сонгуулиас өмнө Пакистаны хэд хэдэн мужид интернэтийн сүлжээг хаажээ. Үүний улмаас санал хураалтын дундуур орон даяар интернэт тасалдах вий гэж зарим хүмүүс эмээх болсон байна.

Пакистаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мумтаз Захра Балоч санал хураалтын үеэр аюулгүй байдлыг хангахын тулд Иран, Афганистантай хилээ хаана гэж мэдэгджээ.
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Волкер Тюрк мягмар гарагт /2024.02.06/ хийсэн мэдэгдэлдээ эрх баригчдыг бүрэн эрх чөлөөтэй, шударга санал хураалт явуулахыг уриалсан байна.
Тюрк ингэж уриалсан нь учиртай. Яагаад гэвэл шинжээчид тус сонгуулийг Пакистан тусгаар тогтнолоо зарласнаас хойших хамгийн бохир санал хураалт хэмээж, албан тушаалтнуудыг сонгууль эхлэхээс өмнө саналын тоог өөрчилсөн гэж буруутгаад байгаа юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.