"Монгол Улс дахь бүс нутгийн ногоон хөгжлийг дэмжих бэлэн байдлын төсөл"-ийг санхүүжүүлнэ
Худалдаа, хөгжлийн банк болон Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан нар Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулснаар хоёр тал “Монгол Улс дахь бүс нутгийн ногоон хөгжлийг дэмжих бэлэн байдлын төсөл”-ийн хүрээнд хамтран ажиллах юм.
Оюу Толгойн зэсийн уурхайд түшиглэсэн эдийн засгийн хөгжил болон уул уурхайд ажиллах хүчин нэмэгдэхийн хэрээр Ханбогд сумыг зорих хүн амын тоо ирээдүйд өсөх хандлагатай байна. Үүнтэй холбогдуулан тус бэлэн байдлын төслийн зорилго нь Ханбогд сумын хөгжлийг анхнаас нь хүнд ээлтэй, ногоон, тогтвортой хөгжил рүү чиглүүлэх юм. Мөн энэ хүрээнд ногоон, байгальд ээлтэй тоног төхөөрөмжүүдийг тодорхойлох, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, төр болон хувийн хэвшлийн хамтарсан холимог санхүүжилтийн загварыг хөгжүүлнэ. Ингэснээр санхүүжилтийн схем болон хөшүүргийн механизмыг цогцоор нь тодорхойлох юм.
Худалдаа, хөгжлийн банк нь Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн байгууллага. СангийнУдирдах зөвлөлд “Монгол Улс дахь бүс нутгийн ногоон хөгжлийг дэмжих бэлэн байдлын төсөл”-ийг танилцуулж батлуулсан юм. Үр дүнд нь төслийн нийт өртгийг Уур амьсгалын ногоон сан (УАНС)-гийн буцалтгүй тусламжаар бүрэн санхүүжүүлэхээр болж байна. Худалдаа, хөгжлийн банк нь уг төслийн зохицуулагч байгууллагын үүргийг гүйцэтгэх юм. Мөн хоёр тал хамтран орон нутгийн иргэд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, мэргэжилтнүүдийн оролцоо болон нөөц бололцоог нэгтгэж тус төслийн хэрэгжилтийг илүү үр дүнтэй болгох юм.
Оюу толгой ХХК, Өмнөговь аймгийн ЗДТГ, Ханбогд сумын ЗДТГ, Барилга, хотбайгуулалтын яамтай хамтран орон нутгийн хөгжлийн цогц төлөвлөгөө болох Ханбогд сумын төвийг хөгжүүлэх “Мастер төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд зориулан 5 жилийн хугацаанд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх амлалт өгч 2022 оны 5-р сард Санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Үүний хүрээнд Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгой сан ТББ албан ёсоор байгуулагдаж, Ханбогд сумыг аюулгүй, гэр бүлд ээлтэй суурин болгон хөгжүүлэх, оршин суугчдын амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, түргэн, бодит үр өгөөжийг өгөх бүтээн байгуулалт дэд бүтцийн, нийгмийн болон бизнес хөгжлийн төслүүдийг эхлүүлэн хэрэгжүүлсээр байна.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.