Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: Монголчуудын барьж байгуулсан "Зүүн бүсийн хөгжлийн эхлэл 12 км төмөр зам” ашиглалтад орлоо

Байгалийн асар их баялагтай манай улс баялгаа хөгжлийн тулгуур болгохын тулд юун түрүүнд дэд бүтцээ шийдэх ёстой. Далайд гарцгүй, дэлхийн хоёр их геополитикийн дунд оршдог манай улсын хувьд гадагш баялгаа зарж борлуулахад дэд бүтцийн хамгийн чухал стратегийн боломж нь төмөр замын тээвэр. Өнөөдөр валют олдог экспортын 80 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, нүүрс эзэлж байна. Эдгээрийг экспортод гаргахад дэд бүтэц, төмөр зам зайлшгүй хэрэгтэй.

https://www.facebook.com/eguur.mn2/videos/796804127430232/

Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.10.16/ Дорноговь аймгийн Алтанширээ суманд Сайн ус 12 км төмөр зам ашиглалтад орлоо. Засгийн газраас  “Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт, Чойбалсан” гэсэн хэвтээ төмөр зам барихаар төлөвлөсөн. Удаан хугацаанд саатаад байсан Зүүн бүсийн сүлжээний эхлэл, хүнд үйлдвэрлэлийг эрчимжүүлэх 12 км  төмөр зам ашиглалтад орж буй нь энэ юм. 

Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замын бүтээн байгуулалтаас салаалсан уг төмөр замыг хувийн хэвшил төр, аймаг орон нутгийн дэмжлэгтэйгээр хоёр сарын дотор барьж байгуулж дууслаа.

Энэ тухай УИХ-ын гишүүн Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн Тэргүүн Б.Дэлгэрсайхан “Зүүн бүсийн хөгжил ид өрнөж буй энэ үед Дорноговь аймаг яах аргагүй дээрх замуудын гол огтлолцол дээр буй тулгуур аймаг болж байгаа юм. Манай улсын төмөр замын тээвэр баруунаас урагшаа хөндлөн нэг л гарцтай байсан. Ийн хэвтээ тэнхлэгийн төмөр замын эхлэл тавигдсанаар эдийн засгийн хувьд ч шинэ коридор бий болно. Өнөөдөр бид 100 жилийн дараа Монгол улсын нутаг дэвсгэрт өөрсдийнхөө хөрөнгөөр, өөрсдийн боловсон хүчнээр төмөр зам барьж чаддаг юм байна гэдгийг үзүүлж байна. Тухайлбал, Монгол улсын Засгийн газар шийдвэр гаргаж, уг шийдвэрийн хүрээнд Тавантолгой, Зүүнбаянгийн төмөр зам ажлаа эхлүүлсэн. Мөн өнгөрсөн долоо хоногт миний бие Ерөнхий сайдтай Сүхбаатар, Дорнод руу явж зүүн бүсийн төмөр замыг хэрхэн явуулах трассын ажлыг хараад ирсэн. Үүний угтал болгож өнөөдөр /2019.11.16/ Нефтийн үйлдвэрээс салбарласан Сайн ус төмөр замын нээлтэд оролцож байгаадаа баяртай. Энэ бол Монгол улсын түүхийн эхлэл, Зүүн бүсийн хөгжлийн эхлэл яг энэ замаас эхэлж байна. Цаашид ч төмөр замыг Монгол улс өөрсдийнхөө хүч, хөрөнгөөр барьж байгуулах боломжтой болохыг харууллаа” гэлээ.

Ийм дэд бүтэц бий болж буйн үрээр төр, хувийн хэвшлийн нийлсэн олон боловсруулах үйлдвэрүүд баригдаж эхлээд байна. Тухайлбал, цахиур чулууны үйлдвэр, манганы томоохон хэмжээний баяжуулах үйлдвэр, хүдрийн баяжуулах, жонш боловсруулах үйлдвэрүүд тус аймагт баригдаж дууссан байна. Мөн газрын тос боловсруулах үйлдвэр, төмрийн хүдрийг баяжуулах үйлдвэр, кокс ширэм хайлуулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх тээвэр энэ замаар хийгдэх юм.

Цаашилбал, БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч экспортын хоёр ба гурав дахь шинэ гарцуудыг бий болгож эцсийн хэрэглэгчид шууд хүргэх, далайн боомт нөхцөлөөр бүтээгдэхүүнийг борлуулах, Сайншандад Дархан, Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийг Тавантолгой коксжих нүүрсээр боловсруулан ган үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангах, улмаар ган металлургийн хүнд үйлдвэрлэл хөгжүүлэх, БНХАУ руу экспортлох эерэг хамааралт бүтээгдэхүүн болох төмрийн хүдрийн экспортын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг стратегийн олон чухал ач холбогдолтолтойг албаныхан дурдаж байлаа.

Энэ тухай “Мongolian trans logistic” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Сүхбаатар:

12 КМ НЭМЭГДЭЖ БАЙГАА, СОНСОХОД БАГА ТОО МЭТ БОЛОВЧ “МЯНГАН БЭЭРИЙН АЯЛАЛ НЭГ АЛХМААС ЭХЭЛДЭГ”

Монгол улсын төмөр замын салбар 70 жилийн ойтойгоо саяхан золгосон. Энэ 70 жилд шинээр баригдсан төмөр замуудын хүрсэн газар бүрд шинэ хот суурин, үйлдвэр уурхай сүндэрлэн боссон байдаг. Зам дагаж хөгжил гэдэг үгний бодит илрэл энэ билээ. Манай компани өөрийн хөрөнгө оруулалт, өөрсдийн мэргэжлийн боловсон хүчнээр сүүлийн 10 жилд барьж байгуулж байгаа хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалт бол бидний ойлголтоор маш богино хугацаанд барьж байгуулсан өргөн царигийн гол зам нь 12 км урттай энэ төмөр зам юм.

Ийнхүү шинэ төмөр ашиглалтад орсноор манай улсын төмөр замын сүлжээний 1922.1 км урт төмөр зам дээр нэмж ердөө л 12 км нэмэгдэж байгаа, сонсоход бага тоо мэт боловч “мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг” гэдэг утгаар шинэ төмөр зам дээр даруй 50 гаруй төмөр замчдын ажлын байр бий болж Дорноговь аймагт саяхан ашиглалтад орсон Монгол газрын тос боловсруулах үйлдвэр, шинээр баригдаж буй хүдрийн баяжуулах, кокс, ширэм үйлдвэрлэх компаниудын дэд бүтэц, тээвэр, ложистик, гаалийн хяналтын суудал цогц байдлаар шийдэхэд энэ зам чухал нөлөөтэй байх юм.

Манай улсын эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйл болох уул уурхайн экспортын бүтээгдэхүүний тээврийн салбарын чухал хэсэг болох төмөр замын салбарыг либералчлах ажил нь 2007 онд батлагдаж 2012 онд өөрчлөлт орсон “Төмөр замын тээврийн тухай хуулийн” дагуу 2007 оноос явагдаж эхэлсэн ба цаашид төмөр замын салбарын либералчлал бүр өргөн хүрээнд явагдаж өмчийн олон хэлбэрийн аж ахуйн нэгжүүд “Зүүнбаян Таван толгой”, “Таван толгой Гашуун сухайт” чиглэлүүдийн шинэ төмөр замуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг энэ Засгийн газрын үед эрчимтэй шуурхай шийдэж, хийж эхлээд байгаа нь төмөр замын салбарт ажилладаг бидний хувьд хамгийн эерэг мэдээ.

Болдтөмөр Ерөө гол ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Чулуунхүү:

НОЙТОН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР, ХОРГОЛЖИНГИЙН ҮЙЛДВЭР, ШИРЭМ ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН АЖЛЫН МААНЬ ЭХЛЭЛ БОЛЖ БАЙНА

“Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт, Чойбалсан” чиглэлийн зүүн бүсийн төмөр замын транстай холбогдох 12 км энэхүү төмөр замыг өөрийн хөрөнгөөр барих түүхэн үйл явдалд дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст баярлалаа.

Болдтөмөр Ерөө гол компани үүсгэн байгуулагдаад 15 жилийн нүүр үзэж байгаа. Энэ хугацаанд хоёр дахь том бүтээн байгуулалт маань энэ зам юм. Сайн ус төмөр зам нь Болдтөмөр Ерөө гол компанийн нойтон баяжуулах үйлдвэр, хорголжингийн үйлдвэр, ширэм хайлуулах үйлдвэрийн ажлын маань эхлэл болж байгаад туйлын баяртай байна. Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Сайншандад баригдах Дархан-Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн уурхайг түшиглэн байгуулж буй цогцолбор маань энэ онд үйл ажиллагаагаа эхэлж одоогийн байдлаар 45 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус үйлдвэр ашиглалтад орсноор 100-120 байнгын ажлын байр бий болж, жилдээ 2 сая тонн төмрийн хүдэр боловсруулах хүчин чадалтай үйлдвэр бий болох юм. Мөн энэ жил Болдтөмөр Ерөө Гол ХХК-н 15 жилийн ой, Монголиан Транс Ложистик ХХК-ийн 10 жилийн ойн баяр давхцаж байна. Нийт компанийнхаа ажилчдад энэ том бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэнд баяр хүргэж цаашдын ажилд өндөр амжилт хүсье.

Болдтөмөр Ерөө гол компанийн Нойтон баяжуулах үйлдвэрийг Дорноговь аймагт барьж байгуулж байгаа гол шалтгаан нь Засгийн газрын хэрэгжүүлж буй аж үйлдвэрийн парктай холбоотой. Хүнд үйлдвэрлэлийг энд төвлөрүүлэх хөтөлбөрт хамрагдаж, хувийн хэвшлийн зүгээс энэ газрыг сонгон байгуулж байна. Болдтөмөр Ерөө гол компани маань Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа явуулдаг. Тус үйлдвэрийг Сэлэнгэ аймагт барих боломжгүй болсон гол шалтгаан нь Засгийн газрын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг тул гадаргын болон гүний ус ашиглахаас эхлээд усны асуудалтай. Иймд Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрт түшиглэж бүтээн байгуулалтын ажлаа эхэлсэн байгаа.

Эдийн засгийн үр өгөөжийн хувьд төмрийн хүдрийг дараа дараагийн шатанд боловсруулах тал руугаа илүү анхаарч ажиллаж байна. Учир нь Болд төмрийн хүдрийг дараагийн түвшинд боловсруулахын тулд эхлээд Нойтон баяжуулах үйлдвэр барьж, баяжуулаад коксжсон нүүрстэй холиод хорголжинг үйлдвэрлэж улмаар хорголжингоо ширмэн үйлдвэрт ашиглах боломж бүрдэнэ. Ширмээр цаашлаад төмөрлөгийн эцсийн бүтээгдэхүүн болгох тул энэхүү газрыг сонгож төслөө хэрэгжүүлж байна.  

“Мongolian trans logistic” ХХК-ийн Замын аж ахуйн албаны дарга Б.Батсайхан:

НЭЭЛТЭЭ ХИЙГЭЭД БУЙ ЭНЭ 12 КМ ТӨМӨР ЗАМЫГ ДАГАЖ ОДООГООР 50 ГАРУЙ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛСОН

Бид уг бүтээн байгуулалтыг хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн. Манай баг 10 жилийн өмнө Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт өргөн царигийн гол зам нь 115 км урттай, таван өртөө зөрлөг бүхий төмөр зам, гүүр, хоолой, төмөр замын дагалдах бүх байшин барилга, дэд бүтэц, дохиолол холбоо, цахилгаан хангамжийн асуудлыг хоёр жилийн дотор шийдэж ажилласан туршлагатай. Би ч уг бүтээн байгуулалтад оролцож байлаа. Одоо нийт 280-д ажилтан ажиллагсадтайгаар тус төмөр замын дэд бүтцээр өөрсдийн болон бусдын ачаа тээврийг “Төмөр замын тээврийн тухай хууль”-ийн хүрээнд өдөр бүр тасралтгүй явуулж, УБТЗ ХНН-ийн ачаа эргэлт, тээврийн нийт орлогод дөрөвний нэгийг эзлэх хэмжээнд хүрсэн амжилттай хөдөлмөрлөж байна. Мөн нээлтээ хийгээд буй энэ 12 км төмөр замыг дагаж одоогоор 50 гаруй ажлын байр бий болоод байна. Уг төмөр зам цаашид үргэлжилснээр үүнээс ч их ажлын байр бий болж, Монголчууд өөрсдөө төмөр замаа богино хугацаанд, чанартай тавих боломжтой гэдгийг улам тод харуулна. Энэ төмөр зам нь хамгийн багадаа 50 жилийн насжилттай.Сэлэнгэ аймагт барьж байгуулж байсан 115 км урттай төмөр замтай харьцуулбал шинэ технологи, шинэ машин механизмуудыг ашигласнаараа онцлог байлаа.

Бидний хийж бүтээсэн төмөр замын хувьд их биш хэмжээтэй ч “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгалаа олсон “төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, ирээдүйд өсөн нэмэгдэх тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг үр дүнтэй, найдвартай хангахад чиглэсэн үр ашигтай үндэсний төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг өргөжүүлэх, улмаар улс орны дамжин өнгөрүүлэх чадавхийг дээшлүүлэн, салбарын эрхзүйн орчин, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, ашигт малтмалын томоохон ордуудыг ашиглах, тэдгээрийн бүтээгдэхүүнийг экспортлох болон боловсруулан экспортолж, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангахад” оршино гэсэн утга агуулгад яв тав нийцэж байгаа гэж ажиллаж ирлээ.

Ийнхүү Монголын эдийн засагт чухал үр нөлөө бүхий төмөр замын бүтээн байгуулалт хоёрхон сарын хугацаанд төр, хувийн хэвшлийн хамтралаар бүтээн бослоо. Зам дагаж хөгжил гэдэг дээ.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2019-11-22 14:19

давхар вагон төмөр замын ачааг тогтвортой барина

Холбоотой мэдээ

Back to top button