АНУ-ын Батлан хамгаалахын яамд үүсээд буй асуудал

Дэлхийн хамгийн хүчирхэг армитай АНУ-ын Батлан хамгаалахын яамд сайдтай нь холбоо бүхий асуудал тулгараад байна. Батлан хамгаалахын сайд Ллойд Остин арван хоёрдугаар сард хоёр ч удаа эмнэлэгт хэвтэн, алга болсноо нуужээ. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хүртэл тухайн үедээ мэдээгүй байсан юм.
Остин энэ сарын эхээр мэдэгдэл гарган уучлал гуйхдаа хорт хавдраар оношлогдсон нь өөрт нь хүндхэн туссан, хагалгаанд ороод бие нь тэнхэрч байгаа хэмээжээ. Тэр “Үнэнийг хэлэхэд надад төрсөн анхны бодол бол нууц хэвээр нь үлдээх байсан. Хувийн орон зайдаа их анхаарал тавьдаг гэдгийг маань хүмүүс мэднэ” гэсэн байна.
Бүгд найрамдах болон Ардчилсан намын хууль тогтоогчид, мөн Байден хүртэл Остиныг хорт хавдраар оношлогдсон гэдгээ мэдэгдээгүйг нь шүүмжилсэн юм. Дональд Трамп гэх мэт зарим нөлөө бүхий Бүгд найрамдах намын гишүүд түүнийг ажлаас нь түдгэлзүүлэхийг уриалжээ.

Остины гаргасан үйлдлийг шалгах гурван тусдаа мөрдөн байцаах ажил явагдаж эхэлсэн байна. Үүний нэгийг нь зэвсэгт хүчний хаягдал, залилан болон хүчирхийллийг хянадаг Пентагоны Ерөнхий байцаагчийн алба явуулж байгаа юм.
Тэрбээр хоёрдугаар сарын 29-нд Конгрессын өмнө болсон явдлын талаар мэдүүлэг өгөх болжээ. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчний хорооны дарга, Бүгд найрамдах намын гишүүн Майк Рожерс түүнийг мэдүүлэг өгөхийг тушаасан байна.
Остин мэс засалд орсон ч гэсэн тэр ням гарагт /2024.02.12/ эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ. Өмнө нь үүссэн улс төрийн асуудлыг дахин үүсэхээс сэргийлж энэ удаа Остиныг эмнэлэгт хэвтсэнийг Пентагон яаралтай мэдээлэв.
Одоогийн байдлаар тэр хэр удаан хэвтэн эмчлүүлэх нь тодорхойгүй байна. Гэхдээ тэрбээр лхагва гарагт /2024.02.14/ Брюссель хот руу явж “Ukraine Defense Contract Group”-ийн уулзалтад оролцох товтой байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.