Баярын өдрүүдэд иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн ч биеэ зөв авч явдаг болсон
Сар шинийн өдрүүдийн гэмт хэрэг, зөрчил, эрүү, хэв журам, авто замын нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээллийг Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар (НЦУГ)-аас өглөө.
Баярын гурван өдрийн хугацаанд нийт 299 хүн эрүүлжүүлэгджээ.
Иргэд архи, дарс хэрэглэхээ больж, хэрэглэсэн ч биеэ зохистой авч явдаг болсон ахиц гарсан хэмээн цагдаагийн байгууллагаас дүгнэж байгаа аж.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг хэлэхдээ "Энэ жилийн сар шинийн баяр амралтын өдрүүдээр нийт 6,525 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Үүнээс:
- 246 нь гэмт хэргийн шинжтэй
- 5,136 нь зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл байсан.
Энэ жил мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой буюу хүрээлэн буй орчны гэмт хэрэг өмнөх оны түвшинд байв. Залилах гэмт хэрэг буурсан. Хүнийг алах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдэх, хууль сахиулагчийг эсэргүүцэх зэрэг гэмт хэргийн шинжтэй дуудлага 25-66 орчим хувиар буурсан байсан.
Харин хулгайлах, хүний эрүүл мэндийн эсрэг халдашгүй байдлын гэмт хэрэг 2-60 орчим хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.
Бусад үзүүлэлтийг харвал:
- Энэ жилийн сар шинийн баяр амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зөрчил өнгөрсөн оны мөн үеэс долоо орчим хувиар буурав.
- Гэмт хэрэг, зөрчил үйлдэж баривчлагдаж саатуулагдсан хүн 70 хувиар буурав.
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих буюу Зөрчлийн тухай хуулийн 5.4-т заасан гэр бүлийнхээ хамаарал бүхий этгээдүүдийн эсрэг үйлдсэн хүчирхийллийн шинжтэй дуудлага мэдээлэл 10 орчим хувиар буурсан" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ашгүй дээ. Бага багаар дээрдэж байна.