Who is Who?Гадаад мэдээДЭЛХИЙ

Монголд тоглолтоо хийх MC Sniper, Ким Хюн Жүн, Bloo гэж хэн бэ

Өмнөд Солонгосын уран бүтээлчид болох MC Sniper, Ким Хюн Жүн нар өчигдөр Монголд газардсан. Тэд өнөөдөр 20:00 цагт Holiday Inn зочид буудалд болох хэвлэлийн бага хуралд оролцох юм. Харин маргааш 18:00 цагт MC Sniper, Bloo, Ким Хюн Жүн нар Буянт-Ухаа цогцолборт тоглолт хийнэ.

Тэгвэл эдгээр уран бүтээлчдийн талаар мэдээлэл хүргэе

MC Sniper

MC Sniper гэх уран бүтээлчийн нэрээрээ алдаршсан Ким Жун Ёо нь 1979 оны хоёрдугаар сард мэндэлжээ. Тэрбээр Өмнөд Солонгосын хип хоп урсгалын анхны үеийн рэпперүүдийн нэг юм.

Солонгост тус урсгалыг дэлгэрүүлэхэд оролцсоноос гадна MC Sniper нь “Buddha Baby” нэртэй хип хоп хамтлагийн ахлах бөгөөд “Sniper Sound” гэх дуу бичлэгийн компанийг 2004 онд үүсгэн байгуулжээ.

Тэрбээр Солонгосын хип хоп урсгалын эх тавигдсан гэгддэг “Master Plan” нэртэй клубт дуулж карьераа эхлүүлсэн байна. 2000 онд цацагдсан “StarCraft” тоглоомд түүний “Revelation” нэртэй уран бүтээл орсноор MC Sniper олонд танигдах болсон юм.

MC Sniper 2002 онд “So Sniper” нэртэй хамгийн анхны цомгоо “Pony Canyon” энтертайнментын дор гаргаж дебютээ хийсэн байна. Тэрбээр хамгийн сүүлд “Album 1” нэртэй цомог өөрийнхөө “Sniper Sound” бичлэгийн компанийн нэр дор гаргажээ.

Ким Хюн Жүн

Жүжигчин, дуучин Ким Хюн Жүн 1986 оны зургаадугаар сард төржээ. Монголчууд түүнийг “F4” буюу “Boys Over Flowers” киноны Юн Жи Хүгийн дүрийг бүтээсэн гэдгээр нь сайн мэднэ.

Тэрбээр нэгэн ярилцлагын үеэр өөрийгөө хичээлдээ анхаарал хандуулдаг байсан хүүхэд гэсэн ч ахлах сургуулиа орхин хөгжмийн карьер хөөсөн байна. Ким Хюн Жүн дараа нь ахлах сургуулийн төгсөлтийн шалгалтаа өгч Кёнги их сургуульд элсэн оржээ. Гэвч ажилдаа анхаарал хандуулахын тулд Кёнги их сургуулиас гарсан юм. 

Ким Хюн Жүн 2005 оны зургаадугаар сарын 31-ны өдөр “SS501” хамтлагийн гишүүнээр дебют хийжээ. 2008 онд тэрбээр “MBC” телевизийн “We Got Married” нэвтрүүлэгт дуучин Хванботой хамт оролцсон байна. 

Тус шоу дээр олны танил хоёр хүн гэрлэсэн мэт дүр эсгэн хамтдаа сорилтуудыг давдаг. Ким Хюн Жүн болон Хванбо нарын дугаар үзэгчид дунд алдартай болж, 2008 оны “MBC Entertainment Awards”-аас Шилдэг хосын шагнал авчээ.

Мөн 2008 онд Ким Хюн Жүн “Boys Over Flowers” киноны гол дүрийг бүтээх болсон юм. Тус драма БНСУ болон Азийн бусад орнуудад хит болж Ким Хюн Жүн 2009 онд “Seoul International Drama Awards”-аас Хамгийн алдартай эрэгтэй жүжигчний шагнал, “Baeksang Arts Awards”-аас Телевизийн хамгийн алдартай эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн юм.

2010 онд Гуанжу хотод болсон Азийн спортын наадмыг нээлт дээр тэр Өмнөд Солонгосыг төлөөлж, “Sunshine Again” дууг дуулсан байна. Ким Хюн Жүн 2011 оны зургаадугаар сард “Break Down” нэртэй ганцаарчилсан цомгоо гаргасан нь арван өдрийн дотор зарагдан дуусаж, Өмнөд Солонгосын оны шилдэг борлуулалттай цомгуудын есдүгээр байрт оржээ.

2011 оны сүүлээр тэр “Lucky” нэртэй хоёр дахь цомгоо цацсан нь “Billboard”-ийн дэлхийн чартын тавд жагсан, Өмнөд Солонгосын оны шилдэг борлуулалттай цомгуудын аравдугаар байр орсон байна.

Ким Хюн Жүн 2015 оны тавдугаар сард цэргийн алба хааж эхлэн 21 сарын дараа буюу 2017 оны хоёрдугаар сард чөлөөлөгдсөн юм. Тэрбээр энтертайнментын салбарт амжилттай карьер бүтээснээс гадна хэд хэдэн удаа сайн үйлсийн аянд их хэмжээний мөнгө хандивлаж байжээ.

2011 онд Фүкүшимагийн газар хөдлөлт болсны дараа тэрбээр гамшгийн 100 сая вон хандивласан юм. Мөн 2013 онд БНХАУ-ын Лушань бүсэд болсон газар хөдлөлтөд 100 сая вон хандивласан байна.

Bloo

Ким Ён Ун буюу Bloo гэх уран бүтээлээрээ алдаршсан Bloo нь 1994 онд мэндэлжээ. Тэрбээр 2016 онд “Drive Thru” нэртэй хамгийн анхны уран бүтээлээ “MKIT Rain” энтертайнментын нэр дор цацаж байсан. 

Bloo нийтдээ гурван цомог гаргаж байсан нь: “Bloo In Wonderland 2” (2021 он), “Moon and Back” (2021 он), “Fox and City” (2023 он) юм. Монголчууд түүнийг 2017 онд цацагдсан “Downtown Baby” нэртэй уран бүтээлээр нь мэднэ.

Дуучин И Хёо Ри “Hang With Yoo” нэвтрүүлэг дээр “Downtown Baby”-ийг дуулсны дараа тус уран бүтээл Өмнөд Солонгосын чартуудыг тэргүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button