Нийгмийн

"Цаг үеийн асуудалд төсвөөс 34 тэрбум төгрөг шийдвэрлэлээ"

УОК-ын шуурхай штабаас хаваржилт хүндэрч, цаг агаарын онцгой нөхцөл үүсээд буйтай холбогдуулан өчигдөр хуралдсан. Уг хуралдаанаар хэлэлцсэн асуудлаа Засгийн газрын ээлжит бус хуралд танилцуулж зарим арга хэмжээнүүдийг авахаар болсон талаар УОК-ын Шуурхай штабын дарга С.Амарсайхан мэдээллээ.

Тэрбээр "Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өчигдрийн УОК-оор хэлэлцсэн асуудлыг танилцуулж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

  • Тэжээл хужир, шүү, импортын гурилан бүтээгдэхүүний татварын чөлөөлөх асуудлыг УИХ-д өргөн барихаар боллоо.
  • Аймаг орон нутагт зам харгуй гаргана. Эрүүл мэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэхийн тулд тээврийн түлш зардлыг шийдвэрлэлээ.
  • Сум багт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн сайдаар ахлуулах ажлын хэсгийг зохион байгууллаа
  • Үхсэн малын сэг зэмийг ариутгаж устгалд оруулах
  • Отроор яваа малчдад хүнс, эм тариа зэрэг анхан шатны эмийн багцыг шийдвэрлэлээ
  • Нийслэлд шар усны үер түүнтэй холбоотой авч хэрэгжүүлэх урьдчилан сэргийлэх ажлын зардлыг шийдвэрлэх
  • Алслагдсан орон нутаг сумдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зориулалтын автомашиныг нийлүүлэх гэх мэтээр 21.4 тэрбум төгрөгийн дэмжлэг туслалцааг аймаг орон нутаг, малчид өрхүүддээ үзүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.

Мөн ЦУОШГ-ын үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний газрын үйл ажиллагааг сайжруулах, чадавхыг нэмэгдүүлэхээр цаг уурын урьдчилсан мэдээллийг гаргадаг станцыг байгуулах хөрөнгө мөнгийг шийдлээ. Нийтдээ 34 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэлээ гэж та бүхэн ойлгож болно" гэлээ.

-Цаг агаарын савлагаатай нөхцөл төмөр зудын эрсдэлд хүргэж, гамшигт нөхцөл ажиглагдсан-

Уг мэдээллийн дараа ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал цаг агаарын төлөв байдал, өнөөгийн нөхцөлийн талаар мэдээллээ. Тэрбээр "Өвөлжилтийн нөхцөл нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй. Хотгор газраа 60 см цастай, хунгарсан газраа 100 хүртэлх см-ын цасан бүрхүүлтэй байгаа мэдээлэл байна. Энэ нь зудын нөхцөл байдлыг хүндрүүлсэн. 17 аймгийн 89 сум цагаан зудын нөхцөлтэй байгаа бол 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлтэй байна.

Үүн дээр нэмэгдээд төмөр зудын нөхцөл нэмэгдэж орж ирсэн. Энэ нь гэнэт дулаараад гэнэт хүйтрээд буй нөхцөлөөс үүсдэг. Одоогийн байдлаар зургаан аймгийн 23 сум төмөр зудын буюу шилэн зудын нөхцөлтэй байна. Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч байгаа. Зарим нутгаар +15 хэм хүртэл дулаар байна. Энэ нь төмөр зудыг улам хүндрүүлнэ. Эргээд баруун аймгийн нутгаар хүйтэрч байна. Баруун аймагт салхины дундаж хурд нь 24-30 м/сек хүртэл шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан.

Харин цасан шуурганы аюултай үзэгдэл баруун аймгаар ажиглагдаж байна. Энэ үзэгдэл үргэлжилж, өнөө шөнө төвийн аймаг руу орж ирэхээр байна. Тиймээс энэ бүсээр бүү зорчоорой гэж маш ноцтой анхааруулж байна. Учир нь зам халтиргаа гулгаатай болно, зам хонхор гүдгэр нь мэдэгдэхгүй болж болсноор цасанд суух, үзэгдэх орчин харагдахгүй болох эрсдэл маш өндөр байна" гэлээ.

-Өчигдрийн байдлаар 608 мянган мал хорогдсон байна-

Мөн УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Гурав дахь өдрийн Засгийн газрын хуралдаанаар малын хорогдын тоо 508 мянга гэж танилцуулж байсан. Харин өчигдрийн байдлаар 608 мянга болж нэмэгдсэн байна.

Баруун аймгуудаар өчигдрөөс эхлэн цаг агаар муудаж, цасаар шуурч, салхины м/сек хурдассантай холбоотойгоор зам давааг хаах нөхцөл байдал үүссэн. Зам хаагдсан газруудад ЗТХЯ болон зам ашиглалтыг хариуцсан АЗЗА компаниуд зам гаргах ажлыг хийнэ. Өнөө шөнөөс эхлэн төвийн нутгаар цасан шуурга шуурч аюулт үзэгдлийн хэмжээнд хүрэх эрсдэлтэй байгаа учраас одоо гаргасан зам даваа дахин хаагдах эрсдэлтэй. Цасан шуурганы араас зам давааг нээх, айл өрхүүд рүү өвс тэжээл хүргэх ажлын дагуу УОК дээр тодорхой ажлын хэсэг шуурхай бүлгүүдийг гаргана" гэлээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
доржсүрэн
доржсүрэн
2024-02-18 11:09

М�##�чид зун намарчин найр наадам хийж архидаж байхаар өвс тэжээлээ бэлтгэх хэрэгтэй шдээ. Хайран татвар төлөгчдын мөнгө !!!

Холбоотой мэдээ

Back to top button