Top StoriesГадаад мэдээГео-ТоймДЭЛХИЙ

Ойрх Дорнодод өөр нэг дайн эхлүүлж магадгүй нөхцөлүүд үүсээд байна

Хамас бүлэг өнгөрсөн жилийн аравдугаар сарын долоонд Израилын тосгонууд руу гэнэтийн довтолгоо хийж, дайн эхэлснээс хойш 133 хоног өнгөрчээ. Эдгээр хоногийн хугацаанд Ойрх Дорнодод дахин нэг дайн гарах эрсдэл нэмэгдсээр байна.

Аравдугаар сарын 7-нд Хамас 1,200 гаруй хүний амь насанд хүрч, 250 орчим хүнийг барьцаанд авсан. Барьцаанд буй 105 хүнийг Хамас сулласан байгаа. Харин пүрэв гарагийн байдлаар Газын зурвасын эрүүл мэндийн гаргасан мэдэгдлээр бол Израилын довтодлгооны улмаас 28,663 хүн амь үрэгджээ.

Ойрх Дорнодод өдрөөс өдөрт нөхцөл байдал хурцадсаар л. Тус бүсэд өөр нэг томоохон дайн эхлүүлэх эрсдэлийг ямар хүчин зүйлс нэмэгдүүлээд байна вэ?

Улаан тэнгис болон Хусит бүлэг

Газын зурвасын дайн эхэлсний дараа Йемен дэх Хусит бүлэг арван нэгдүгээр сард Улаан тэнгис дэх Израилыг зорин явж буй тээврийн хөлөг онгоцнууд руу халдана гэдгээ мэдэгдсэн. Улаан тэнгис бол дэлхийн усан тээврийн 15 хувь өнгөрдөг худалдааны өндөр ач холбогдол бүхий бүс.

Ийм учраас тус бүсэд АНУ, Их Британи тэнгисийн цэргийн хүчнээ алба байршуулж хуситуудын дайралтыг таслан зогсоож байсан юм. Гэвч Хусит бүлэг халдлагаа зогсоохгүй байсан тул Йемен дэх тус бүлгийн байршлуудад АНУ болон Их Британийн арми агаарын цохилт өгч эхэлсэн юм.

Хусит бүлгийн гишүүд ,зургийн эх сурвалж: Reuters

Агаарын цохилт өгөхөөс өмнөх өдөр хуситуудын ахлагч Абдул Малик аль-Хусит “Америкийн аливаа дайралтыг зүгээр өнгөрөөхгүй. Бид хорин дрон болон хэд хэдэн пуужингаар хийсэн халдлагаасаа илүү хүчтэй дайралт эхлүүлнэ. Израилыг зорьж буй хөлөг онгоцнуудыг онилохоос ухрахгүй” хэмээсэн.

Хэд хэдэн байршилд цохилт амссаны дараа ч гэсэн хуситууд Газын зурвасын дайныг дуусгаж, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх хүртэл халдлагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн юм.

Лхагва гарагт /2024.02.14/ Хусит бүлгийн хэвлэлийн төлөөлөгч Дхайфалла Аль-Шами “The New Arab” агентлагт хэлэхдээ нэгдүгээр сараас хойш АНУ болон Их Британийн арми 403 удаа агаарын цохилт өгсөн хэмээжээ. Үүнээс 86-ийг нь өнгөрсөн долоо хоногт өгсөн байна.

Израил болон Ливан дахь Хезболла

Аравдугаар сарын наймны өдөр Ливан дахь Хезболла бүлэг Израилын эзэмшилд буй Шебаа ферм рүү пуужин болон их буугаар сумаар цохилт өгсөн. Үүний хариуд Израилын арми дрон болон их буугаар агаарын цохилт өгсөн юм.

Израил-Хезболлагийн мөргөлдөөний улмаас хил дээр амьдарч байсан олон арван мянган хүн нүүн суурьшсан байна. Хезболла бүлэг тус халдлага нь Газын зурваст бүслэгдсэн, өдөр бүр Израилын бөмбөгдөлтөд өртөж буй 2.3 сая гаруй хүнтэй эв санааны нэгдлээ илэрхийлж байгаа явдал гэж мэдэгдсэн. Израилын Ерөнхий сайд Хезболла бүлэгт хил даван орж ирж халдахын эсрэг анхааруулга өгөхдөө Ливаны нийслэл Бейрутыг Газын зурвас шиг болгоно хэмээсэн байна.

Хезболла бүлгийн гишүүд, зургийн эх сурвалж: Jerusalem Post

Хезболлагийн удирдагч Хассан Насралла Израилын эсрэг дайн зарлаагүй байгаа ч дайнд оролцохоос айхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Хоёр талын мөргөлдөөнийг илүү дордуулсан нэг явдал нь Израилын арми Бейрут хотод цохилт өгч Хамас бүлгийн улс төрийн товчооны орлогч дарга Салех аль-Аруриг хөнөөсөн явдал.

Үүний дараа Ливаны Ерөнхий сайд Нажиб Микати улсыг нь Израил дайнд татан оролцуулах гэж оролдож байна хэмээсэн юм. Хамгийн сүүлд хоёр улсын хил дээр лхагва /2024.02.14/ болон пүрэв /2024.02.15/ гарагт гал нээж арав гаруй хүн амь үрэгдсэн байна. Аравдугаар сарын наймнаас хойш Хезболла бүлгийн 200 гаруй гишүүн мөргөлдөөний улмаас амь үрэгджээ.

Тель-Авивын их сургуулийн батлан хамгаалахын судлаач Сара-Маша Фаинберг Хезболла, Израилын хооронд дайн үүсэх эрсдэл бодит болсоор байгааг онцолсон байна. Тэрбээр Израил энэ хавар эсвэл зун Хезболлатай дайн хийхээр бэлтгэж байгаа мэт нөхцөл байдал ажиглагдаж байна гэсэн юм.

Израил, Сири

Газын зурвасын дайн эхэлснээс хойш Израил Сири дэх хэд хэдэн байршилд агаарын цохилт өгсөн. Израил үйлдсэн халдлагуудаа Сирийн цэргийн байршил, Ирантай холбоо бүхий бүлгүүдийн үзүүлж буй заналхийллээс сэргийлэх зорилготой гэж мэдэгдсэн юм.

Израил улс анхны 1948 онд байгуулагдсаныхаа дараа Сиритэй зэвсэгт мөргөлдөөнд орсоор ирсэн. 1967 онд хоёр улсын хооронд гарсан дайны үр дүнд Израил Сирийн Голаны өндөрлөгүүдийг эзэлж авсан.

Израилын агаарын цохилтын улмаас нурсан байр, зургийн эх сурвалж: Euro News

Газын зурваст дайн гарснаас хойш Израилын арми Сири улсын нийслэл Дамаск болон Алеппо хот дахь байршлуудад түлхүү агаарын цохилт өгсөн байна. Хамгийн сүүлд Израилын арми өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт /2024.02.10/ Дамаск хотод агаарын цохилт өгчээ.

Сирид өгч буй цохилтуудын улмаас Ираны зэвсэгт хүчний хэд хэдэн албан тушаалтан амь үрэгдсэн юм. Өнгөрсөн арван хоёрдугаар сард Израилын цохилтын улмаас Ираны зэвсэгт хүчний ахлах зөвлөх, командлагч Сайед Рази Мусави амь үрэгдсэн байна.

Иран, Ирак

Ираны зэвсэгт хүчин Ирак дахь Курдистаны бүсэд Израилын тагнуулууд үйл ажиллагаа явуулж байна хэмээн агаарын цохилт өгсөн. Үүнийг Ирак шүүмжилж тус улс Иран дахь элчин сайдаа хүртэл татсан юм.

Газын зурвасын дайн эхэлснээс хойш Иранаас дэмжлэг авдаг террорист бүлгүүд Ирак, Сири, Йордан дахь АНУ-ын цэргийн баазууд руу дрон, пуужингаар халдах болсон. Үүний хариуд АНУ нэгдүгээр сарын дөрвөнд нэгэн террорист бүлгийн ахлагчийг хөнөөсөн юм.

АНУ-ын сөнөөгч онгоц, зургийн эх сурвалж: ABC News

Энэ сарын эхээр Йордан дахь АНУ-ын цэргийн бааз руу дроноор халдсаны улмаас гурван цэрэг амь үрэгдсэн явдал гарсан. Үүний дараа Үүний дараа АНУ шаардлагатай хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг баталж, Ирак болон Сири дэх байршлуудад агаарын цохилт өгч эхэлсэн билээ.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Ирак, Сири дэх байршлуудад агаарын цохилтууд үргэлжлүүлэн өгсөөр байх болно хэмээсэн юм.

Иран, Пакистан

Иран улс нэгдүгээр сарын 16-нд Пакистаны Балокистан мужид дрон болон пуужингаар агаарын цохилт өгсний улмаас хоёр хүүхэд нас барж, гурван хүн бэртсэн юм.

Харин Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан нэгдүгээр сард болсон “Davos”-д үг хэлэхдээ энгийн иргэдийн онилоогүй харин Жайш аль-Адл бүлгийн байршилд агаарын цохилт өгсөн гэжээ.

Агаарын цохилтод өртсөн Балокистан мужийн Кветта хот ,зургийн эх сурвалж: CNN

Пакистаны зэвсэгт хүчин хариу арга хэмжээ авахдаа Ираны зүүн өмнөд хэсэгт байрлах Систан-Балукестан мужид агаарын цохилт өгсөн. Иран тус халдлагыг буруушааж гурван эмэгтэй, хоёр эрэгтэй, дөрвөн бага насны хүүхэд амь үрэгдсэн гэж мэдэгдэл гаргасан юм.

Уг явдлын улмаас хоёр улс элчин сайдуудаа татсан ч нөхцөл байдлыг хүндрүүлэхгүйн тулд элчин сайд нараа нэгдүгээр сарын 26-нд буцааж байршуулжээ.

Ойрх Дорнодод хэд хэдэн хурцадмал нөхцөл байдал үүсээд байгааг бид харлаа. Ийм үед алдаа, буруу тооцоолол, урьдчилан таамаглаагүй үйл явдал, аль нэг тал эсвэл бүлгийн болгоомжгүй шийдвэрийн улмаас маш тогтворгүй байдал үүссэн Ойрх Дорнодод өөр нэг дайны эхлэл болж өгөх эрсдэлтэй юм.

Эх сурвалж: Al Jazeera, NPR, Euro News, Reuters, BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-18 12:56

Буяндоржоо бичсэн зүйл чинь нил утга найруулга дүрмийн �##�даа.

Холбоотой мэдээ

Back to top button