Боби: Дэлхийн хамгийн өндөр настай гэгдсэн нохойн амжилтыг хүчингүйд тооцлоо

Дэлхийн хамгийн өндөр настай нохойн Гиннесийн амжилтыг тогтоосон Боби нэртэй нохой өнгөрсөн аравдугаар сард эндсэн. Гэвч түүнийг үнэхээр 31 настай байсан эсэхийг нь Гиннесийн хороо саяхан шалгаж эхэлсэн юм.
Тэгвэл Гиннесийн хороо шалгалтаа явуулсны эцэст Бобигийн амжилтыг хүчингүйд тооцож буйгаа пүрэв гарагт /2024.02.22/ мэдэгдсэн байна. Тус байгууллага “Бобиг дээд амжилт эзэмшигч гэдгийг батлах шаардлагатай нотлох баримт байхгүй” гэж мэдэгдэл гаргажээ.
Гиннесийн дээд амжилтын рекорд хариуцсан захирал Марк МакКинли “Бобигийн амжилтыг нотлоход ашигласан гол баримт нь Португалийн засгийн газрын мэдээллийн сангаас авсан микрочипийн мэдээлэл байсан. Гэвч тус сан нь 2008 оноос өмнө төрсөн нохойг насаа нотлохыг шаарддаггүй байна” гэсэн юм.
МакКинли “Бидэнд Бобигийн төрсөн он сар өдрийг нотлох ямар ч баттай баримт үлдсэнгүй” хэмээжээ. Түүний хэлсээр дэлхийн хамгийн өндөр настай нохойн рекорд эзэнгүй үлдэх аж.
Тэрбээр “Бид дээд амжилтын шинэ эзнийг тодруулах болоогүй байгаа. Гэхдээ энэхүү рекордын талаарх мэдээний нийтлэлүүд шинэ рекорд тогтоохыг хүссэн тэжээвэр амьтдын эздийг холбогдоход хүргэнэ гэдэгт итгэж байна” хэмээжээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.