Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙТойм, анализУлс төрийн мэдээ

Владимир Путин хэрхэн эрх мэдлээ хадгалж үлдсэн бэ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 15-наас 17-ны хооронд явагдана. Шинжээчид Владимир Путинийг тус сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулна гэж таамаглаж буй. Тэгвэл Путин эрх мэдлээ хадгалахын тулд ямар арга мэх ашиглаж байсан бэ?


Тус улсын Алс Дорнодын бүсүүдэд Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт эхэлсэн байгаа. Тодруулбал Камчаткийн сонгуулийн хорооны орлогч дарга Игорь Шамраев тус бүсэд оршин суудаг 30 мянга орчим хүн урьдчилж саналаа өгөх боломжтой гэжээ. Эдгээр хүмүүст цаа бугачид, цаг уурын станцын ажилчид, гэрэлт цамхаг хамгаалагчид гэх хүмүүс багтана.

Путиний эрх мэдэлд гарсан түүх

ОХУ-ын Ерөнхийлөгч асан Борис Ельцин 1999 оны наймдугаар сарын 9-нд Владимир Путинийг Ерөнхий сайдаар томилж, түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдохыг хүсэж байна гэсэн байдаг.

Үүнээс дөрвөн сарын дараа буюу 1999 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр Ельцин албан тушаалаа хүлээлгэн өгч 2000 оны гуравдугаар сард сонгууль явагдах хүртэл Путин Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан.

Борис Ельцин, Владимир Путин нар, зургийн эх сурвалж: Associated Press

2000 оны гуравдугаар сарын гуравдугаар сарын 26-нд болсон санал хураалтаар Путин 53 гаруй хувийн санал авч ялалт байгуулсан юм. Дөрвөн жилийн дараа буюу 2004 онд тэрбээр сонгуульд дахин нэр дэвшиж, ОХУ-ын Ерөнхийлөгчөөр хоёрдахь удаагаа сонгогдсон.

2008 оны тавдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Дмитрий Медведев ялалт байгуулж, Путинийг Ерөнхий сайдаар томилсон байдаг. 2012 оны гуравдугаар сард Путин дахин нэр дэвшиж ОХУ-ын Ерөнхийлөгчөөр гуравдахь удаагаа сонгогдсон юм. 2018 оны гуравдугаар сард Путин дөрөвдэх удаа ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Путин ямар арга хэрэглэж эрх мэдлээ хадгалан үлдсэн бэ

2000 онд Путин Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авснаасаа хойш өрсөлдөгчид болон шүүмжлэгчдээ дарж, үндсэн хуульд заасан бүрэн эрхийн найман жилийн дээд хугацааг тойрч гарахын тулд өөрчлөлт оруулсан.

2000 оны нэгдүгээр сард татварын албаныхан Кремлийн талаар шүүмжлэлтэй мэдээлдэг алдартай, бие даасан “NTV” агентлагийн оффисыг татварын албаныхан нэгжсэн юм. Энэ явдлыг Путин ОХУ-ын чөлөөт хэвлэлийн эсрэг хийсэн ажлын эхлэл гэж үздэг.

“Reporters Without Borders” байгууллагын жил бүр гаргадаг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээс түүнийг Ерөнхийлөгчөөр анх сонгогдох үед ОХУ 180 орноос хэвлэлийн эрх чөлөөгөөр 148-т ордог байв.

Владимир Путин 2004 онд, зургийн эх сурвалж: Associated Press

Харин 2023 онд тус улс 164-т орж даруй 16 байраар ухарчээ. Путиний удирдлагын үед олон арван сэтгүүлч амь үрэгдэж, олон зуун сэтгүүлч шоронд хоригдсон. Түүнийг 2012 онд дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох үед томоохон жагсаал цуглаан ОХУ-ын хотуудад болсон юм.

Үүний дараа ОХУ-ын Засгийн газар гаднын ажилтны тухай хуулийг баталсан. Тус хуулийн дагуу гадаадаас санхүүжилт авдаг хүний эрхийн байгууллагуудад хязгаарлалт тавьж, улс төрийн ажиллагаа явуулж буй бүлгүүдийг гадаадын ажилтан гэж бүртгүүлэхийг шаарддаг байна. ОХУ-д гадаадын ажилтан гэгдэх нь эх орноосоо урвасан хүн эсвэл гаднын тагнуултай адилтгаж үздэг.

Чөлөөт хэвлэлд цохилт өгснөөс гадна Путин томоохон өрсөлдөгчдөдөө арга хэмжээ авсан. 2003 оны аравдугаар сард ОХУ-ын хамгийн баян хүн гэгдэж байсан Михаил Ходорковский баривчлагдаж, татвараас зайлсхийсэн мөн залилан үйлдсэн гэх хэргээр 10 жилийн хорих ял сонссон юм.

Тухайн үедээ шинжээчид түүнийг Путиний өрсөлдөгч болж магадгүй гэж үздэг байв. Ходорковскийн газрын тосны компанийг татан буулган, төрийн өмчит Роснефть тус компанийн ихэнхийг худалдан авсан.

2015 оны ОХУ-ын улс төрийн сөрөг хүчний томоохон төлөөлөгч агсан Борис Немцов Кремлийн ойролцоох гүүр дээр байхдаа буудуулж амь үрэгдсэн юм. 2021 онд сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальный Германд эмчлүүлснийхээ дараа ОХУ-д эргэж очсон даруйдаа баривчлагдсан. Тэрбээр 2024 оны хоёрдугаар сарын 16-нд Хойд туйлд байрлалтай шоронд харамсалтайгаар амьсгал хураасан юм.ч

Путинд эрх мэдлээ хадгалан үлдэхэд нь тусалсан хамгийн том зүйл бол ОХУ-ын үндсэн хуульд оруулсан өөрчлөлтүүд. Владимир Путин үндсэн хуульд заасан хязгаарлалтын дагуу дагуу 2008 онд дахин нэр дэвшээгүй. Харин үүний оронд тэрбээр Дмитрий Медведевийг сонгуульд дэмжсэн байдаг.

Владимир Путин, Дмитрий Медведев нар 2008 онд, зургийн эх сурвалж: Associated Press

Медведев Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Путинийг Ерөнхий сайдаар томилж, үндсэн хуульд өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн бүрэн эрхт хугацааг дөрвөн жил байсныг зургаан жил болгосон. Мөн Медведевийг албан үүргээ гүйцэтгэж байх хооронд хөшигний цаанаас Путин Оросыг удирдаж байсан гэгддэг юм.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан тул Путин 2012 мөн 2018 онд нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр сонгогдсон. 2021 оны Путин өөрийг нь дахин хоёр удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг зөвшөөрөх хуулийн төсөлд гарын үсэг зурсан. Ингэснээр тэрбээр 2036 он хүртэл ОХУ-ыг удирдах боломжтой.

Энэ жилийн сонгууль

Шинжээчид ирэх гуравдугаар сарын 15-наас 17-ны хооронд явагдах Ерөнхийлөгчийн сонгуульд Путин ямар нэгэн өрсөлдөөнгүй ялалт байгуулна гэж таамаглаж байгаа.

Тэрбээр тус сонгуульд гурван нэр дэвшигчтэй өрсөлдөнө. Оросын Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгч Владимир Путин, Думын дэд дарга Владислав Даваков, Либерал Ардчилсан намын дарга Леонид Слуцкий, Коммунист намын Николай Харитонов нарыг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж авсан байна.

Зургийн эх сурвалж: Reuters

Путинтэй “өрсөлдөх” нэр дэвшигчид гурвуулаа Украины дайныг дэмждэг. Харин дайныг эсэргүүцсэн байр суурь илэрхийлсэн, сөрөг хүчний төлөөлөгч Борис Надеждиныг ОХУ-ын Сонгуулийн Ерөнхий Хороо пүрэв гарагт /2024.02.08/ нэр дэвшихэд шаардлагатай гарын үсэг цуглуулахад алдаа дутагдал илрүүлсэн гэх шалтгаанаар түдгэлзүүлжээ.

Мөн Украины дайныг эсэргүүцэгч, сөрөг хүчний төлөөлөгч Екатрина Дунцоваг СЕХ сонгуульд нэр дэвшихийг зөвшөөрөөгүй юм. Түүний сонгуульд өрсөлдөх хүсэлтийн баримт бичигт олон тооны зөрчил байгаа гэх шалтгаанаар нэр дэвших хүсэлтийг нь түдгэлзүүлсэн.

Тэгэхээр энэ жилийн ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ямар нэгэн сөрөг хүчний төлөөлөлгүй, өрсөлдөөнгүй болж өнгөрөх нь байна.

Эх сурвалж: People, Associated Press, Euro News, CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-27 11:55

муу хошногоо чи сэтгүүлч биш шүү

Холбоотой мэдээ

Back to top button