Top StoriesСурвалжилга

Сурвалжилга: “Самушил” өдөрт 60-70 хүнийг ажил, орлоготой болгодог

Баянгол дүүргийн 13-р хороонд байрлах “Solo Mall” худалдааны төвийн ойролцоо “Самушил” гэсэн бичигтэй барилгын гадна 07.00 цагийн үед 10 гаруй хүн цугласан байна. Тэд бүгд оффис нээхийг хүлээж, “өдрийн ажлын" зууч "Самушил”-аас ажилд гарахаар ирсэн улс. “Өнөөдөр хаашаа явах бол. Хамт явчих юм сан. Өчигдрийн очсон газар ч дажгүй байсан шүү. Хоёулаа ч гар нийлж, хурдан дуусгасан шүү...” хэмээн тэд ярьж байлаа.  

Бид ч бас оффис онгойхыг хүлээх зуураа иргэн Н.Батжаргалтай ярилцахад "Би унаган Улаанбаатарын хүн. Сүүлийн жил бие өвдөөд үндсэн ажлаасаа гарсан. Харин “Самушил” гэдэг энэ газрыг найзаасаа мэдээд хааяа ирж өдрийн ажил хийдэг болсон. Эндээс эрчүүд барилгын туслах, газар шорооны ажил, эмэгтэйчүүд банк, ресторанд цэвэрлэгээний ажил хийхээр явдаг. Ажлаа л хийчихвэл цалин авах нь баталгаатай. Одоогоор бол хамгийн итгэл даахуйц ажил жуулчлалын газар болчхоод байна” гэв.

Харин иргэн Т.Баярмаа "Эгч нь хөдөөний хүн. Улаанбаатар хотод ирээд 2-3 жил болж байна. Хотод орж ирээд л "Самушил"-д ирж, ажилд зуучлуулж байна даа. Нэг л газраа, нэг л хүн дээрээ ирээд ажилдаа зуучлуулаад явах нь хамаагүй сайхан байдаг юм билээ. Хамгийн гол нь итгэлтэй, ажил байнга олоод өгчихдөг учраас их урамтай. Би ресторанд угаагч, барилгын цэвэрлэгээ, банкны цэвэрлэгээ гээд их олон төрлийн ажил хийж үзсэн. Өнөөдөр барилгын цэвэрлэгээний ажил руу танил дүүтэйгээ явах гээд л хамт зогсож байна. Сар ажлуулчхаад цалингаа ч өгдөггүй байгууллага байдаг шүү дээ. Харин энэ газрын хамгийн сэтгэлд өег байдаг нь өдөр өдөртөө цалингаа тогтмол олгодог" гэж ярилаа.


07.10 цагт менежер оффисоо онгойлгов. “Самушил” нь дээр дурдсан барилгын гурван давхарт байрладаг. Ширээ, сандал, ус буцалгагч сэлтийг тавьсан, жижгэвтэр, цэмцгэр тасалгаа биднийг угтлаа.

Ажилд явахаар ирсэн иргэд сууцгаан ямар ажил санал болгохыг сонсоно. “100 айлд гурав байна, өчигдрийнхөөр нь бичих үү. "100 айлд барилгын туслах эмэгтэй ажилтан хэрэгтэй гэнэ. Хэн явах вэ” хэмээн менежер лавлахад иргэд нэрээ бичүүлж, ажлын хуудас бөглөн, гарын үсэг зурж эхлэв.

-Ж.Уранчимэг: Манайд ирсэн ажилчин өдөрт дунджаар 70 мянган төгрөгийн цалин авч байгаа-

Тус салбарын менежер Ж.Уранчимэгтэй ярилцлаа.

-Танай байгууллага БНСУ-ын хөдөлмөр зуучлалын салбарын жишгийг Монголд нутагшуулахаар зорьж байгаа гэсэн. Тодруулбал...?

-Монголчуудад гадаад руу чөлөөтэй зорчих боломж нээгдэхэд маш олон хүн БНСУ-д очиж ажилласан. "Самушил" гэдэг нь солонгосоор оффис гэсэн үг л дээ. Гэхдээ монголчууд БНСУ-ын хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлдэг газруудыг самушил гэж нэрлээд тогтчихсон.

Самушил гэхээр орой нь ажлаа дуусаад цалингаа авдаг нэг өдрийн ажлын байранд зуучилдаг газар гэсэн ойлголттой болчихсон. Тийм дээ ч манайд ханддаг хүмүүс “Танайх БНСУ-ын самушилтай яг адилхан үйлчилгээ үзүүлдэг үү” гэж асуудаг.

БНСУ-д мэргэжилтэй хүний нөөц нь мэргэжлээрээ тогтмол ажлын байранд ажилладаг. Харин туслах ажилчдад зориулсан тогтмол ажлын байр гаргах нь ажил олгогчид санхүүгийн болон бусад олон талаар өндөр зардалтай байдаг. Самушил туслах ажилчдыг байгууллага, ААН-д хэрэгтэй үед нь холбож өгч байгаа нь маш зөв санагдсан.

Улаанбаатар хотын хэмжээнд өмнө нь ажил идэвхтэй хайж буй 10 мянга гаруй хүн байсан бол одоо 8000 гаруй хүн бий гэсэн судалгаа байдаг. Ажил хайж буй хүмүүсийн дийлэнх нь мэргэжилгүй эсвэл тогтмол ажлын байранд тавигддаг шаардлагыг давдаггүй, биелүүлэх боломжгүй байдаг. Манай “Samushil” хөдөлмөр зуучлалын фирм ажил олгогч 1500 орчим аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж байна. Зөвхөн аж ахуйн нэгж, байгууллагаас гадна хувь хүмүүсээс, тэр дундаа гадаадад байгаа монголчуудаас “орон сууц, хашаа байшиндаа засвар хийх гэсэн юм” гээд ажлын захиалга ирдэг.

Цаашдаа Улаанбаатар хотын хэмжээнд буюу Налайх, Багануур, Багахангай дүүргийг оролцуулаад нийт 14-18 салбар нээж ажиллуулахаар төлөвлөж байгаа.

-Таны хувьд энэ байгууллагад ажиллаад хэр удаж байгаа вэ?

-Нэг жил орчим ажиллаж байна. Энэ хугацаанд янз бүрийн л хүмүүс ирж ажилд жуулчлуулахыг хүсдэг байсан. Залуу хүмүүс гэхээсээ илүүтэй дунд болон ахимаг насны хүмүүс их ирнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, таяг тулсан өвөө эмээ нар ч хүртэл ирж л байсан. Тэд өөрсдөдөө таарсан ажил хайж ирж байгаа юм л даа. Гэхдээ тэр болгонд нь ажил олдоод байхгүй. Намайг анх энэ газарт ажилд ороход архи үнэртүүлсэн, согтуу хүмүүс их ирдэг байсан. Харин одоо бол харьцангуй гайгүй болсон шүү. Би бол анхнаасаа архи үнэртүүлсэн хүнийг ажилд зуучилж чадахгүй гэж хэлээд буцаадаг байсан. Энэ нь ч бас нөлөөлсөн байх.

- Зуучлуулж очсон хүмүүс нь ажилдаа тэнцэхгүй, мөн цалингаа авч чадахгүй байх тохиолдол хэр их гардаг вэ?
- Манай байгууллага Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг. Байгуулагдаад цөөнгүй жил болж, үйл ажиллагаа маань жигдэрсэн учраас харилцагч олон. Тиймээс ч иргэдийн цалин хөлсийг найдвартай авч, өгдөг. Бүх хүн дансаа бичиж үлдээдэг бөгөөд орой ажил тармагц мөнгийг нь шилжүүлдэг.

Манайх 2018 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хүмүүс анхандаа юу болохыг мэддэггүй байсан учраас бага хүн л ирдэг байсан. Одоо бол 2-3 жил байнга ирж ажил хийдэг хүмүүс байдаг.

- Ажил олгогчдоос ихэвчлэн ямар ажил хийлгэхээр туслах ажилчин хайдаг вэ. Мөн цалин нь дунджаар ямар үнэлгээтэй байгаа зэрэг дэлгэрэнгүй мэдээллүүд өгөөч?

- Манай хөдөлмөр зуучлалын фирм 2018 онд нээгдэхэд нэг өдөр ажиллах туслах ажилчны өдрийн цалин дунджаар 30 мянган төгрөг байсан бол одоо эрэгтэй туслах ажилчин өдөрт дунджаар 70 мянган төгрөгийн цалин авч байгаа.

Манайх ажил хайгч иргэн хэдэн ч төгрөгийн цалин авсан нэг өдөрт нэг мянган төгрөгийн үйлчилгээний хураамж авдаг. Мөн харилцагч байгууллага, аж ахуйн нэгжээс үйлчилгээний хураамж авдаг.

 -Өнөөдөр харьцангуй бага хүнтэй харагдлаа?

-Хүйтний улирал үргэлжилж байгаа болохоор барилга, зам засварын ажлын туслах хийлгэх захиалга багассан. Өнөөдөр гэхэд (2024.02.26) барилгын туслахын ажлын байрны зургаан захиалга ирүүлсэнд эрт ирсэн хүмүүс нь гарсан. 11.00 цаг хүртэл захиалга ирүүлэх ганц хоёр үлдсэн хүмүүсээ ажилд явуулахыг л бодно доо.

- Манай улсад 40-өөс дээш насны хүмүүст ажлын олдоц тун муу байдаг шүү дээ. Танайд ирж буй хүмүүст насны хязгаар тогтоодог уу?

- Хуулиар тогтоосон хөдөлмөрийн насанд хүрсэн байхад л болно. Насанд хүрээгүй хүнийг бид хөдөлмөр эрхлэхэд зуучлах ямар ч боломжгүй. Манайхан дунд тогтсон нийтлэг жишиг харин ч үгүй болсон гэж бодогдож байгаа. Тухайлбал бидэнд 40 болон түүнээс дээш насны хүнийг ажилд авах санал их орж ирдэг. Барилгын салбарт гэхэд л ажилд нямбай, няхуур гэж харж өдрийн ажилд 40-өөс дээш насны хүмүүсийг авах сонирхол өндөр байдаг. Түүнчлэн заавал компаниуд ч гэлтгүй хувь хүн ч гэсэн өдрөөр ажиллах хүн авах сонирхол ч бий. Гэртээ обой наалгая, өдрийн хөлсийг нь өгье гээд хандах тохиолдол ч байгаа. Энэ мэт ажилд ч гэсэн 40 болон түүнээс дээш насны хүмүүс зуучлуулаад явдаг.

-Монгол эмэгтэйчүүд ажил хийх чин хүсэл эрмэлзэлтэй ч эмэгтэй хүмүүст зориулсан ажлын байр ховор-

- Байгууллагаас ажилд зуучлуулж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ?

-Манай байгууллага иргэн болон байгууллагыг зуучилж өгдөг газар. Тэгэхээр манайхаас очиж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг нөгөө компани нь гэрээний дагуу ажлын аюулгүй байдлыг хангаж ажиллуулдаг. Мөн ажилчдадаа ажил олгогчийн хариуцлагын даатгалд бүртгүүлсэн байдаг.

- Хөдөлмөр зуучлалын салбарт ажиллахад ямар саад бэрхшээлүүд тулгарч байна. Та хэрхэн шийдэж байгаа вэ?

- Нэгдүгээрт, Монгол эмэгтэйчүүд ажил хийх чин хүсэл эрмэлзэлтэй ч эмэгтэй хүмүүст зориулсан ажлын байр маш ховор. Тиймээс манай хөдөлмөр зуучлалын фирм ажил олгогч байгууллага, аж ахуйн нэгжүүдийг эмэгтэй ажлын байр аль болох ихийг гаргаарай гэж уриалдаг. Хоёрдугаарт, Манай хөдөлмөр зуучлалын фирм найман салбартай гэж би хэлсэн дээ. Үйлчилгээний зориулалтаар оффис түрээслэхэд гаднаас орж ирсэн хүн хэрэглэж болох ариун цэврийн өрөө байхгүй, өглөө олон хүн цуглуулах боломжгүй зэрэг нэлээд олон асуудал байдаг. Бусдаараа бол асуудал байхгүй. Хэн бүхэн манайхыг зориод ирэхэд аль болох сэтгэлээрээ ажилд жуучилж өгөөд явуулдаг тийм болохоор ажил хийхийг хүссэн хэн бүхэн ирээрэй.

Би хөдөлмөр зуучлалын салбарын ирээдүйг их томоор хардаг. Монгол Улсын эдийн засаг цаашдаа сэргэнэ. Туслах ажил хийхээр гадаадын зарим орноос Монголд хүмүүс ирнэ. Тэгэхээр цаашдаа манай байгууллага болон адил төстэй хөдөлмөр зуучлалын газрууд гадаадын иргэдэд ч үйлчилгээ үзүүлнэ гэж боддог.

Эндээс харахад, “Самушил” буюу өдрийн ажил зуучлалын газар нь 18 нас хүрсэн л бол мэргэжил, боловсрол үл хамааран өдрийн ажилд зуучилдаг. Мөн тогтвортой үйл ажиллагаагаа явуулаад хэдийн зургаан жилийн нүүрийг үзээд явж байна.

Дөнгөж ажил хөдөлмөр эрхлэх насанд хүрсэн хүмүүст ажлын байр олох хэцүү байдаг бол “Самушил”-аар дамжин хөдөлмөрийн амт шимтийг мэдэрч, ажлын дөр, туршлага суух, хангамж сайтай, дуртай тогтмол ажлын байраа олох боломж нээгдэнэ. Хэрвээ хүссэн ажлын байраа олж чадахгүй байлаа гэж бодоход өдөр бүр ажилтай, орлоготой болох бүрэн боломжийг нь олгож байгаад ажилд зуучлуулагчид ам сайтай байсан юм.

Нэмж дурдахад, Та бүхэн дээрх байгууллагатай холбогдохыг хүсвэл "Samushil HR-хөдөлмөр зуучлалын фирм" гэсэн фэйсбүүк хуудас руу холбогдоорой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Amjilt
Amjilt
2024-02-27 10:00

Bugd l eruul enh baij, ajil olgogch ch ter ajilchdaa hairlaasai. p###a nar udriin hun gsn shg tamlaad baival holino shu

Холбоотой мэдээ

Back to top button