Швед хүсэлт гаргаснаасаа 21 сарын дараа НАТО-д элсэх боллоо

Орос-Украины дайн 2022 оны хоёрдугаар сард эхэлсэн. Үүнээс гурван сарын дараа буюу 2022 оны тавдугаар сард Швед болон Финланд улс НАТО-д элсэх хүсэлтээ албан ёсоор гаргасан юм. Финланд улс өнгөрсөн жил тус холбоонд элссэн бол Шведэд асуудал тулгарсаар л байв.
Тэгвэл даваа гарагт /2024.02.26/ Унгар улсын Парламент санал хурааж Шведийг НАТО-ийн гишүүн болгохыг зөвшөөрчээ. Ингэснээр Швед анх хүсэлт гаргаснаасаа 21 сарын дараа тус холбоонд элсэх боллоо.
Унгарын Парламентын 194 гишүүн санал өгснөөс зөвхөн зургаа нь л эсэргүүцсэн санал өгчээ. Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон өнгөрсөн баасан гарагт /2024.02.23/ Унгарт айлчилж Ерөнхий сайд Виктор Орбантай хэлэлцсэн юм. Тус хэлэлцээний үр дүнд Швед Унгарт “Gripen” сөнөөгч онгоц нийлүүлэх тохиролцоонд хүрсэн байна.
Кристерссон улс нь албан ёсоор НАТО-д элсэх болсны дараа Стокхольм хотноо хэвлэлийн бага хурал хийж НАТО-ийн өргөжилтийг хязгаарлах ОХУ-ын зорилго нь буруу үр дүнд хүргэлээ гэжээ.
Швед НАТО-д элссэнээр тус холбоо 32 гишүүнтэй болох юм. НАТО-ийн гишүүн орон болсноор Швед тус холбооны гэрээний 5-р зүйлд заасан хамгаалалтыг эдэлнэ. 5-р зүйлд нэг гишүүн рүү халдсан тохиолдлыг бүх гишүүд рүү халдсан гэж үзэн, хамтран хариу арга хэмжээ авна гэж бичсэн байдаг.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.