НИЙГЭМНийгэм мэдээУлс төрийн мэдээЭДИЙН ЗАСАГ

"1.3 тэрбум төгрөг, 560 саяын бараа материалын хандивыг шаардлагатай малчдад яаралтай хүргэнэ"

Улс оронд нүүрлээд буй зудын нөхцөл байдлаас үүдэн УОК өдөр бүрийн 11 цагаас цаг үеийн байдлыг мэдээлж буй. Энэ хүрээнд өнөөдөр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өвөлжилт, хаваржилт хүндэрч Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд энэ сарын 14-нөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.

Шинэчлэгдсэн мэдээллээр, 13 аймгийн 58 суманд төмөр зудтай, 17 аймгийн 139 суманд цагаан зудтай, 18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна. 21 аймгийн 266 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн. Нийтдээ 3713 өрхөд өвс, 7249 км хаагдсан зам давааг нээсэн. Эдгээр ажилд 815 албан хаагч, 200-аад техник хэрэгсэлтэй ажилласан.

Нийт 1.3 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөн хандив, 560 орчим саяын бараа материалыг иргэд хандивласан. Хандивтай холбоотой мэдээ мэдээлэл ОБЕГ-ын албан сайтад ил тод байршиж байна. УОК-ын зүгээс иргэдээс хандивласан тусламжийн эд бараа, өвс тэжээл, мөнгөн хэрэгслийг нэн шаардлагатай өрхүүдэд түргэн шуурхай хүргэж ажиллана. Маргаашийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим асуудлыг хэлэлцэж, шийдвэрлүүлнэ.

Нийт 52 мянга орчим хаагдсан замыг нээх ёстойгоос 31 мянган км замыг нээсэн. Нэг суманд 150-175 тонн тэжээлийн будаа хүргэж байна. Хөдөө аж ахуйн корпорацад хадгалж байсан тэжээлийн будаа юм. Зургаан аймгийн удирдлага тус корпорацтай гэрээ байгуулжээ. Одоо малчид руу хүнс, эм хүргэхээр ажиллаж байна" гэлээ.


-Малаа олноор нь хорогдуулсан аймгуудад ХНХЯ болон УОК хамтарч малжуулах ажыг авна-

Үүний дараа ХХААХҮ-ийн дэд М.Ганхүлэг мэдээлэл өглөө.

Тэрбээр "Зудтай холбоотойгоор долоон чиглэлийн баг УОК-оос гарсан. Үүнд Мал эмнэлгийн эмч нар, газар хэлтсийн дарга нар бүгд оролцсон. Мөн ХХААХҮ-ийн салбарын газар хэлтсийн дарга нар ажиллаад ажлын хэсгийг гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх ажлаа төлөвлөлөө.

Монгол Улсын Засгийн газраас улс, аймгийн нөөцийг хүндэрсэн малчдад хүргэж байна. Мөн хөдөө аж ахуйн корпорацад тэжээлийн улаан буудайг мөсөн болон цагаан зудтай сумдад хүргэж байгаа.

Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Дундговь аймаг хамгийн өндөр мал хорогдолтой байна. Малаа олноор нь хорогдуулсан аймгуудад ХНХЯ болон УОК хамтарч малжуулах ажлыг авна. Үүнийг засгийн газарт танилцуулах болно.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор хэд хэдэн ажлыг зохион байгуулсан. Дотоодын нөхцөл байдал хүндрэх нь тодорхой учраас хадлангийн өвсийг экспортод гаргахгүй байх ажлыг хийсэн. ингэснээр дотоодын өвсийг тодорхой хэмжээнд барьж чадсан. Мөн хивэг тэжээлийн хомсдолын эсрэг экспортыг бүрэн зогсоосон. Мөн импортод хөнгөлөлт үзүүлэх ажилд төвлөрч байна.

Өнгөрсөн жил 6.3 сая малыг экспортод гаргасан. Дулааны аргаар боловсруулсан жингээрээ 80.2 мянган тонн нийт жингээрээ 125 мянга орчим махыг экспортод гаргасан. Энэ нь 2022 онтой харьцуулахад 4-5 дахин өссөн дүн юм. Энэ нь малын зүй бус хорогдлоос сэргийлсэн бас нэгэн арга мөн.

Зудын эрсдэл өндөр байгаа аймгуудад 2,1 сая тоо толгой мал зүй бусаар хорогдсон. Зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах цэгийн судалгааг гаргасан. 335 сум дүүрэгт 1336 устгалын цэгийг байгуулсан. Нийт 2.3 сая сэг зэмийг устгах шаардлагатай болж байгаа. Сэг зэм устгалын ажилд мал эмнэлгийн 436 мэргэжилтэн, үйлчилгээний нэгжийн 1244 малын эмч, аймаг сум Засаг даргын тамгын газруудаас 1761 туслах ажилтан, дайчилгаанд шинэ ажлын байр бий болгож, татан оролцуулна. Дээрээс нь цэрэг, цагдаагийн ажилтныг татан оролцуулна. Нийтдээ 3221 ажилтныг оролцуулахаар төлөвлөсөн. Сэг зэм устгалын ажилд 6004 хүн ажиллахаар төлөвлөж байна.

Халдваргүйтлийн бодис 25 тонн бий. Нэмэлтээр 15 тонн халдваргүйтлийн бодис, 64 тонн хлорын шохой шаардлагатай" гэлээ.

-Их хэмжээний сэг зэмийг шатааж булшлахад өртөг өндөр-

Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Т.Тунгалаг зүй бусаар хорогдсон малын сэг зэм устгалд мэргэжлийн байгууллага хэрхэн ажиллах талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Гоц халдвараар хорогдсон малыг тусгай дүрэм журмаар устгалд оруулдаг. Харин зүй бус байгалийн гамшгаас хорогдсон бол өөрөөр устгадаг.

Нэгт, Монголд зүй бус малын хорогдол бий болж сэг зэм үүсэж буйг хоол тэжээлийн дутагдлаас болж хорогдож байна гэж дүгнэж байгаа. Хур бороо татарсан үед мал бэлчээрийн ургамлаас шим тэжээлээ авч чаддаггүй.

Хоёрт, байрны нөхцөл байдал нөлөөлдөг. Учир нь малын тоо их, хашаа саравчны хангамж муу. Эдгээр нь зүй бус халдварт өвчин эмгэг зэрэгт нөлөөлдөг.

Сэг зэм байсан хөрс, хашаа хороог халдваргүйтгэл хийхэд зөвлөнө. Малчид хорогдлоо өөрсдөө ариутгал хийх ёстой байдаг. Гэхдээ энэ жил онцгой нөхцөлтэй байгаа учраас ОУК-оос нэгдсэн зохион байгуулалтаар хийхээс өөр аргагүй.

Монгол Улсад хэрэглэх боломжтой хамгийн хямд мал амьтан ариутгах арга нь булшлах, шатааж булшлах хоёр арга байдаг.

Гоц халдварын үед зааврын дагуу энэ аргыг авдаг бол зүй бус хорогдлын үед шатаахад болно. Их хэмжээний сэг зэм гарсан үед энэ арга нь ажиллагаа, өртөг ихтэй. Тиймээс зүй бус хорогдлын үед энэ арга ач холбогдол өндөр биш. Сэг зэмийг булшлахад газар сонгох ёстой. Шаардлагыг хангасан газрын зөвшөөрлийг байгаль орчны ажилтан өгнө. Устгалын цэг булшилсан нүхийг мал амьтан, шувуу ухах, ил гаргах боломжгүй болгоно.

Өмнө нь гоц халдварын үед малыг устгаж байсан цэгүүдэд нэмэлтээр энэ удаагийн зүй бус хорогдсон малын сэг зэмийг цуглуулах цэгүүдийн урьдчилсан байдлаар гаргасан. Мөн хаана хамгийн их хорогдол байгаа тэнд ойр байршлыг урьдчилан гаргаад байна.

Төрийн байгууллагынхан сэг зэм үүссэнээр бизнес хийж байна гээд байгаа. Бид бэлчээрээр дүүрэн ярзайсан яг, арьс дэлгээд тавьж болохгүй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-27 11:43

Хандив авсан ч аваагүй ч махны үнэ тэнгэрт хадах нь тодорхой болсон

Холбоотой мэдээ

Back to top button