Бие даагч С.Жавхлан гишүүн “жидүүчид”-тэй тэмцэнэ

Парламент дахь цорын ганц бие даагч гишүүн С.Жавхлан “жидүүчид”-тэй тэмцэхээр шийджээ. Тэрбээр өчигдөр УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийнхээ хүрээнд “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив.
Төслийнхөө танилцуулгад,
2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан өнөөгийн УИХ-ын нэр бүхий 30 гаруй гишүүн, түүний хамаарал бүхий этгээд “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас их хэмжээний зээлийг бага хүүтэй авсан нь олон нийтийн бухимдал дургүйцлийг хүргэсэн. Энэ нь нийтийн ашиг сонирхлоос хувийн ашиг сонирхлыг дээгүүр тавьсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.
Энэхүү хэрэгт нэр холбогдсон УИХ-ын зарим гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор УИХ-д оруулж ирсэн ч гишүүд дэмжээгүй. Энэ мэтээр УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд хууль хяналтын байгууллагад шалгуулахаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг түргэн шуурхай, хүндрэлгүй шийдвэрлэх шаардлагын хүрээнд энэхүү хуулийн төслийг боловсрууллаа гэж хуулийн төслийн танилцуулгад дурдсан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын үйл ажиллагаанд итгэх ард түмний итгэл сэргэх, хууль дээдлэх зарчим хэрэгжих, улмаар хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэж хууль санаачлагч үзэж байгаа юм.
Тэрбээр уг асуудлаар өмнө нь “Би тойргийнхоо асуудлыг уламжлахаар нохой хуцаж байгаа чинээ тоогоогүй. Гэтэл өөрсдөө ЖДҮХС-гийн мөнгийг хуваагаад идчихсэн байсан” гэж дуугарсан байдаг.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.