Мөсний баярт хүрэлцэн ирсэн “Qirwa Anka” хамтлаг: Монгол яг л бидний төрсөн нутаг Эквадор шиг...

“Хөх сувд-2024” мөсний баярын сонин содон зочдын нэг нь энэ индиан ахан дүүс байв. Дотоодын жуулчид тэдэнтэй зурагаа авахуулахаар урт гэгчийн дараалал үүсгэжээ. Хурган дээл, үнэгэн лоовууз, хүрэм, үстэй гутлаар дулаалсан монголчуудын дэргэд тэдний хувцас ихээхэн нимгэн харагдана. Гэвч тэдэнд даарсан шинж огтоос алга. Харин ч инээд алдан найрсагаар иргэдэд үйлчилж байна.
Бид энэ үеэр Өмнөд Америкийн Эквадор улсын үндэсний соёл урлагийн илэрхийлэл болсон хөгжмийн “Qirwa Anka” хамтлагтай ярилцлаа.
-Та хоёр даарахгүй байна уу, хувцас тань их л нимгэн санагдлаа. Эквадорын цаг агаар өдийд ямар байдаг вэ?
-Манай нутаг уулархаг, өндөрлөг газрууд ихтэй ч монгол шиг арай ч ийм хүйтэн бишээ. Гэхдээ энд үнэхээр сайхан байна. Байгалийн жинхэнэ өнгө үзэмж хосолсон ийм сайхан үзэсгэлэнтэй газар яагаад даарна гэж. Бидний өмссөн хувцаснууд нь Хойд болон Төв Америкийн бүх соёл бэлгэдлийг агуулдаг.
-Харин нүүр будалт нь...?
-Нүүр будалт эр зориг, уян зөөлөн сэтгэл, дайчин чанарыг илтгэдэг. Бид Эквадор болон Латин Америкийн олон төрлийн үлээвэр хөгжмөөр хөгжимдөж, бүжиглэж, дуулдаг. Хөгжим бүхэн өөрийн онцлогтой. Заримаас нь маш уянгалаг зөөлөн хэмнэл гэрч байхад зарим нь хурц дайчин өнгө аястай. Бидний хувцас, нүүр будалт, зүүсгэлүүд энэ бүхэнтэй уялдсан утга учиртай.
-Монголчууд танай хамтлагийг их л ойрхноор хүлээж авч байна. Бас монголчуудын тухай дуу бүтээжээ. Энэ тухайгаа ярьж өгөөч?
- Бид инка үндэстэний пүрүха ястангууд. Өөрийн үндэстэн ястаны дуу хөгжим, бүжиг, хувцас өмсгөлийг буй биеэрээ таниулан сурталчилж яваа. Учир нь нутгийн уугуул индианчууд цөөрч байгаа учраас соёлын өвийг өөрсдөө тээж, дэлхий дахинд таниулах зорилготой. Бид хоёр Европын бүх улсаар тоглолт хийсэн. Сүүлийн жилүүдэд Монгол улсад ихээхэн татагдах болсон. Монголчууд бидний дуу хөгжимд дуртай шиг бид хоёр монголд маш их дуртай, хайртай. Тийм ч учраас биднийг Монголд дөрөв дэх удаагаа урьж авч ирээд байгаа “Bambuu adventure” компанийн захирал Бамбуугаа манай хамтлагийн Ази хариуцсан захирлаар томилж, хамтран ажиллаж байгаа. Эквадор сайхан байгальтай, хүмүүс нь сайхан сэтгэлтэй. Үүгээрээ монголтой их адилхан. Манай хамтлагийн монголчуудын тухай “Хөх тэнгэрийн орон”, “Хоёр үндэстэн нэг сэтгэл” зэрэг дөрвөн ч дуу хийсэн.
“Qirwa Anka” хамтлаг 39 жилийн түүхтэй. 52, 50 настай индиан ах дүү хоёр өөрсдийн зохиосон болон дэлхийн сонгодог бүтээлүүдээс олон төрлийн үлээвэр хөгжмөөр хөгжимдөж, бүжиглэж, дуулна. Тэд малын туурай, мод, цаас, төмөр, чулуу зэргээр урласан тэдний хөгжмийн зэмсгүүдийг нэгэн дор тоглож, гайхалтай уянгалаг аялгууг “үйлдвэрлэнэ”.
“Qirwa Anka” хамтлаг Монголчуудад тоглолтоо үнэгүй толилуулдаг. Энэ удаад ч мөн адил. “Хөх сувд 2024” мөсний баярыг сонирхолтой үзүүштэй болгохын тулд “Улаан тайга”-ын Ж.Төмөрсүх продюсер Бамбуугаас нь тус хамтлагийг авч ирж тоглуулаач хэмээн хүсчээ. Үнэхээр ч мөсний баярын нэгэн чимэг нь пүрүха ястны соёлыг тээж яваа “Qirwa Anka” хамтлаг байлаа.
"Эх дэлхий нэг л ээжтэй. Монгол яг л бидний төрсөн нутаг Эквадор шиг минь санагддаг. Монголын ард түмэндээ баярлалаа. Биднийг сонирхон хүлээж авдаг. Хайртай шүү" шүү хэмээн хамтлагийн ахлагч 52 настай Хулио ярианы төгсгөлд тодотгон хэллээ.
Тэдний хувцас, нүүр будалт маш өвөрмөц сонирхолтой учир Монголчууд хамт зураг авахуулах дуртай. Хамгийн анх Монголд ирээд зураг даруулах гэсэн олны хөлд дарагдахдаа "байж бай, наашаа, цаашаа" гэдэг үгийг сурчээ.
Харин индиан залуусыг эх орондоо дөрөв дэх удаагаа урьж авч ирээд буй "Bambuu adventure" аяллын компанийн захирал Б.Бадрах "Би аялал жуулчлалыг хөгжүүлж, Монгол орынхоо гайхамшигийг сурталчлах чин хүсэлтэй хүн. Тийм учраас 2013 онд алдарт “Imayra” хамтлагийг монголд авчирч тоглуулсан. Харин “Qirwa Anka” хамтлагийг дөрөв дэх удаагаа авч ирсэн нь энэ. Зочдын зардал мөнгө, буудаллах байр, хоол ундны бүх зардал манай компаниас гардаг. Зарим тохиолдолд манай үндэсний томоохон компаниуд хамтран орж ирдэг. Энэ бүхний эцсийн зорилго бол монголчууддаа үзүүштэй сайхан соёл урлагаар үйлчлэх, зочдоороо дамжуулан монгол орноо сурталчлах л хүсэл юм" гэлээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бамбуудаа баяр хүргье
naadmaar hoid amerikiin indianii hamtlag uran buteelchdiig awchirwal mash sonitholtoi baih baih . bambuu travel.