Дэлхийд нэг тэрбум хүн I зэргийн таргалалттай болжээ

Таргалалт дэлхийн хэмжээний асуудал болсон гэж эрдэмтэд анхааруулаад байгаа. Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт /2024.02.29/ “Lancet” эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгдсэн анализ дэлхий даяар нэг тэрбум хүн 1-р зэргийн таргалалттай болсон гэх дүгнэлтэд хүрчээ.
Судалгааг ахалж бичсэн Лондоны Эзэн хааны коллежийн профессор Мажид Эззати хэвлэлийн бага хурлын үеэр үг хэлэхдээ дэлхий нийт энэ тоонд таамаглаж байснаас хурдан хүрлээ гэсэн байна.
Дэлхийн таргалалтын холбоо өмнө нь 2030 онд таргалалтын 1-р зэрэгтэй хүмүүсийн тоо нэг тэрбумд хүрнэ гэж тооцоолж байсан юм. Тэгтэл энэ тоо 2022 онд хүрсэн гэж Эззати хэлжээ.
Эззатийн ахалж явуулсан анализ нь ДЭМБ болон “NCD-RisC” холбооны 1,500 гаруй эрдэмтэд хамтран хийсэн ажил юм. Ингэхдээ тэд 190 орны 220 сая хүний өндөр, биеийн жингийн хэмжилтэд дүн шинжилгээ хийсэн байна. Тэдний ашигласан хэмжилтийн тоо баримт нь 2022 оных аж.
Судлаачид дүн шинжилгээгээрээ хүмүүс дунд тэжээлийн дутагдалтай эсвэл 1-р зэргийн таргалалтын тохиолдол хэр их байгааг олох зорилготой байсан аж. Тэд биеийн жингийн индекс (БЖИ) нь 30 болон түүнээс дээш бол таргалалтын 1-р зэрэгтэй, БЖИ нь 18.5-аас доош бол тэжээлийн дутагдалтай гэж тодорхойлсон байна.
Ийнхүү дүн шинжилгээ хийсний үр дүнд 2022 оны байдлаар 880 сая насанд хүрэгч, 159 сая хүүхэд таргалалтын 1-р зэрэгтэй болсон гэж гарчээ. Тонга, Америкийн Самоа, Науру зэрэг арлын улсууд хамгийн өндөр таргалалттай байв. Тэдгээр улсын хүн амын 60 хувь нь таргалалтын 1-р зэрэгтэй байсан юм.
Харин Монгол Улсын хувьд эмэгтэйчүүдийн 27 хувь, эрэгтэйчүүдийн 22 хувь нь таргалалтын нэгдүгээр зэрэгтэй гэж гарчээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Guril shuu dee manaihaaan nuguu l neg tsuiwan tsuiwan geed uheh geed bdg lаlruudiin etsest ni garah ur dvn guzee