Судалгаа: Микропластик цус харвалт, зүрхний шигдээс тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг
Эрдэмтэд хүний цус, уушгины хамгийн гүн хэсэг, эхэс гэх мэт хэсгүүдээс метрийг сая хуваасантай тэнцэх хэмжээ бүхий микропластик илрүүлсэн. Судлаачид лабораторид явуулсан судалгаагаар микропластик хүний эсийг үрэвсүүлдэг гэдгийг илрүүлснээс өөрөөр хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэлгүй байсан юм.
Тэгвэл шинэ судалгаагаар цусны судас нь микропластикээр бохирлогдсон хүмүүс аливаа эрхтний цус харвалт, зүрхний шигдээс болон эрт амьсгал хураах эрсдэл нэмэгддэг болохыг тогтоожээ.
Италийн Неаполь хотын эрдэмтэд артерийн судасны өвчинтэй хүмүүсийн судаснаас авсан өөхөн бөөгнөрөлд шинжилгээ хийхэд тал гаруй хувьд нь полиетилен эсвэл поливинилийн хлорид (PVC) илэрсэн байна.
Микропластик эсвэл нанопластикаар бохирлогдсон бөөгнөрөлтэй хүмүүс бохирлогдоогүй хүмүүстэй харьцуулахад ирэх 34 сард цус харвалт, зүрхний шигдээсээр өвчлөх эсвэл эрт нас барах эрсдэл тав дахин их байжээ.
Энэ судалгааны үр дүн нь бичил хэмжээтэй пластик хэлтэрхийнүүд нь цус харвалт эсвэл зүрхний шигдээс үүсгэдэг гэдгийг баталж байгаа зүйл биш. Харин микропластикээр бохирлогдсон цустай хүмүүс эдгээр өвчнөөр өвчлөх эрсдэл бохирлогдоогүй хүмүүсээс өндөр гэдгийг л харуулж байгаа юм.
Судалгааг ахалж явуулсан Неаполь хотын Кампаниа Луижи Ванвителлийн их сургуулийн доктор Раффаэле Марфелла “Бидний судалгаа батлагдвал зүрх судасны тогтолцооны эрүүл мэндийн ойлголтыг ихээр өөрчилнө. Учир нь хүний биед пластикийн бохирдлоос хамгаалах механизм байхгүй” гэжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.