Top StoriesНийгэм ярилцлага

Б.Мөнхсайхан: Албан байгууллагууд ажилчдадаа тайван амьсгалах, юу ч бодохгүй байх цаг хугацааг өгөх хэрэгтэй

Мартагдсан шинжлэх ухааныг Монголд оруулж ирсэн амьсгал засалч Б.Мөнхсайхантай ярилцлаа. Тэрбээр "Амьсгал та бидний гавлын ясны хэлбэрээс эхлээд амьдралын бүх хэмнэлийг өөрчилж чадна. Зөв амьсгалснаар сайн унтаж, төвлөрч сурна. Үсрээд байгаа бодлуудыг барьж сурна" зэрэг амьсгалын хэмжээлшгүй үр шимийн талаар сонирхолтой, хэрэгцээтэй мэдээллүүдээ хуваалцсан юм.

-Монголын анхны амьсгал засалч болсон шүү дээ. Хүмүүст их шинэлэг санагдсан байх?

- Би сэтгүүлч мэргэжилтэй. 2023 оны 10 дугаар сараас эхлээд амьсгалыг хүмүүст зааж эхэлсэн. Ерөнхийдөө амьсгалын багш гэхээр хүмүүст маш шинэлэг ойлголт байсан байх. Хүмүүс их гайхаж асуудаг “Юу гэсэн үг вэ, Яана гэсэн үг вэ” зэргээр нэг хэсэг нь сонирхож байхад зарим нь “Тийм юм гэж юу байх вэ дээ” гэх жишээний. Эдгээр асуултууд тухайн хүн өөрийгөө буруу амьсгалж байгаа гэдгээ мэдэхгүй байна гэсэн үг л дээ. Бидний аав ээж, эмээ өвөө энэ тухай ямар ч ойлголтгүй байсан. Жишээлбэл, Би багаасаа амаараа амьсгалдаг хүүхэд байсан. Өмхий үнэрийг хамраараа үнэртэхгүй гээд. Тэгэнгүүт амаараа амьсгалж байсан тэр он жилүүдэд эргэн тойрны хайртай хэн нь ч намайг хамраараа амьсгал гэж хэлж байгаагүй. Тэгэхээр энэ тухай бид бүгдээрээ л мэддэггүй байсан байна шүү дээ. Амьсгал бол мартагдсан шинжлэх ухаан юм байна гэдгийг олж мэдсэн.

Амьсгалыг хэдий гүн авна тэр хэрээр хол зайд аялна. Гүн амьсгалд их орон зай шаардагдах учир үүнийг дагаад тэлнэ. Тэлсэн үед илүү нааш цааш нэвчиж тав тухыг олно. Тав тухыг олсон үед амьсгал хүчтэй, тогтвортой болно. Хүчтэй тогтвортой болсон үед нахиагаа дэлгэнэ. Нахиалсан үед илүү өндөр ургана. Ургасаар дээш чиглэж толгойн оройд хүрнэ. Авралын нууц хүч дээр оршино хэмээн Хятадын Жоу Улсын чулуун бичээст сийлсэн байдаг.

-Манай улсад одоо л танигдаж эхэлж байна. Харин дэлхийд амьсгал засалч гэдэг мэргэжил хэзээнээс эхэлж бий болсон бэ?

-Дэлхий дээр Энэтхэг, Хятад, Төвд зэрэг улсуудын мундаг амьсгалагчид олон мянган жилийн өмнөөс л өөрсдийгөө баталж харуулсаар ирсэн. Энэ тухай хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Хүн өдөрт 22-25 мянган удаа амьсгалж байна. Гэтэл бид энэ амьсгалаа өөрөөсөө хайхгүйгээр, нэмэлт бүтээгдэхүүнээс хайгаад байдаг. Жишээлбэл, Омега, B3 эсвэл хүчтэй дусал тариа, хүчтэй витаминаас ч юм уу эсвэл мундаг сүрхий мелатонин уугаад ч юм уу. Ямар нэгэн байдлаар гаднын биет орж ирээд биеийг хүчтэй болгоно гээд хүн төрөлхтөн өөрөө итгэдэг болчихсон гэсэн үг.

-Хүн төрөлхтөн ямар нэгэн эм тариа, амин дэмээс хамаарахгүй өөрийнхөөрөө эрүүл байхаар бүтээгдсэн-

-Зөв, буруу амьсгалыг энгийнээр тайлбарлавал...?

-Бид зүгээр л хөхтөн амьтдыг хараад үзэх хэрэгтэй. Амьтад өдрийн турш өөрийнхөө бүрэн хүчээ гаргаж амьдарч байгаа юу? Амьтад ямар нэгэн сэтгэл санаа нь муу байгаа, сандарч, санаа зовж байсан ч ямар нэгэн байдлаар амьсгалын хэмнэлээ алддаггүй. Тэд өөрсдийнхөө "full peformance"-оо өдрийн турш гаргаж чаддаг.

Google-с “Амьсгал гэж юу вэ? Зөв амьсгал гэж юу вэ?... гээд хайх юм бол хариулт нь “Амьсгалыг сорж байгаа нэгж хугацаа 5.5 секунд гаргаж байгаа хугацаа 5.5 секунд буюу нэг минутад хүн дунджаар 5.5 удаа амьсгалах ёстой гэсэн тоон статистик гарч байна.

Өдрийн турш хүн машин бариад явж байхад, гадуур алхаж байхдаа, ажлаа хийж байхдаа ингэж амьсгалах боломжтой юм уу гээд бодоход боломжгүй юм шиг санагдаж байгаа. Яагаад гэхээр уушгиа хангалттай трэйн хийгээгүй, хамрынхаа үйл ажиллагааг үүнд дасгаагүй учраас ч юм уу энэ их холын зүйл шиг санагдах боловч Дэлхийн амьсгал түгжилтийн рекорд 24 минут гиннесийн амжилт байдаг. Гүн шумбагчид ус руу хамгийн гүн рүү шумбаж байхдаа 5 минут 30 секунд амьсгалаа түгжсэн рекордууд бий. Тэгэхээр бид уушгиа 5 минутын турш амьсгалахгүй байлгах нь ч хаашаа юм. Гэхдээ бид нар амьсгалаа хангалттай чөлөөлж, агаарын өлсгөлөнд оруулахгүйгээр уужим амьсгаатай болоход зориулж уушгиа дасгаж, дасгал хийж, уушгиа дасгалжуулах боломжтой гэсэн үг. Тэгж байж уушги том хэмжээтэй уут болж чөлөөтэйгөөр амьсгална гэсэн үг. Жижигхэн уутанд агаар дүүрчих юм бол тэр уут дороо л дүүрчихнэ. Гэхдээ энэ уутыг томруулах дасгалуудыг хүн төрөлхтөн олж нээгээд хийгээд явдаг.

Хүмүүс дутуу хагас амьсгалж явсаар байгаад биед нь хий дүүрчихсэн байдаг. Хүн зөв амьсгалаад ирэхээр шууд хэрхэрдэг, унгадаг. Мөн амьсгалаа зөв гаргасны дараа шууд унтах гээд байдаг. Буруу амьсгалснаас болж тэгж их ядарчихсан явж байдаг гэсэн үг. Үүнийг хэн нэгэнд бидэнд зааж өгөөгүй, хэлээгүй болохоор мэдэхгүй л дээ. Гэхдээ одоо бол мэдэх боломжтой.

-Ингэхэд одоогоор хэчнээн хүнд амьсгал заслын хичээл орж байна?

-Би одоогоор нэг цагийн хичээл заадаг. Нэг удаагийн хичээлд ижил шинж тэмдэгтэй, ижил насны, ижил зовуурьтай 3-6 хүн хамт суух боломжтой. Ерөнхийдөө ганцаарчилж, хувьчилж заадаг.

-Тэдгээр хүмүүс ямар шалтгаанаар танд хандаж байна вэ?

-Манай үеийнхний дунд тулгамдаад байгаа хамгийн том асуудал бол нойргүйдэл. Шөнө мелатотин ууж унтаж байгаа хүмүүс их байна. Энэ нь бид хүчээр ямар нэгэн юмыг шууд унтрааж байна гэсэн үг. Хүн кола, пиво, ус уухад тэр зүйл ходоодонд очсоны дараа бидэнд мэдрэгддэг үү. Кофег уулаа гэхэд тэр кофе шууд цусанд нэвчээд ходоод руу явдаг учраас кафеныг шууд мэдэрдэг. Бид колаг уухад сахар нь шууд цусанд нэвчиж байгаа учраас тэр эффектийг тархи шууд мэдэрдэг. Үүнтэй адилхан бидний сорж байгаа агаар ч гэсэн цусанд нэвчээд цусаар дамжиж уушгинд очдог гэсэн үг. Тэгэхээр одоо өөрийн тань сорж байгаа агаар эхлээд цусанд нэвчээд тархинд мэдээлэл очоод доошоо уушги руу явж байгаа тэр хүчилтөрөгч өөрөө дахиад сорлоо гаргалаа, дахиад сорлоо гаргалаа, дахиад сорлоо энэ бүх тоолонд бид нарын тархинд хүчилтөрөгчийн мэдээлэл очиж байдаг.

Би юу хэлэх гээд байна вэ гэхээр тархи нүдгүй учраас бид нарыг далайн эрэг дээр зугаалаад явж байна уу, найзуудтайгаа хөгжилдөж байна уу, ажлаа хийж байна уу эсвэл орон дотроо унтах гээд хэвтэж байна уу гэдгийг ялгадаггүй гэсэн үг. Бидний буруу амьсгалын мэдээллээр тархи өөрөө "Биеийн байдал нь муу байгаа юм байна биеийн хамгаалъя" гээд хамгаалалтын горимд шилжчихээд байдаг гэсэн үг. Хамгаалалтын горимд шилжчихээд байгаа тэр үед биед мэдрэгдэх хамгийн эхний шинж тэмдэг бол ургуулан бодох. Үүнээс эхлээд л нойргүйдэл эхлээд байгаа юм. Бид тархиндаа зөв мэдээлэл өгөөд "Би орон дотроо байна, би одоо аюулгүй, намайг хамгаалах хэрэггүй, одоо тайван төлөвт орж болно оо" гээд тэр парасэмпатик төлөвтөө бид нар амьсгалаараа дамжуулж орох бүрэн боломжтой. Тархи зөв мэдээлэл авах юм бол бид шууд унтаж байна. Тэгэхээр нойргүйдээд байгаа эсвэл сандраад, сэтгэл түгшээд байгаа хүмүүс амьсгалаа анзаарах ёстой.

-Та хэчнээн дасгал сургалтдаа зааж байгаа вэ?

-Үндсэн 7 дасгал байдаг. Эдгээрийн дөрвийг нь бол өдөр тутамдаа зайлшгүй хийгээд явах ёстой байдаг.

Хамрын үйл ажиллагааг сэргээх дасгал: Оффис дээрээ алхаад явахдаа агаарыг зөвхөн нэг хамраараа энгийн авдаг агаараасаа удаан маш бага агаараар 2 минут амьсгалсны дараа нөгөө хамраараа 2 минут амьсгалаад үз. Ингэж хийсний дараагаар анхаарал төвлөрч, хамрын үйл ажиллагаа ч сэргэдэг.

-АНУ-д хүний амьсгалаас хамааралтай "Мail disorder" хэмээх шинэ төрлийн өвчин дэлгэрч байгаа-

-Бидний төсөөлөн бодож байгаа зүйлс хүртэл амьсгалтай холбоотой юм байна шүү дээ. Тэгвэл хүмүүсийн өдөр тутамдаа анзаардаггүй үйлдлээс болж амьсгалын шинэ төрлийн өвчин үүсэх эрсдэл бий юу?

-Америкт нэг шинэ өвчин бүртгэгдэж, дэлгэрч байгаа нь "Мail desorder". Энэ өвчин нь хүн мэйл уншиж байхдаа амьсгалаа түгжчихдэг. Тэр мэйл хэр чухал гэдгээс хамаараад амьсгалаа маш ихээр түгжиж байгаа нь эмч мэргэжилтний судалгаагаар гарсан. Зарим сонсгол муутай хүмүүс хүний яриаг анхааралтай сонсох гэж хичээхдээ эсвэл ямар нэгэн зүйлд анхаарал төвлөрүүлэхдээ өөрийн шийдвэр гаргах үндсэн дээр биш далд ухамсард бид амьсгалаа түгжчихсэн байдаг. Ялангуяа компьютерын тоглоом тоглож байгаа хүмүүс энийгээ маш сайн анзаарах хэрэгтэй. Мөн машинаа бариад эсвэл жижигхэн зайгаар парклах гэж байхдаа амьсгалаа түгжиж байдаг. Яагаад вэ гэхээр тэр үйлдлийг сайн хийх гэж шүү дээ. Гэхдээ өөрөө тэр амьсгалаа түгжих шийдвэрийн гаргасан уу гэвэл үгүй.

Би шавь, үйлчлүүлэгч нартаа хамгийн түрүүнд хэлдэг гэрийн даалгавар бол бүх цаг үеийнхээ амьсгалыг анзаар. Өдөрт хэд, хэзээ би амьсгалж байна. Хэзээ би амьсгалахаа мартаад байна вэ гэдгээ эхлээд анзаарах ёстой. Цаашлаад үнэхээр зарим зүйл дээр амьсгалаа халтуурдаж байна уу, амьсгалахгүй байна уу, эсвэл амаараа амьсгалаад байна уу, хамраараа амьсгалж байгаа ч гэсэн хэр гүнзгий агаарыг авч байна зэрэг анхаарал маш сайн төвлөрөх хэрэгтэй.

"Агаарыг гүнзгий ав" гэсэн ойлголт л байдаг болохоос we уушгиа дүүртэл агаарыг ав гэх ойлголт ер байдаггүй. Уушгийг дүүртэл агаарыг авлаа гээд биед сайн байгаа нэг ч тохиолдол байхгүй. Тэгэхээр амьсгалын талаар хүмүүс маш эсрэг тэсрэг ойлголттой байдаг гэсэн үг.

Агаарыг авахаар илүү сайхан тайвширна гэж боддог боловч Oxygen (Хүчилтөрөгч) нь ихдэх юм бол бидний биед муу. Оxygen судсыг нарийсгаж зүрхний цохилтыг хурдасгаж байдаг. Эсрэгээрээ нүүрс хүчил карбон нь хүний биед ямар үйлчилгээ үзүүлдэг юм бид нар карбоноо амьсгалаараа өөрийнхөө биедээ нөөж авч үлдээх үү, үлдээхгүй юу, энэ агаарыг дүүртэл нь сорох нь зөв үү эсвэл бага агаарыг удаанаар гүнзгий авах уу гэдэг ойлголтуудаа бүгд сайжруулах ёстой.

-Таны анзаарч харснаар бидний алдаанаас дурдаач?

-Монголд ялангуяа эрчүүдийн дунд, гудамжаар, дэлгүүрт явж байгаа хүмүүсийг анзаарахад дийлэнх нь амаараа амьсгалж яваа харагддаг. Хэрвээ таны хүүхэд амаараа амьсгалж байгаа бол хамраараа амьсгалж байгаа хүүхдээс бүх ур чадвараараа 10 дахин дутуу байна гэдэг судалгаа бий. Та хүүхдээ зурагт үзэж байхад нь хүүхдээ унтаж байхад нь ямар нэгэн юм хийж байхад үнэхээр амаараа амьсгалж байвал тэр хүүхдийн гавлын ясны өөрчлөлт, шүдний ургалт, эрүүний бүтэц, бүх зүйлд нь өөрчлөлт орно гэж бодох хэрэгтэй. Та хүүхдээ ирээдүйд өвдөхөд нь бэлтгэж байна аа л гэж бодох хэрэгтэй. Хэрвээ хүүхэд чинь амаараа амьсгалж байвал шүү дээ.

Хүн өөрөө ямар нэгэн гаднын биет, хоол, ямар нэгэн витамины тусламжтайгаар амьд байх гэж энэ дэлхий дээр ирээгүй байхгүй юу. Хүн өөрөө өөрөөрөө төгс бүтээл байхаар ирсэн. Хүний амьсгал зөв байхад тухайн хүн төгс сэргэлт хийж чадна. Хүний амьсгал зөв байхад, гаднын биетээс төгс хамгаалж чадна. Хүний амьсгал сайн байхад хүн гаргаж байгаа шийдвэрээсээ хамаагүй сайн шийдвэрийг гаргаж чадна. Хүний амьсгал сайн байхад хүн гаргаж байгаа хүчнээсээ хамаагүй илүү хүчийг гаргаж чадна. Тэгэхээр тэр хүнд амьсгал хэрэгтэй байгаа юм. Баяжихыг хүсэж байгаа бол анхаарлаа төвлөрүүлж сурахад амьсгал бид нарт тусална.

Зөв амьсгалснаар анхаарал төвлөрөх чадвар сайжирч,

-Ямар ч зүйл дээр удаанаар анхаарлаа төвлөрүүлж сурахад туслах гол зүйл бол амьсгал-

-2003 онд интернэт хүчтэй хөгжихөөс өмнө Баруун Европын дундаж эрэгтэй хүний анхаарал төвлөх чадвар 21 секунд байсан. Харин 2022 оны судалгаагаар 8 секунд болсон байна. Нэг зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлэх чадвараа бид бүгдээрээ л алдчихсан хамгийн наад зах нь фейсбүүк, сошиал ертөнц рүү ороод хий дэмий юм бодоод л дүн шинжилгээ хийгээд явчихдаг. Тэгэхгүйгээр гол зүйл дээрээ удаанаар анхаарлаа төвлөрүүлж сурахад туслах гол зүйл бол амьсгал. Энд ямар нэгэн анхаарлыг төвлөрүүлэх витамин, эм бэлдмэл хэрэггүй. Тийм аппликейшн, тоног төхөөрөмж ч гэж байхгүй. Зөвхөн бидний амьсгал өөрөө л энийг хийлгэж чадна аа гэсэн үг.

-Бид 20-30 жил буруу амьсгалаад өдийг хүрчээ. Тэгэхээр зөв амьсгалахын тулд хэдий хугацаа шаардлагатай вэ?

-Өдөрт 30-40 минут эсвэл 10-20 минутаар дасгал хийхэд тохиромжтой. Хамгийн гол нь таны амьсгалж байгаа амьсгалыг би харж чадахгүй. Та энийг өөрөө ч харж чадахгүй. Энэ зөвхөн таны өөрийн тань мэдэрч чадах зүйл. Та энийг дотроо мэдрээд тэр мэдэрч байгаа анхаарлыг удаан бариад зөвөөр нь хэр удаан өдөрт хийж чадаж байна гэдэг чухал. Үнэхээр 14-28 хоногийн дараа гарт баригдах нүдэнд үзэгдэх биед мэдрэгдэх тэр бодит өөрчлөлт хүнд ирнэ. Өөрийнхөө амьсгалд заавал итгэх хэрэгтэй. Амьсгал бол агуу зүйл. Амьсгалыг хэн нэгэн агуу амьсгалагчаар хэн нэгэн агуу амьсгалын урсгалаар хэн нэгэн хүнээр болсон үйл явдлаар амьсгалыг төсөөлүүлж хэмжиж бодож болохгүй. Амьсгал бол хязгааргүй зүйл.

Амьсгалыг нэг шинжлэх ухаанд эсвэл нэг тусгаар мэдрэлийн тогтолцоонд хамруулаад базаад ярихад дэндүү учир дутагдалтай. Энэ бол бидний биеийг сэлгэн залгаж байгаа маш хүчтэй. Гар утсаар зүйрлэвэл энэ бол тог гээд ойлгочиход болно.

Хурхирч унтаж байгаа, амаа ангайж унтаж байгаа, амьсгал нь тасалдаж унтаж байгаа хүмүүс өглөө үнэхээр бодитоор ядарч сэрдэг. Тэр хүн найман цаг унтсан ядарсан мэт мэдрэмж аваад байдаг. Тийм хүмүүс унтаж байгаа хугацаагаа засаад үзэх хэрэгтэй. Хамгийн зөвөөр нь амьсгалаад 8 цаг унтаад босож байгаа хүнээс ямар хүч, энерги гарах вэ гэдгийг бодоод үзэх хэрэгтэй.

-Зөв амьсгалаа эхнийх хичээлдээ суучихсан байхад л удирдаад сурчихна гэж ойлгож болох уу?

-Болно.

-Спортын тамирчдад амьсгал засалч хамгийн хэрэгтэй санагдлаа?

-Олон улсын спортын баг тамирчид амьсгалын эмчтэй байдаг юм билээ. Манай улсад ч гэсэн амьсгал засалч гэдэг мэргэжил маш хэрэгтэй.

-Олон улсад энэ талын хичээл ордог гэж сонсож байсан. Харин манайд бага ангиас биеийн тамирын хичээл ордог. Тэгэхээр цаашдаа энэ хичээлийн хөтөлбөрт ороод явбал зүгээр юм байна?

-Энэ урсгалыг цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлүүлээд бага, дунд, ахлах ангийн хүүхдүүдийн хичээлийн хөтөлбөрт оруулах нь миний мөрөөдөл.

Олон улсад гэвэл Англид анхаарал төвлөрүүлэх хичээл гээд 10 жилээс ороод ирж байгаа юм билээ. Энэ бол маш сайн зүйл.

Миний хичээлд суудаг 10 жилийн хүүхдүүдээс эхлүүлээд хөгшин хүмүүс ч байдаг. Би 10 жилийн дүү нартаа “Танай ангийн хүүхэд чамаас илүү тархитай учраас тоогоо сайн бодоод байгаа юм биш ээ. Зөвхөн тоон дээр анхаарлаа барьж чадаад байгаа учраас тоог бодоод байгаа юм. Чи магадгүй өөр зүйл дээр анхаарлаа барьж чадаад тоон дээр анхаарлаа барьж чадахгүй байгаа. Жоохон удаан анхаарлаа төвлөрүүлчихвэл тоо бол хэний ч хийж чадахгүй зүйл биш ээ” гэж хэлдэг.

Тэгэхээр манай улсын Спортын Олимпын дэлхийн аваргын шигшээ багууд 10 жилийн боловсрол бүгдээрээ амьсгалыг шүтээсэй, хүндлээсэй ямар нэгэн хоолыг биш ямар нэгэн витаминыг биш амьсгалыг нэн чухал болгож энэ амьсгалаар дамжуулж өөрийгөө олж нээгээсэй.

-Сүүлийн үед нас хамаарахгүйгээр унтаж байгаад зүрх нь зогсоод өглөө сэрэхгүй байх тохиолдол их байна. Иймд суугаа ажил хийж байгаа хүмүүст зориулаад энгийн хэдэн дасгал санал болгооч?

Амьсгал гурван үндсэн хөл дээр тогтдог. Үүнд био механик, био хими, хэмнэл.

Хүчилтөрөгч ороод нүүрс хүчил болж байна биед нитрико оксид үйлдвэрлэгдэж байна. Энэ нь биохимийн урвал.

Таны нэг авсан амьсгал, тэрний дараагийн амьсгал, тэрний дараагийн амьсгал хоорондоо заавал адилхан байх ёстой. Амьсгал хэмнэлтэйгээр байвал цусанд нэвчээд байгаа мэдээлэл чинь тархинд зөв мэдээлэл болж очно оо гэсэн үг. Тэгэхээр амьсгалыг авахаас илүүтэйгээр удаанаар гарга. Битгий тайвшрах гэж агаарыг хүчтэй сор. Агаарыг зөөлхөн сорж байгаад харин тайвнаар агаарыг удаан гарга. Дахиад гарга дахиад агаарыг авч байгаад дахиад удаанаар гарга. Гаргаж байгаа хугацааг 5 секунд 6 секунд байлгах гэж хичээ. Хамраараа энэ орж байгаагаар хэр хүйтэн байна гарч байгаагаар хэр халуун байна гэдгийг мэдрэх гэж хичээ. Энэ бол хэмнэл.

Ерөнхийдөө Юүтүб, Гүүгл дээр бичихэд янз бүрийн дасгалууд гараад ирнэ. Тэрийг сонсоод дуурайгаад хийх гээд үзэх хэрэгтэй.

-Хүн зөв амьсгалснаар их олон төрлийн өвчнөөс ангижрах боломжтой юм байна...?

-Ямар нэгэн өвчинтэй хүн эмнэлэгт үзүүлэхэд "Та амьсгалаа засаад үзээрэй" хэн нь ч хэлж байгаагүй. Гэхдээ энэ бол эмч нарын буруу биш л дээ. Амьсгалыг зөв, сайн болгосноор хүний биеийн харшил, астма, бронхит зэрэг өвчнүүд эдгэдэг.

-Ямар ч байгууллага ажилчдаа оффис дээрээ тайван амьсгалах цаг хугацаа, юу ч бодохгүй байх цаг хугацааг заавал гаргаж өгөх хэрэгтэй-

-Сүүлийн мөчийг танд үлдээе?

-Зарим хүмүүс “Угаасаа зав гарахгүй байна аа. Завтай болохоороо тэгж байгаад таны хичээлд сууна” гэдэг. Зарим нь “Уур хүрээд байгаа юм чинь яаж амьсгалах юм. Тэгж байгаад гайгүй болохоороо амьсгална” гэж ханддаг л даа. Гэхдээ чи одоо амьсгалж байгаа. Чи маргааш амьсгална, чи одоо хийсэн амьсгалынхаа дараа дахиад амьсгална, орой унтахдаа амьсгална, маргааш унтахдаа ч амьсгална. Тэгэхээр энийг хэдий чинээ эрт засна төдий чинээ л сайн байна.

Хүн зөв амьсгалж сурснаар урт насална, эрүүл, аз жаргалтай байна. Уужим амьсгаатайгаар юмыг бодож байгаа хүн, уужим амьсгаатайгаар замын түгжрээнд байгаа хүн, уужим амьсгаатайгаар эхнэртэйгээ санал зөрөлдөж байгаа хүн уужим амьсгаатайгаар хүүхдийнхээ хичээлийг давтуулж байгаа аав ямар ч байсан шууд уурлахаас арай илүү дээр шийдвэр гаргана.

Би багш, банкны ажилчид, компанийн ажилчид, мэргэжлийн спортын багуудад очиж сургалт хийсэн. "Thesleepjudge.com" гэж алдартай веб сайт байдаг. Энэ сайтын судалгаагаар нойрны асуудалтай буюу унтаж чадахгүй байгаа хүмүүсийн 40 хувь нь ажлаа солих тухай бодож байдаг. Ажлаа солих шийдвэр гаргахад бэлэн байдаг. Яагаад вэ гэхээр унтаж чадахгүй байгаа тэр стресс, ядралт өөрийг нь хүсэл мөрөөдлөөрөө амьдрахгүй байгаа эсвэл хувь заяаны ажлаа хийхгүй байгаа гэдэг бодолд хүргэж байдаг аа гэсэн үг. Тэгэхээр ажилчдынхаа нойронд анхаарах ажилчдынхаа амьсгалд анхаарах нь компанидаа оруулж байгаа мөн ажилчдадаа оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт гэж ажил олгогч нарт хэлмээр байна. Ажил тайван амьсгалах цаг хугацаа, юу ч бодохгүй байх цаг хугацааг заавал гаргаасай гаргаж өгөөсэй гэж хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 9, 2024 10:11

Сонирхолтой санагдлаа. Хичээлд нь сууя.

Зочин
Зочин
3 сар 9, 2024 16:08

Amisgalaa zuv xuvaarilj surax ni eruul mended mash ix ach tustai Mongold ene talaar medeelel tun taaruu baidag shuu
Ene talaar mergejliin zuvulguu zaavar xiij bui zaluud amjilt xusie

Зочин
Зочин
3 сар 9, 2024 21:03

Ямар аймшгийн царөйтай юм бээ.

Зочин
Зочин
3 сар 10, 2024 14:33

Спортоор хичээллэх хэрэгтэй

зочин
зочин
3 сар 11, 2024 16:55

sedev n zugeer yum. Eej n gishuun shd. Bayarsaihan geed.Utgaa aldaj baigamda

Холбоотой мэдээ

Back to top button