Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Путиний “анхны” сонгуулийн эргэн тойронд

Манай хойд хөршид ээлжит ерөнхийлөгчийн сонгууль ирэх баасан гарагаас /2024.03.15/ ням гарагийн /2024.03.17/ хооронд явагдана. Тус сонгуулийн эргэн тойронд юу болж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сонгуульд өрсөлдөнө гэдгээ өнгөрсөн арван хоёрдугаар сард мэдэгдсэн. Тэрбээр Украины дайнд оролцсон цэргүүдэд одон медаль гардуулж байх үед ЗХУ-ын үед Украинд төрсөн хурандаа Артём Жога Путинийг сонгуульд дахин өрсөлдөхийг гуйж “Та бол бидний ерөнхийлөгч, бид нэг баг гэсэн үг. Та бидэнд хэрэгтэй, Орост хэрэгтэй” гэж хэлсэн юм.

Үүний дараа Путин “Би өөр бодолтой явсан үе бий гэдгээ нуугаад хэрэггүй байх. Гэхдээ одоо шийдвэр гаргах цаг нь болсон. Би ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөх болно” гэж хариулсан байдаг. Тэрбээр хувиараа нэр дэвшсэн тул 300 мянган гарын үсэг Орос даяар цуглуулах шаардлага гарсан юм.

Зургийн эх сурвалж: Associated Press

Арван хоёрдугаар сарын 16-нд хувийн нэр дэвшигчээр бүртгүүлж гарын үсэг цуглуулж эхэлснээс сар хүрэхгүй хугацаанд Путин 1.3 сая гарын үсэг цуглуулсан учир албан ёсоор ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсон.

“ТАСС” агентлаг өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2024.03.06/ мэдээлснээр  сонгуулийн эрт санал хураалт өнгөрсөн сараас эхэлж нийтдээ 32 бүс нутгийн 740 мянган иргэн хугацаанаас өмнө саналаа өгсөн байгаа юм.

Барууны орны шинжээчид Путинийг тав дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах нь тодорхой гэж үзэж буй. Гэхдээ 2020 онд ОХУ-ын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт Путиний өмнөх бүрэн эрхт хугацааг тооцохгүй болгосон. Ийм учраас зарчмын хувьд ирэх баасан гарагт эхлэх санал хураалт нь Путиний “анхны” сонгууль байх болно.

Путиний ерөнхийлөгчийн алба хашсан түүх

Тэр дөрвөн удаа ерөнхийлөгчийн алба хашсан. Путин анх 2000 онд ерөнхийлөгчөөр сонгогдон 2004 онд дахин нэр дэвшиж ялалт байгуулсан байдаг. Харин 2008 онд үндсэн хуульд заасан хязгаарлалтын улмаас өрсөлдөлгүй Дмитрий Медведевийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг дэмжсэн юм.

Владимир Путин, Борис Ельцин хоёр 1999 онд, зургийн эх сурвалж: CNN

Дараа нь 2012 онд Путин дахин нэр дэвшиж ялалт байгуулан, 2018 онд дөрөв дэх удаа сонгуульд өрсөлдөөд сонгогдсон байна. Баасан гарагт эхлэх санал хураалт нь түүний хувьд тав дахь ерөнхийлөгчийн сонгууль ч үндсэн хуулиар бол анхны сонгууль.

ОХУ-д ерөнхийлөгчийн бүрэн эрхт хугацаа дөрвөн жил байсныг Медведев Ерөнхийлөгч байхдаа өөрчилж, зургаан жил болгосон. Ийм учраас Путин одоо ялалт байгуулбал 2030 онд зургаа дахь буюу хоёр дахь удаагаа өрсөлдөж 2036 он хүртэл бүрэн эрхтэй байх боломжтой юм.

Хэдэн хүн сонгууль өгөх вэ

18-аас дээш насны шоронд хоригдоогүй ОХУ-ын иргэн бүр санал өгөх боломжтой. Тус улсын Сонгуулийн төв хороо ОХУ болон Орост эзлэгдсэн Украины газар нутгуудад оршин сууж буй 112.3 сая иргэн сонгууль өгөх боломжтой гэж мэдээлсэн юм. Мөн гадаадад амьдарч буй 1.9 сая Орос иргэн саналаа өгч болно.

Зургийн эх сурвалж: Foreign Policy

2018 оны ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 67.5 хувьтай байсан. Тухайн үед санал хураалтыг ажиглаж байсан зарим хүн сонгогчид нэгээс дээш хуудас бөглөж, хүмүүсийг албадан санал өгүүлсэн гэх мэт зөрчил гарсан гэж мэдээлж байсан юм.

Кремльтэй холбоо бүхий санал асуулгын агентлаг “VTsIOM” хоёрдугаар сард мэдэгдэхдээ сонгууль өгөх иргэдийн 79 хувь нь Путинд саналаа өгөхөөр төлөвлөж байгаа гэжээ.

Хэн хэн өрсөлдөж байгаа вэ

Владимир Путин энэ сонгуульд гурван хүнтэй өрсөлдөнө. Тэдгээр өрсөлдөгчид Кремлийн бодлогыг дэмждэг намуудаас нэр дэвшиж байгаа юм. Тодруулбал ОХУ-ын Сонгуулийн Ерөнхий Хороо Думын дэд дарга, Шинэ Ардын намын Владислав Даваков, Либерал Ардчилсан намын дарга Леонид Слуцкий, Коммунист намын Николай Харитонов нарыг сонгуульд өрсөлдөнө гэж мэдэгдсэн.

Зүүнээс Леонид Слуцки, Николай Харитонов, Владислав Даваков

Даваков, Слуцкий, Харитонов нар Украины дайн гэх мэт Кремлийн бодлогыг дэмждэг улс төрчид юм. Харитонов 2004 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж хоёрт орж байжээ.

Өмнөх сонгуулиудад тэдэнтэй ижил нэр дэвшигчид Путинтэй өрсөлдөх хэмжээний санал авч чадаагүй. Тодруулбал 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд Путин 76.7 хувийн саналаар гарсан бол хоёрт орсон Коммунист намын нэр дэвшигч 11.8 хувийн л санал авсан юм.

Энэ удаагийн сонгууль нь гурван өдөр дараалж явагдах мөн цахимаар саналаа өгч болох анхны сонгууль гэдгээрээ онцлог. Крымын хойг гэх мэт ОХУ-ын 29 бүсэд цахимаар санал өгөх боломжтой.

Сөрөг хүчний нөхцөл байдал

ОХУ-ын сөрөг хүчний хамгийн алдартай төлөөлөгч Алексей Навальный хоёрдугаар сарын 16-нд амьсгал хураасан. Түүнийг оршуулах ёслол энэ сарын эхээр Москва хотын Борисоски оршуулгын газарт болсон юм.

Энэ удаагийн сонгууль хэд хэдэн сөрөг хүчний улс төрч нэр дэвших хүсэлт гаргасан ч бүтэлгүйтсэн байна. Тухайлбал сөрөг хүчний төлөөлөгч Борис Надеждиныг ОХУ-ын Сонгуулийн Ерөнхий Хороо хоёрдугаар сард нэр дэвшихэд шаардлагатай гарын үсэг цуглуулахад алдаа дутагдал илрүүлсэн гэх шалтгаанаар түдгэлзүүлсэн.

Борис Надеждин, зургийн эх сурвалж: CNN

Мөн Украины дайныг эсэргүүцэгч, сөрөг хүчний төлөөлөгч Екатрина Дунцоваг СЕХ сонгуульд нэр дэвшихийг зөвшөөрөөгүй юм. Түүний сонгуульд өрсөлдөх хүсэлтийн баримт бичигт олон тооны зөрчил байгаа гэх шалтгаанаар нэр дэвших хүсэлтийг нь хүлээн аваагүй байна.

Эх сурвалж: Associated Press, Al Jazeera, TASS

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-11 14:37

iimerhuu hudlaa songuuli mgld bas bolchool bgaa. huuk ba

Холбоотой мэдээ

Back to top button