Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Дефляц: БНХАУ-д инфляцын түвшин сүүлийн зургаан сард анхны удаа нэмэгдлээ

Өнгөрсөн жилээс хойш БНХАУ-ын эдийн засаг хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдсэн инфляц багасаж, дефляцын асуудалд орсон. Дефляц гэж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тогтмол буурахыг хэлдэг. Ийм тохиолдолд бизнесүүдийн орлого буурч, орлогоо тогтмол барихын тулд ажилчдаа цомхотгох шаардлага гардаг тул эдийн засагт сөрөг нөлөөлдөг байна.


Тэгвэл БНХАУ-д хэрэглээний үнийн индекс (CPI) хоёрдугаар сард анхны удаа нэмэгджээ. Энэ нь сүүлийн зургаан сард CPI нэмэгдсэн анхны тохиолдол бөгөөд шинжээчид үүнийг Цагаан сарын баяраар хүмүүс их худалдан авалт хийсэнтэй холбоотой гэж үзэж буй.

Тодруулбал Хятадын засгийн газраас бямба гарагт /2024.03.09/ нийтэлсэн тоо баримтаас харвал хоёрдугаар сард хэрэглээний үнийн индекс өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 0.7 хувиар нэмэгдэн байна.

“Reuters” агентлагийн санал асуулга авсан эдийн засагчид CPI Цагаан сараар 0.3 хувиар нэмэгдэж байна гэж таамаглаж байсан юм. Энэ нь 2023 оны наймдугаар сараас хойш анхны удаа хэрэглээний үнийн индекс өссөн тохиолдол.

Цагаан сараас өмнө буюу нэгдүгээр сард БНХАУ-д CPI сүүлийн 15 жилд байгаагүй хэмжээгээр (0.8 хувь) унасан. Шинжээчид хоёрдугаар сард тус индекс өссөн явдлыг дефляцын асуудал намжиж эхэлсэн гэж харахад эрт байна хэмээн үзэж байгаа юм.

“Pinpoint Asset Management” фирмийн ерөнхийлөгч, ахлах эдийн засагч “БНХАУ-д дефляцын асуудал дууссан гэж дүгнэхэд эрт. Дотоодын эрэлт нэлээд сул хэвээр л байна” гэжээ.

Харин “Nomura” фирмийн шинжээчид “Бид хэрэглээний үнийн индекс гуравдугаар сард 0.4 хувиар буурна гэж таамаглаж байна” хэмээсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button