Энтертайнмент

Венецийн биеннальд оролцох уран бүтээлчээр А.Очирболд сонгогдлоо

Ирэх сарын 20-нд “Харийнхан хаа сайгүй” сэдвийн хүрээнд нээлтээ хийх 60 дахь удаагийн Венецийн биеннальд Монгол Улсын павильон  “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” сэдвээр оролцохоор боллоо.

Монголын павильоны үзэсгэлэн уран барималч А.Очирболдын өрөг, орон зайн барималууд байх бол үзэсгэлэнгийн комиссараар Монгол Улсын Соёлын Сайд Ч.Номин, куратороор ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч CTA О.Оюунтуяа, ко-куратороор ХБНГУ-ын Күнстхалле Дюссельдорф музейн захирал Др. Грегор Янзэн нар хамтран ажиллах юм.

Венецийн Арсенал болон Жиардинид байрлах үндсэн үзэсгэлэнд олон улсын 330 уран бүтээлчийг урин оролцуулж байгаа бол 88 улс бие даасан павильоноо үзэгчдийн хүртээл болгоно.

Монголын павильоны уран бүтээлч А.Очирболдын хувьд Буддын шашны догшин сахиус Ситипати буюу төвөдөөр Дүртэддагва шүтээний дүрслэлээс санаа авч хийсэн бөгөөд гурван нүдтэй гавлын яс нь амьдралын мөнх бусыг сануулж, сүнслэг ертөнцийн тухай ойлголт, түүний шилжилт, дээд ухамсар, гэгээрлийн эрэлхийллийг бэлгэддэг ажээ. Очирболдын уран бүтээлийн концепт нь нийгмийн болон хүмүүсийн хөгжил, харилцааны өөрчлөлт, түүнчлэн хүн төрөлхтний ухамсрын даяарчлалын бодит дүр төрхийг ажигласан судалгаан дээр тулгуурлажээ.

Монголын павильоны хэвлэлийн бага хурал, албан ёсны нээлтийн ажиллагаа дөрөвдүгээр сарын 18-нд 16:00 цагт эхлэх юм. Мөн дараах цахим хуудас http://www.2024mongolian-pavilion.org/ болон https://www.facebook.com/2024MongolianPavilion/ хаягаар мэдээллийг хүлээн авах боломжтой.

УРАН БҮТЭЭЛЧИЙН ТУХАЙ

Уран бүтээлч А.ОЧИРБОЛД нь 2014 оноос хойш “Ухамсар” концепт бүтээлээ дээрээ ажиллаж байгаа бөгөөд даяаршилтай холбогдолтой нийгмийн олон талт сэдвүүдийг хөнддөг. Монгол хүний соёлын онцлогийг бүтээлийн суурь санаа, концептодоо маш сайн тусгаж, гаргалгаагаа олон талын судалгааны үндэслэлтэй, олон улсын хэлээр шийдэж чаддаг уран бүтээлч юм. Түүний бүтээлүүд нь Герман, Солонгос, Хятад, Орос, АНУ болон Монголын олон үзэсгэлэнд амжилттай оролцсон.  

КУРАТОРЫН БАГИЙН ТУХАЙ

ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч, куратор О.ОЮУНТУЯА нь хоёр орны урлаг, соёл, түүх, боловсрол, шинжлэх ухаан, спорт болон нийгмийн салбарын хамтын ажиллагаа, мэргэжлийн солилцоог тууштай дэмжин ажиллаж байна. Түүний карьер 2009 оноос Берлин хотын Чөлөөт Их Сургуулийн (Freie Universität) Соёл, урлаг хэвлэл мэдээллийн менежментийн хүрээлэнгийн дэргэдэх “KUMA - Соёлын менежмент Хятадад” мэргэшүүлэлтийн төвийн ерөнхий зохицуулагчаар ажиллаж ХБНГУ, БНХАУ-ын хооронд томоохон төслүүдийг удирдан хэрэгжүүлэн эхэлсэн.

Тэрээр 2015 оноос хойш НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн, СУХМХТМЗ НҮТББ-тай хамтран Монголын дөрвөн удаагийн павильоны куратороор ажиллаж хамтран зохион байгуулж, Монголын 120 уран бүтээлчийн 350 гаруй уран бүтээлийг олон улсад амжилттай толилуулсан туршлагатай. Зочин ко-куратор Грегор Янзэн нь 2010 оны нэгдүгээр сараас хойш Күнстхаллэ Дюсселдорф музейн захирлаар ажиллаж байна. Энэхүү музей нь европт орчин үеийн урлагийг хөгжүүлэх зорилгоор 1881 онд үүсгэн байгуулагдсан түүхтэй. Тэрээр дэлхийн хэмжээнд олон үзэсгэлэн зохион байгуулсан туршлагатай бөгөөд сүүлийн үед Бразил, Герман, БНХАУ, Өмнөд Солонгост үзэсгэлэн байгуулжээ. Түүнээс гадна орчин үеийн урлагийн тухай лекц, эсээ, уран бүтээлчдийн монографи, ярилцлага, үзэсгэлэнгийн каталог, урлаг судлалын олон ном, нийтлэл, шүүмж хэвлүүлжээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button