УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | Ж.Батсуурь гишүүнээс тавьсан “Эрчим хүчний шинэ эх үүсвэр"-ийн талаарх асуулгын хариуг сонсож эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.03.22/ хуралдааныг нэг дороос хүргэж байна.


-ҮДЭЭС ХОЙШИХ ХУРАЛДААН-

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 14.30 цагт эхэллээ. Хуралдаанаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсууриас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Үүнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариулж байна.


-ҮДЭЭС ӨМНӨХ ХУРАЛДААН-

НЭМЭЛТ: 13.15 цаг

-ҮХЦ-ийн тухай хуулиар АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа-

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, "ҮХЦ-тэй холбоотой асар олон өөрчлөлтүүд хийх нь ээ. Цэцэ өөрөө Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд өөрийнхөө эрх ямбыг хамгаалаад үлдчих вий. Өнөөдөр эрх барьж байгаа МАН ард түмний 40 хувийн саналыг авсан. УИХ дээр 80 гаруй хувийн мандаттай байгаа. Энэ УИХ-д тогтолцооны том өөрчлөлт хийх эрх байна уу гэдгийг тухайд үед ярилцсан. Өнгөрсөн даваа гарагт АН-ын бүлгийн хурал дээр ярилцаад зарчмын хувьд энэ удаад энэ хуулийн төслийг дэмжихгүй байх шийдвэр гаргасан. Шинээр бүрэлдэж, ард түмний санал гээгддэггүй тогтолцоогоор гарч ирэх 126 гишүүнтэй парламент нь суурь өөрчлөлттэй асуудлаа шийдэг ээ гэх байр суурин дээр нэгдсэн. Тиймээс АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага өгөөч ээ гэж хүсэж байна" гэлээ.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Одоо УИХ-ын гурван гишүүн үг хэлж, асуулт асуусны дараа завсарлага өгье" гэв.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: "О.Цогтгэрэл гишүүн ээ. Энэ бол гурван парламент дамжиж байгаа асуудал. Яг хэлэлцэх болохоор "Дараагийн парламентаар" гэдэг. Ингэж хойшлуулсаар 32 жил ҮХЦ-ийн хууль шинэчлэгдээгүй. УДШ зөвшөөрөөд ҮХЦ-ийн нийт гишүүдийнх олонх нь "Болно" гэж хэлж байгаа ийм түүхэн орон зай гарч байгаа үед та нар завсарлага авлаа. Хууль тогтоогч хүний хувьд үнэхээр харамсаж байна. 2000 оноос хойш л цэц хүний эрхийг хамгаалдаг болоосой гэж мөрөөдөж ирсэн.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: "Завсарлага хүсчихсэн тул УИХ-ын дэд дарга шийдэж өгөх байх. Ирэх даваа гарагийн манай бүлгийн хурал дээр Ц.Мөнх-Оргил гишүүн ажлын хэсэгтэй ирж оролцоод энэ хуулийн тал дээр мэдээлэл өгөөрэй. Цаашид олонхын саналаар дэмжих эсэхээ шийдвэрлэнэ" гэлээ.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Олон жил яригдаж байгаа хуулийн төслийг дэмжиж байна. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг завсарлага авсанд гайхаж байна. АН-ынхан хүний эрх ярьж улстөр хийдэг нам. Ам ажлын зөрүү нэлээн байгаа Юм биш биз дээ.

Хоёрт, Даргыг нь хэзээ томилох тухай нарийн заалт орж байгаа юу.

Гуравт, манай хуулийнханд нэг асуудал байна. Тэтгэврийг нь 60 хувиар бодно, эрүүл мэндийн, амь насны даатгалын шимтгэлийг нь төр хариуцна. Одоо ажиллаж байгаа болоод өмнө нь ажиллаж байсан хүн болгонд 36 сарын тэтгэмж өгнө гэх юм. Цэцийн гишүүний эрүүл мэнд, амь насны даатгалыг яахаараа төр хариуцах ёстой юм. Ингээд давуу байдал олгоод байж болохгүй" гэлээ.


НЭМЭЛТ: 10.50 цаг

-"ҮХЦ-ийн гишүүн бүх төрлийн хууль зөрчвөл эгүүлэн татна"-

Үргэлжлүүлэн ·Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 2 гишүүн 2024.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ.

Танилцуулгадаа Ц.Мөнх-Оргил гишүүн "ҮХЦ-ийн тухай хуулийг анх 23 зүйлтэй баталж байсан ч, 12 удаа нэмэлт өөрчлөлт оруулж өнөөдрийн байдлаар 13 зүйл нь анх батлагдсан хэлбэрээрээ мөрдөгдөж байна. ҮХЦ-ийн гишүүнд тавигдах болзол, шаардлагыг тодорхой болголоо. Нэгт, ҮХЦ-ийн гишүүн нь шүүгчээр ажиллах наад захын шаардлага хангасан байх ёстой гэж үзлээ. ҮХЦ-ийн гишүүн эрхзүйч байх, хууль зүйн дээд боловсролтой байх нь зохистой. Сүүлийн дөрвөн жил улстөрийн намын удирдах албан тушаал эрхлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэсэн шаардлагыг нэмж тусгалаа. Хоёрт, ҮХЦ-ийн гишүүнийг зөвхөн нэг удаа дахин томилж болох өөрчлөлтийг тусгалаа. Гуравт, Бүрэн эрхийн хугацаа дуусчхаад байхад дараагийн гишүүнийг нэр дэвшүүлэхгүй удах, нэг хоёр жил болох гэх мэт эрхзүйн хийдлийг өнгөрсөн хугацаанд бий болгосон. Иймд, цэцийн гишүүнийг томилох хугацааг нарийвчилж тусгалаа. Дөрөвт, нэр дэвших, томилох журмыг тодорхой тусгалаа. Тавд, ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигчийн мэдээллийг олон нийтэд нээлттэй танилцуулна" гэлээ.

ҮХЦ-ийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Хуулийн төсөл дээр “Хууль зүйн дээд боловсролтой, хууль зүй, улстөрийн өндөр мэргэшилтэй иргэн” байна гэж оруулж ирсэн. Цэцийн гишүүний сахилгын болон ёс зүйн алдаан дээр хариуцлага тооцох зохицуулалтын талаар асуув. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг бүхий л төрлийн хууль зөрчсөн тохиолдолд эгүүлэн татах бололцоо бүрдсэн. Түүнчлэн одоо мөрдөгдөж байгаа хуульд Үндсэн хуулийн Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах асуудлыг нарийн зааж өгөөгүй. Тиймээс энэ асуудлыг нарийвчлан зааж өгсөн. Үндсэн хуульд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн хууль зүй, улстөрийн өндөр мэргэшилтэй гэдгийг “Хууль зүйн дээд боловсролтой, хууль зүй, улстөрийн өндөр мэргэшилтэй иргэн” байна буюу боловсролтой гэсэн л үг нэмсэн. Тиймээс Үндсэн хуулиас давсан заалт гэж үзэхгүй байна" гэлээ.


НЭМЭЛТ: 10.20 цаг

-Ц.Даваасүрэн: Даргаас айсан, арчаагүй, "Морь унасан толгойгүй хүн" ҮХЦ-д их бий-

Үргэлжлүүлэн ҮХЦ-ийн гишүүн Г.Баясгалан "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлт"-ийг уншиж танилцууллаа.

ҮХЦ "Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 29.29.3.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргаан"-ыг хянан шийдвэрлэн дүгнэлт гаргаж, 2024 оны нэгдүгээр сарын 17-нд УИХ-д ирүүлжээ.

ҮХЦ-ийн дүгнэлтийн талаарх ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир уншиж танилцуулав. ХЗБХ-ны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх ҮХЦ-ийн гишүүдийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн байна.

ҮХЦ-ийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийн талаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нар асуулт асууж, үг хэлэх кнопоор нэрээ бүртгүүлэв.

БХБ-ын сайд Ц.Даваасүрэн: "ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Сонгуулийн өмнө тоглоомын дүрмээ өөрчлөх нь зохисгүй. Цэцийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөнд найдвар тавьж байгаа шүү. Та хэд төрийг яаж ч самарч мэдэх аюултай эрх, мэдэлтэй улс. Өнгөрсөн хугацаанд харагдсан. Ямар ч зарчмын байр суурьгүй, “Морь унасан толгойгүй” дарга юу гээд хэлэх нь үү гээд түүнийг нь дагаад айчихсан, арчаагүй хүн танай Цэцэд их бий шүү. Гай нь энэ удаагийн сонгуулиар гарах байх. Ард түмнээр шүүлгээгүй 48 хүн дараагийн их хуралд орж ирнэ. Үндсэн хуулийн хуучин бүрэлдэхүүн бол ард түмнээр шүүлгэхгүй балай юм хийсэн. Сонгуулийн үр дүнгээр хамтарсан Засгийн газар байгуулагдана. Ванга шиг хэлчихье. Хэн ч хариуцлага хүлээдэггүй, бие биенээ чирч унагасан төр бий болно" хэмээлээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нэрээ бүртгүүлсэн ч, үг хэлсэнгүй.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрлөө. 


ЭХЛЭЛ: 10.00 цаг

-Гурилын үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлаар МАН завсарлага авав-

Өнөөдрийн хуралдаан 10.00 цагт эхэлж, Засгийн газраас оруулж ирсэн гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв. Өчигдрийн хуралдаанаар тус хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд асуут асууж үг хэлж дууссан.

Өнөөдөр Байнгын хорооны дүгнэлтээр санал хураалт явуулахын өмнөх нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн горимын санал гаргалаа.

Тэрбээр, "МАН-ын бүлэг гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх үүднээс тус хуулийн төсөлд ажлын тав хоногийн завсарлага авах санал гаргаж байна, Шийдвэрлэж өгөхийг хүсэж байна" гэсэн хүсэлт гаргалаа.

Хуралдааныг удирдаж буй УИХ-ын дэд дарга С.Одонтуяа МАН-ын хүсэлтийг хүлээн авч, ажлын дөрөв хоногийн завсарлага өглөө. 


Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлууд хэлэлцэхээр товложээ.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсууриас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Эрчим хүчний шинэ эх үүсвэрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлт

·Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 2 гишүүн 2024.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 2 гишүүн 2024.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button